Улсын дуурь, бүжгийн эрдмийн тайзнаа өнөөдөр 17.00 цагаас Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг тоглох гэж байна.
Энэхүү балетын гол дүр болох дэггүй, дүрсгүй, дурласан бүсгүй Сванильдад балетын залуу жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан О.Анужин гоцлон бүжиглэнэ. Францын хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь 3 бүлэг, 3 үзэгдэлтэй. УДБЭТ”-ын тайзнаа тавьсны 50 жилийн ой 2016 онд тохиосон. “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг 1966 оны 5 дугаар сарын 25-нд анх УДБЭТ-ын тайзнаа тоглож, 1976 онд сэргээн тавьж байжээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл театрын жил бүрийн хуваарьт ордог, үзэгчдийн шимтэн үздэг сонгодог бүтээлийн нэг болсон “Цэнхэр нүдэн бүсгүй”-ээр бүжигчин О.Анужин өнөө орой үзэгчдээ уяраах нь ээ.