Нийслэлийн төрийн захиргааны байгууллагаас 2017 оныг хууль эрх зүйн шинэчлэл, иргэдийн оролцооны жил хэмээн зарласан. Үүнтэй уялдуулж нийслэлийн Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийг явуулах аж. Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг. Түүнчлэн 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрэгтэйчүүд мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх хуулийн заалттай байдаг.
Энэ жилийн бүтгэлийн ажил нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
Нийслэлийн Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын Үндсэн хуульд тусгаар тогтносон улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэж заасан байдаг. Энэ бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой чухал бүртгэл гэж үзэх хэрэгтэй. 18-50 насны бүхий л эрчүүдийг цэргийн алба хааж үүргээ биелүүлэх боломжийг хангаж өгөх, бэлтгэл ажлаа хангахын тулд энэхүү бүртгэл явагдаж байгаа. Өнгөрсөн онд иргэдийн зүгээс санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Бүртгүүлээгүй үлдсэн хүмүүсийг торгуульгүй үлдээх чиглэл өгөөд байна. Цаашид санаатайгаар бүртгүүлээгүй үлдсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана” хэмээлээ.
Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар цэргийн тоо бүртгэлийн ажлын бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг энэ үеэр хэлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.