Categories
мэдээ цаг-үе

Цэн тогоруу сүрэглэсэн ногоон талаар давхисаар Цэцэн Сартуулын нутагтаа амгалан мориллоо

Зүрх сэтгэлд зүү оромгүй далд нэгэн нандин мэдрэмж, зөн совингийн үзүүрт энгэр цээж бялуурам бялхуулсан гоё зүүднийхээ хөшгийг нээхдээ залбирч боссон би үүр шөнийн заагаар аян замд гарав. Зүсэрсэн зөөлөн бороотой Улаанбаатар хотыг унтаагаар нь орхиж, хөөрч амжаагүй манан будан хүүшилсэн уулын энгэр бэлээр Ялгуусан хутагтыг даган хурдална. Архангай аймгийн Төгс Баясгалант Буян дэлгэрүүлэх хийдэд морилж, аяны жолоог цааш сунгах тул ийнхүү цувааг ширүүхэн хөтөлжээ. Цэн тогоруу сүргээрээ буусан ногоон талыг зүсэн баруун зүгийг зорьж явахад энгэр цээж уярлаар дүүрч явлаа. Магадгүй би бичгийн хүний билэг ерөөлөөр харсан байж болох юм. Сүрэг тогоруу бүгд баруун зүг харж толгойгоо мэхийлгэсэн байв. Хамт явсан дөрөвтөө “Цэн тогоруу сүрэглэжээ” гэж хэлсэн. Тэд дуу алдан баяссан ч нов ногоон тал дунд төв замаас 100 метр хүрэх үгүйтэй газар буун, толгойгоо баруун тийш мэхийлгэж, цөмцийн зогсоо хөх цэнхэр шувуудыг тогтоож харсан эсэхийг мэдэхгүй юм.

Бороо зүсэрсээр л… Цуваа ширүүхэн довтолсоор бага үдийн алдад Архангай аймгийн төв, Төгс Баясгалант Буян дэлгэрүүлэх хийдэд Ялгуусан хутагт бусад лам хуваргуудын хамт морилж, бурхан шүтээнд аврал одуулж явтал Бакула ренбүчигийн хойд дүрээр тодорч Монголд морилоод байсан хувилгаан лам залрав. Хутагт лам нар золгож, бид цааш хөдөлсөн юм. Булган уулыг энгэрээр нь нар зөв ороож баруун хойд даваагаар нь давах тул манайхан түрүүлж очин зураг дүрс авахаар болов. Цувааны машин ягуу зугуухан наашилж бид камер нисгэлээ. Ийнхүү хутагтын их цуваа даваа даван холдож, бид эргэж эзэндээ ирэхгүй алга болсон нисдэг камераа эрэн хадтай, модтой уулыг бүтэн хоёр цаг самнаж, арайхийн хэдэн хэсэг болсон камераа хагас дутуу олж аваад цааш хөдөлсөн юм. Эзэндээ эргэж ирээгүй хөөрхий камер маань уулын догшин салхины урсгалд цохигдон модны ёроолд тарж бутран унасан байлаа.

Бидний энэ цуваа бол Завхан аймгийн Идэр сумыг зорьж яваа эргэл мөргөлийн цуваа юм. Учир юу вэ хэмээвээс Ялгуусан хутагтын 17 дугаар дүрээр тодроод байгаа Данзинванчүг гэгээнтэнд урд дүрийнх нь шавь нутгийнхан хүндэтгэл үзүүлж, Бат оршил өргөх ёслол, Даншүг наадам зохион байгуулах тов дөхсөн тул бултаараа Завхан нутгийг чиглэн ширүүхэн шиг давхиж яваа нь энэ. Ялгуусан хутагтын 17 дугаар дүрээр Архангай аймгийн Цахир сумын харьяат, Халзанбүргэдэй уулын энгэрт төрсөн Чимээхүүгийн Бат-Амгалан тодорсныг 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Энэтхэг улсын Дели хотноо Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамц батламжлан соёрхож, Данзинванчүг хэмээх номын нэр хайрласан ажээ. Гэгээнтэнд бат оршил өргөх ёслолд МБШТөв, Гандантэгчэнлин хийд, Улаанбаатар хот дахь Идэр сумын Нутгийн зөвлөл, “Ялгуусан” ХХК, “Шинэ Ази” групп, Ялгуусан хутагтын төрөл тутмын шавь нар, олон олон өглөгийн эзэд, сүсэгтнүүд оролцохоор бараа болон нэгджээ. Мөн Говийн Ноён хутагт Данзанлувсантүдэв дээдэс урилга заллагыг нь болгоож, хутагтын шавдан бат оршихын ерөөлийг базааж, хутагт хувилгаадаа төлөөлөн оролцохоор морилсон байлаа.

Бид явсаар Цахир сумын баруун талд Тарантын зусланд зусч байгаа Г.Чимээхүү гуайн гадаа дөрөө мулталвал Хутагтын аав ээж хоёр хүүгээ угтаж зогслоо. Түрүүлж мэндэлсэн хэн нэгний өөдөөс “Сайн. Сайн явж ирцгээв үү? Олны дундаас хүүгээ л олоод харчих санаатай” хэмээн саравчлан харж, доороо өндөлзөн зогсох аав ээж хоёрыг нь ажвал эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд их үйлийг бүтээж яваа хувилгаан хүүгээ ихэд санасан бололтой. Гэрт орсон даруйд ээж нь нутгийнхны заншил ёсоор цагаан тос хольж, цай сүү, хоол унд болов. Энэ хооронд агаар тэнгэр хэдэнтээ хувирч, бороо зүсэрч, манан бууж, солонго татаж хүмүүний сэтгэлийг баясгав. Бороо орж солонго татах миний багад бол хэвийн л үзэгдэл байлаа. Гэвч солонго давхарлан татаж, нэг бүдгэрч, тэгснээ тодорч, бүр сарнин алга болж, тэгснээ бариад авмаар ойрхон татаж, солонгын олон өнгө хэн хүний дээлийн хормой дээр тусан, нүүр царайг гэрэлтүүлж байлаа. Маргааш өглөө нь нутгийн хийдийн лам хуврагууд Хутагтдаа мандал өргөж, хурал ном даган баяслаа. Хурал гадаалахын алдад Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүрэлцэн ирж, алд шар хадаг барин Ялгуусан хутагттай золгон, Завхан нутаг руу хөтлөв. Цэн тогоруу сүрэглэж угтсан Арын сайхан хангайн зүсэрсэн бороо, хүүшилсэн манан будан дундуур нь хурдлан давхисаар Завхан нутгийн хил давсан юм.

Солонготын даваа уруудан бууж, Тосонцэнгэл суманд үдлэн, дахин цааш аяны жолоо сунгав. Идэр, Тэлмэн хоёрын зааг дээр Идэр сумын засаг дарга Х.Баярмаа, “Ялгуусан” ХХК-ийн захирал Л.Санжаадорж тэргүүтэй нөхөд мөнгөн аягатай сүү барьсаар угтлаа. Хутагт урьд нь хувилгаанаар тодрохоосоо өмнө хэд хэдэн удаа энэ нутгаар ирж, сүсэгтнүүдтэй уулзаж, хангай лусаа аргадан, бурхан номын ажлаа үргэлжлүүлж байжээ. Харин Дээрхийн гэгээнээс өөрийн соёрхол батламжаа гардснаас хойш нутгийн зон олны хүндэтгэл, заллага айлтгалын дагуу анх удаа ёслол төгөлдөр морилж байгаа нь энэ юм байна. Завхан нутаг угаас хутагт хувилгаадын орон хэмээн Монгол түмний дунд алдартай. Өөр нутагт төрсөн байлаа ч дээдийн номын ерөөлт багшаа ийнхүү урин залж, дээдлэн хүндэтгэдэг нь шашин номын ёс мэт боловчиг Завхан нутгийнхан шүтлэг зузаан, эрэмбэ дараагаа мэддэг аргагүй л жудагтай түмэн гэдгээ даруухнаар харуулж байлаа.

Идэр сумын зүүн талд Завхан аймгийн Бурхны Шашинтны тэргүүн Жалханц хутагт Данзанчойживанчүг, лам хуврагуудын хамт хадаг барин угтлаа. Ийнхүү урьдын ерөөлт нутгийнхан нь Ялгуусан Хутагт Данзинванчүг гэгээнтнийг өндөр төртэйгөө, бурхан шашинтайгаа гүн хүндэтгэлтэйгээр тосон авлаа. Бид Сэвжидбалбар уулынхаа зүүн хойно, Идэрийн голынхоо хөвөөнд орон суурин болж тохижсон Ялгуусан хутагтын шавь нутгийнхны хөл хөдөлгөөн дундуур голоо өгсөн явсаар Ногоон нуурын эрэг дээр очиж байгалийн үзэсгэлэнт газар хутагтуудынхаа зураг хөргийг татаж, хорвоогийн нэгэн өдрийн нарыг жаргаалаа. Сайхан нутаг юм аа, хутагт дээдсийн номын авшиг шүншигтэй өлгий гэдэг арай л өөр ажээ.

2017 оны наймдугаар сарын 11-ний өглөөний наран Сэвжидбалбар уулын оройг гийгүүлсээр Идэрийн голын хөвөөнөө дуу шуутайхан нэгэн өдрийг эхлүүлж, Дашпэлжээданжаглин хийдэд Завхан аймгийн Бурхны Шашинтны тэргүүн Жалханц хутагт Данзанчойживанчүг, Говийн Ноён хутагт Данзанлувсантүдэв нар баруун, зүүн талын өндөр ширээнд заларчээ. Завхан нутгийн бүх сүм хийдийн хамба лам, лам хуврагуудын хамт гэгээнтнээ хүндэтгэн морилсон байв. Дашпэлжээданжаглин хийдэд Ялгуусан хутагтын 17 дугаар дүрийн гэгээнтэн Данзинванчүгт мандал өргөж, их ёслолын үйл ажиллагааг номын ёсоор эхлүүллээ. Хийдийн номын үйл өндөрлөснөөр Идэр сумын төв асарт лам хувраг, ноёд түшмэл, шавь сүсэгтэн, эгэл ард хуран чуулжээ. Арц хүж, бүрээ бишгүүр, сэмбрэм болсон олны дундуур алтан очирт малгай тэргүүндээ асаасан Ялгуусан хутагт морилж айсуй. Зургаан бэлгэ бираамидын бэлгэдэл бүхий арслант сэнтийг шавь нар нь тусгайлан захиалж, өндөр тайзан дээр засч, олбог юуг нь зузаалан Дээдийн номын авралт Гэгээнтнээ залав.

Бат Оршил өргөх ёслол нийтдээ есөн цаг үргэлжилсэн юм. Бат оршил өргөх ёслолыг МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн ловон лам Д.Авидынгэрэл, Тамгын газрын Боловсон хүчин, лам С.Даваапүрэв, Дэчингалба дацангийн шаргоо ловон Н.Даваасамбуу тэргүүтэй лам хуврагууд удирдан зохион байгуулж, бүхий л зан үйлийг шашины нарийн дэг жаягийн дагуу үйлдэж, Хутагтын нас буяныг батжуулах тухайтад ёслолыг өргөн дэлгэр эхлүүлсэн юм. Лам хуврагууд мандал өргөж, хутагт дээдсүүд нэг нэгэндээ хүндэтгэл үзүүлэн номын ёсыг барилдуулж, шавь нар дэг жаягийн дагуу өргөл өргөж, нас буяныг батжуулан Таван Хандын ёсолгоо үйлдэж, МУСТА Л.Нарантуяа, Г.Оюунцэцэг, “Монголын Буддист Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны тэргүүн Күнзэ нар Хутагтад зориулан ая дуугаа барив.

Бат оршил өргөх ёслолын өөр нэгэн сонин сайхан зүйл бол Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд анх удаа хөдөө орон нутагт Жамсрангийн цамыг бүрэн бүтнээр нь Идэрийн голын хөвөөнөө дэглэсэн юм. Цам бүтэн дөрвөн цаг 30 минут үргэлжилсэн юм. Шашин номын томоохон үйлийн нэг болох Хүрээ цамын үед хот орон газрын үзэгчид суудлаа орхин оддог нь цөөнгүй байдаг тул бид ч бас нутгийн зон олныг харьж одох байх гэж таамаглаж байв. Гэвч тэгсэнгүй. Тэд суусаар. Үзүүлбэр бүрийг шимтсээр л байсан нь хачин сайхан санагдлаа. Гандан хийдийн лам нарын тайлбар сэлт ч орхиод гарахын аргагүй шимтэй юм. Шашины зан үйлийн нарийн дэг жаягийг МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн Тамгын газрын боловсон хүчин, лам С.Даваапүрэв тайлбарлаж, ловон лам Д.Авидынгэрэл, Дэчингалба дацангийн шаргоо ловон Н.Даваасүрэн нар ёс жаягийн дагуу дэглэсэн юм.

Наймдугаар сарын 12-ны өдөр Хутагтад зориулсан Даншүг наадам албан ёсоор эхэллээ. Улс аймгийн цолтой 256 бөх барилдаж, 6 насны хурдан морь дэнж хотойтол, ус голоо цалгитал, хангай дэлхийг баясган наадсан шиг наадлаа, Идэрийнхэн минь.

Наадамд оролцохоор очсон лам хуврагууд хийгээд зочид төлөөлөгчдийг Идэрийн голын хөвөөн дээр хэсэг хэсгээр отог аймаг болгон буулгаж, унд хоолны ариун тансагаар дайлан цайлсан юм. Гэвч идэж уухаас илүүтэй сэтгэл баясгах олон сайхныг дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Наадамд зодоглосон хүчтэнүүдээс улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба үзүүр булаалдан, Идэр нутгийн унаган хүү улсын гарьд Ш.Жаргалсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий нар шөвгөрлөө. Хурдан морины комисс эмх журмыг базааж, түмэн эх түрүү магнайг тодруулан түрүү морийг тус бүр гурван сая төгрөгөөр байлж, медаль өргөмжлөл, тэргүүтнээр урамшууллаа. Бүхий л тэмцээн уралдаанд түрүүлсэн, тэргүүлсэн тамирчдад Ялгуусан хутагт тусгайлан захиалж бүтээлгэсэн мөнгөн суваргыг соёрхон барьсан юм. Хутагт хутагтаа хүндэтгэнэ гэдэг сайхан юм. Жалханц хутагт Данзанчойживанчүг ахлагчтай “Цэцэн Сартуул” багийнхан шагайн харваанд тэргүүлсэн бол Гүшри хувилгаан Данзанчойжинямын шүдлэн үрээ түрүүлж, хурдан даага нь аман хүзүүдсэн нь бишрэлтэй байлаа.

Ялгуусан хутагтын төрсөн нутаг Архангай аймгийн Цахир сумынхан ч бас хүрэлцэн очсон байв. Гэгээнтний өмнөх дүрүүд Завхан аймгийн Идэр сумын хийдэд шавилан сууж, шавь нутаг захирах эрхтэй тамгатай хутагт байсны 14, 16 дүрийн хувилгаад Архангай аймгийн Цахир сумын нутгаас тодорч байжээ. Архангай аймгийн Цахир сумын ард иргэд гэгээнтнийхээ хонин сүрэгт сүрэг нийлүүлж ирэв. Магад 9 хувилгаан төрүүлсэн Цахир сумынхны хувьд Дээдсээ дээдэлж сурсан их ёсон биз ээ.

Ялгуусан хутагтын 16 дугаар дүрийн хувилгаан Чимэдцэрэн гэгээнтний ач хүү Ж.Жаргалсайхан Данзинванчүг хутагтыг гэртээ урьж, ах дүүсээрээ хүндлэл үзүүлэв. Ж.Жаргалсайханы гэрт 16 дугаар дүрийн хутагт Чимэдцэрэнд Богд Жавзундамбын бэлэг болгон өгсөн шаазан дарь эх, мөн өөрийнх нь сахиус бурхад байдаг юм байна. Гэгээнтний ач хүү Ж.Жаргалсайхан Ялгуусан хутагт Данзинванчүгт түүний урьд дүрийн хэрэглэж байсан алтан пүрэвийг барьсан нь билэгтэй сайхан үйл явдал байлаа.

Даншүг наадам өндөрлөсний дараа Ялгуусан хутагт судлаач Н.Жумдаан гуай Яруу сумын нутаг Бурхан толгой хэмээх газар Хутагтыг морилон очих заллага айлтгав. Тэд Хутагтаа гүнээ хүндэтгэж, ном судар, бурхан тахил, өргөө гэр, уналга гээд бүгдийг номын ёсоор барьсан юм. Өдгөө 80 нас даваад байгаа Н.Жумдаан гуай “Би энэ яваа насандаа ганцхан бурхан бүтээсэн хүн. Бурхан толгойн орой дээр байгаа суваргыг танд барьж байна. Үүнээс хойш та тахиж, нутгийн ард олныг минь ивээлдээ багтааж яваарай” хэмээн хоолой зангируулан нулимстай барьлаа. Бурхан толгойн орой дээр тайлга тахилгын ёс үйлдэж ахуй дор 3 шувуу эргэсээр л байсан юм. Тэд даруй 2 цаг орчим эргэлдсэн байх. Энэ нутаг хошуу бол Ялгуусан хутагтын шавь нутгийн нэгэн хэсэг билээ. Тэрхүү овоон дээр Ялгуусан хутагтын 16 дүрийн гэгээнтэн Чимэдцэрэн дээдэст зориулан бүтээсэн дурсгалын хөшөө ч бас байдаг юм байна. Өдгөөгөөс 14 жилийн өмнө тэрхүү дурсгалын хөшөөг бүтээжээ.

14 дүгээр дүрийн Ялгуусан хутагт Лувсансандүв Архангай аймгийн Цахир сумын нутаг Хутагт уул хэмээх газар, 16 дугаар дүрийн Ялгуусан хутагт Чимэдцэрэн мөн сумын Халзанбүргэдэй уулын энгэрт мэндэлжээ гэж судар бичигт тэмдэглэгджээ. 14 дүгээр Ялгуусан хутагт Лувсансандүвт 1867 онд Ялгуусан хутагтын шавь нарыг бүгдийг захирах “Шанзав засаг ламын тамга” гэж манж, монгол, тангад гурван үсгийн тамгаар шагнагдсан байна. Ингэж Халхын тамгатай 13 хутагтын нэгд Ялгуусан хутагт зүй ёсоор багтдаг болжээ. 16 дугаар дүрийн Ялгуусан хутагт Чимэдцэрэн 1938 онд хилс хэрэгт гүтгэгдэж, 25 насандаа жанч халснаас хойш өдгөө 80 шахам жилийн дараа Ялгуусан хутагтын 17 дугаар дүр мөн л Архангай аймгийн Цахир сумын нутаг Халзанбүргэдэй уулын энгэрээс тодорсон байна. Шавь сүсэгтнүүдийн эргэл мөргөл, цагийн сайныг онож дээдийн номын багш нь тодорч, шавь нутагтаа морилсонд тэд ч мөн туйлын баяртай байлаа.

Бидний аялал Бурхан толгойн энгэрээс эргэж, их хүрээг зорьсноор өндөрлөсөн юм. Цэн тогоруу сүрэглэсэн ногоон тал дундуур давхиж, цэцэн Сартуулын нутагтаа амгалан морилсон, ард олны дунд сүү усыг ялгасан хэмээн домогшсон, Халхын 13 тамгатай хутагтын нэг Ялгуусан хутагтын 17 дугаар дүрийн Данзинванчүг гэгээнтний цаашдын шашин номын үйлд даган баясаж явсан “Монголын Хутагт Хувилгаад” баримтат кино төслийн багийнхан ийнхүү бүтээлийн богцоо арвижууллаа. Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Б.Чулуунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *