ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласан. Кремлийн тэргүүний уг мэдэгдлийн дараа цэргийн насны орос залуус олноороо визгүй зорчдог хөрш орнууд руу дайжиж эхэлсэн.
Тухайлбал, Орос-Гүржийн хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр их хэмжээний дараалал үүсэж, хүмүүс 4-5 хоног оочерлох хэмжээнд хүрч байв.
Тэгвэл Путин цэргийн дайчилгаа зарласнаас хойш хоёр долоо хоногийн хугацаанд 700 мянган хүн ОХУ-ыг орхин гарсан талаар “Forbes” мэдээллээ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 600-700 мянган иргэн эх орноосоо дайжсан байна.
Казахстаны Дотоод хэргийн сайд Ахметжанов Марат Муратовичийн мэдээлснээр есдүгээр сарын 21-нээс хойш ОХУ-ын 200 мянган иргэн тус улс руу нэвтэрч, 147 мянган хүн гарчээ. Харин Гүржийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр өдөрт дунджаар 10 мянга, долоо хоногт 53 мянга гаруй ОХУ-ын иргэн тус улсын хилээр орж ирж байгаа нь есдүгээр сарын 21-нээс өмнөх үетэй харьцуулахад 40-45 хувиар өсчээ. Европын холбооны Хил, эргийн хамгаалалтын агентлагийн статистикт мэдээлснээр долоо хоногт 66 мянга гаруй ОХУ-ын иргэн ЕХ-ны орнууд руу зорчсон нь өмнөх үеэс 30 хувиар өссөн үзүүлэлт аж. ЕХ-ны орнуудад зорчсон ОХУ-ын иргэдийн дийлэнх нь визгүй зорчдог Финланд болон Эстони руу нэвтэрсэн байна.
Харин Финландад суугаа ОХУ-ын Элчин сайд Павел Кузнецов есдүгээр сарын 21-нээс хойш 60 мянган орос иргэн Финландад нэвтэрсний 80 хувь нь цааш Европын бусад орнууд руу дамжин өнгөрсөн. ОХУ-ын 100 орчим иргэн сүүлийн долоо хоногт Финландын цаагаачлалын албанаас орогнол хүссэн гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Forbes, Gazeta.ru