Цэргийн бүртгэл 2022 оны нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явагдана. Харин өнөөдрийн байдлаар 60,568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэсэн байна. Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу “e-Mongolia” системээр хийлгэх боломжтой юм.
Интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэх шаардлагатайгаас гадна Төв шуудангийн 1 давхарт байрладаг “e-Mongolia” төвд биеэр ирж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой байна.
“e-Mongolia” системээр бүтгүүлэхэд баримт бичиг шаардахгүй ба Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтнүүд жилд нэг удаа цэргийн бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
– Дээд офицер /Генерал/-65 насны
– Ахлах офицер -60 насны
– Дунд офицер, ахлагч -55 нас
– Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.