Categories
гадаад мэдээ

Цэргийн шинжээчид дайны явцыг тайлбарлав DNN.mn

Израилийн цэргийн шинжээч Йигал Левин “DW News Show” нэвтрүүлэгт оролцон Украины дайны нөхцөл байдлын талаар тайлбар хийж, ОХУ, Украины армийн байлдааны талбар дахь давуу болон сул талын талаар ярилцлага өгсөн байна.

Йигал Левин “Оросын “Луугийн шүд” гэх бетонон пирамидууд нь үнэндээ асуудал биш байсан. Учир нь дайны түүхэнд байгаагүй олон тоогоор их талбайг минажүүлсэн бэхлэлтийн нүүрэн шугам буюу дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Оросын хамгаалалтын эхний шугам” гэж нэрлэж байсан хэсгийг украинчууд хэрхэн давах бол гэдэгт гол асуудал байсан. Энэ шугамыг даван туулж, Украины зэвсэгт хүчин одоо Токмак руу хөдөлж байна. Тэд Оросын хамгаалалтын гол шугамын ард гарч тулалдаан өрнүүлж байна. Хамгийн гол нь агаарт ноёрхож чадаагүй, бас цөөн тооны цэрэг зэвсэгтэй байгаа нөхцөлд урьд өмнө хэн ч хийж байгаагүй довтолгоог украинчууд амжилттай хийж байна. Тийм ээ, украинчууд дайнд шинэ стандарт тогтоож байна. Украин тулгарсан асуудлуудыг газар дээр нь дор бүр нь цаг алдалгүй шийдэж, тулалдааны талбарт урагшилсаар байна. “Суровикины шугам” гэх Оросын бэхлэлтийн гол шугамыг давсан Украины армийн хүч суларч ухрах шинжийг би харахгүй байна. Гэхдээ Оросын бүх бэхлэлтийг давна гэдэг ямар ч арми байсан тийм ч хурдан хийчих ажил биш.

Оросын арми ч бас суралцаж, сурч байна. Тийм ээ, Украин улс энэ байлдаанд дроныг анх ашиглаж байсан бол Орос үүнийг маш хурдан хуулбарлаж, одоо бас ашиглаж байна. Гэхдээ байг илрүүлэхээс эхлээд устгах хүртэл энэ нь бүхэл бүтэн “гинжин урвал” шаарддаг ажил бөгөөд оросууд үүнд Украиныхаас илүү урт хугацаа зарцуулж байна. Дахин хэлэхэд, Украин улс их буу пуужингийн батерейны эсрэг дайнд өөрөөр хэлбэл дайсны зэвсгийг устгахдаа илүү сайн байгааг бид харж байна. Үүнийг эдгээр зэвсгийг устгасан бодит статистик мэдээллээс та бид харж болно. Оросын устагдсан 5-6 их буу тутамд нэг украин их буу оногдож байна. Энэ өгөгдөл Украин илүү хурдан илрүүлж, илүү хурдан цохиж байгааг харуулж байна.

Сонгодог утгаар дайн бол байнга эмх замбараагүй байдал бий болгодог зүйл бөгөөд командын үүрэг бол энэхүү эмх замбараагүй байдлыг цэгцлэн нэг чигт чиглүүлэн амжилт гаргах явдал. Дрон, робот гэх мэт олон улсын конвенцид байдаггүй шинэ зүйлс энэ замбараагүй байдлыг улам замбараагүй болгож байна. Харин энэ бүх замбараагүй байдлыг замбараатай болгох тал дээр Оросын удирдлага үнэхээр тааруухан байгаа бөгөөд харин Украины удирдлага дайны энэ эмх замбараагүй байдалд илүү үр дүнтэй ажиллаж чадаж байна гэдгийг онцлох ёстой” гэж ярьжээ.

Америкийн Дайны судлалын хүрээлэн(ISW)-гийн шинжээчид Украины арми энэ жил дахин 30-45 хоног цаг агаарын таатай нөхцөлд довтлох боломжтой байгаа бөгөөд үүний дараа Украины зэвсэгт хүчний давшилт “Намрын борооны улмаас тасарч магадгүй” гэсэн байна. Тэгвэл Мюнхен дэх Бундесверийн их сургуулийн олон улсын улс төрийн профессор, Германы цэргийн шинжээч Карло Масала “DW”-д энэ явдлыг илүү тодруулан тайлбарласан ярилцлага өгчээ. Тэрбээр “Украины сөрөг довтолгоон энэ дайнд дүн шинжилгээ хийж байгаа хэний ч гайхаш төрүүлэхгүй тийм асуудалтай тулгарсан. Орост хүчирхэг хамгаалалтын шугам барих хангалттай хугацаа байсан тул Украины Зэвсэгт хүчин хурдан амжилт гаргахгүй, довтолгоон удаан бас хэт их “өвдөлт”-тэй, илүү цус урсгах нь эхнээсээ тодорхой байсан. Иймээс Украины арми сөрөг довтолгоонд бахдам амжилт гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бодит үнэнд нийцнэ. Учир нь Украины Зэвсэгт хүчин хамгаалалтын хоёрдугаар шугамыг нэвтлэн, довтолгооныхоо үйл ажиллагааны талбарыг улам өргөжүүлж байна. Оросын хамгаалалтын гурав дахь шугам, хүчирхэг бэхлэлтүүд Токмакийн эргэн тойронд баригдсан боловч Токмакаас цааш ийм бэхлэлт байхгүй байгаа юм. Иймд ирэх долоо хоног, саруудад Украины сөрөг довтолгоон илүү амжилттай болох магадлал өндөр. Үүнийг амар зүйл гэж үзэх ёсгүй, гэхдээ энэ нь боломжтой зүйл юм.

Мэдээж Украины зэвсэгт хүчин энэ жил Азовын тэнгисийн эрэгт хүрч чадахгүй гэдэгт би итгэлтэй байна. Иймээс дайн цааш үргэлжлэх нь ойлгомжтой. Украины дараагийн довтолгоо ирэх оны хавар болох бөгөөд энэ үед Украин аль хэдийнэ “F-16” сөнөөгчтэй болчих бөгөөд энэ нь агаарт ноёрхох том давуу тал болно, учир нь одоо Украины хамгийн сул тал бол Оросын агаарын давуу тал буюу фронтод байрлах механикжсан бригадууд нь агаарын хамгаалалтгүй байгаа явдал. Иймээс ирэх жил дайн үргэлжилж, Украины зэвсэгт хүчний давшилтын амжилтыг бид дахин харах болно.

Баруунд “Украины ядаргаа” гэх ойлголт бий болсон. Миний бодлоор энэ нь хоёр хүчин зүйлээс үүдэлтэй. Нэгдүгээрт, Барууны нийгэм Киевийг бүслэлтэд байх үед Украины дайныг илүү сонирхож байсан. Учир нь оросууд Украины нийслэлийг эзэлсэн бол НАТО-гийн хилд шууд тулах байсан бөгөөд оросууд цаашид юу хийх бол гэсэн асуудал нийтийг хамарч байв. Одоо олон хүний хувьд энэ нь зүүн зүгт болж буй дайн болж хувираад байна. Өөрөөр хэлбэл ойрын ирээдүйд орос цэргүүд Балтийн орнууд эсвэл Польшийн хилийг давах эрсдэл бага болчихсон. Хоёрдугаарт, Баруун Европ сүүлийн 70 жилийн хугацаанд томоохон дайн хийгээгүй учир хурдан амжилтад хүрнэ гэж хүлээж байсан. Энэ бол ардчилсан нийгмийн өөрийн онцлог юм. Учир нь улстөрчид ялалт ойртож байна гэж ярих юм бол ардчилсан нийгэм тэр аяараа Украинд томоохон тусламж үзүүлэхийг дэмжинэ. Гэтэл одоо хурдан амжилт гарахгүй, дайн үргэлжилсээр байгаа тул хүмүүс одоо энэ дайн үргэлжлэх ёстой юу гэж бодож эхлэв. Уг нь барууны орнуудын Засгийн газрууд Украинд болж буй үйл явдлын ач холбогдлыг өөрсдийн аюулгүй байдалтай холбон илүү өргөн хүрээнд байнга тайлбарлаж байх ёстой байсан. Гэтэл Украины Зэвсэгт хүчин тодорхой нэг тосгоны нэг км газар нутгийг хэрхэн эргүүлэн авсан, ямар зэвсгийн систем ашигладаг, довтолгоон хэр үр дүнтэй байгаа зэрэг дэл сул асуудалтай зууралдаж байна. Өөрөөр хэлбэл тэд дэлхийн улс төрийн зорилгоо тайлбарлах чадвар дутагдаж байна. Барууны Засгийн газрууд уг нь “Европ яагаад Украиныг дайнд ялахад нь дэмжлэг үзүүлэх сонирхолтой байна вэ гэвэл Орос Украиныг ялчихвал Европын аюулгүй байдал хэдэн арван жилээр дордох болно гэдгийг хүмүүст ойлгуулах ёстой юм. Баруун Европын орнуудын ихэнх улстөрчид Украиныг дэмжих тухай өдөр тутмын хэлэлцүүлгийг ийм дүр зурагтай огт холбодоггүй. Украинд дорвитой дэмжлэг үзүүлэх нь яагаад улс төрийн ач холбогдолтой байдгийг тайлбарлахгүй байж олон нийтийг дайнд ядарч байна гэж буруутгах аргагүй гэдгийг би тэдэнд онцлон анхааруулах байна. Харин барууны олон шинжээч Украиныг НАТО-д элсүүлэх нь ирээдүйд аюулгүй байдлын цорын ганц баталгаа болно гэж үздэгтэй би бүрэн санал нийлж байна. Би Украины аюулгүй байдлын баталгааны асуудал дээр маш их ажилласан. Гэхдээ тэр үед Украины НАТО-д элсэх асуудал байгаагүй юм. Харин одоо бол би ч, миний хамтран ажиллагсад ч, Украинчууд ч хүлээн зөвшөөрч байгаа, Оросын хүслийг таслан зогсоох өөр ийм сайн шийдлийг олж харахгүй байна. НАТО-д гишүүнээр элсэх нь Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх цорын ганц арга зам бөгөөд Украины ард түмэн, эрх баригчдын итгэл үнэмшилтэй ч бүрэн нийцэх бөгөөд энэ нь Москвагийн нөлөөнд хангалттай саад учруулах хүчин зүйл болно. Украин НАТО-д байх ёстой гэдэгтэй би бүрэн санал нийлж байна. Гэхдээ Украин хэзээ НАТО-гийн гишүүн болохыг би хэлж чадахгүй. Миний бодлоор гол нь энэ дайн дуусч, талуудын хооронд байлдааны гал зогсоход Украин шууд НАТО-гийн гишүүн болно гэж үзэж байна” гэж хэлсэн байна.

 

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *