Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын эрх бүхий албан тушаалтнаас шинээр батлагдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн байдлыг 2018 оны эхний хагас жилийн байдлаар шалгажээ.
Ингэхдээ тавдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан цэрэг татлагын арга хэмжээнд хамрагдаагүй буюу зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй есөн этгээдэд холбогдох шалгалтыг явуулсан байна.
Улмаар “Цэргийн албаны тухай хууль зөрчих” зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд зааснаар 150 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нийт нэг сая 350 мянган төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулав. “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргээ умартаж “Цэргийн албаны тухай хууль зөрчих” зөрчил гаргасан дээрх иргэд нь 22-оос 23 насны хүмүүс байсан аж.
Тэдгээр иргэд цэрэг татлагын байранд ирээгүй шалтгаанаа “өөр орон нутагт байсан, ажлаар явсан, тогтоосон хугацаанд ирж амжаагүй гэх зэргээр тайлбарласныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэнээр прокурор хянаж, хэвээр үлдээсэн байна.