Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Сагс тоглосон залуучуудаас мэдүүлэг авч, зөрчлийг шалгаж байна

Шөнийн цагаар байрны гадна талбайд сагс тоглож байсан залуусыг цагдаа баривчилж, Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан гэх мэдээлэл цацагдаад буй.

Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тайлбар мэдээлэл гаргажээ.

Үүнд “Долдугаар сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнийн 1 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр 25, 26, 27 дугаар байрны урд талын “Сагсан бөмбөгийн талбайд хүмүүс гадаа шуугилдаад, сагс тоглоод амраахгүй байна” гэсэн дуудлага өгчээ.

Мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн алба хаагчид очиж шалгахад 20 орчим насны 6 эрэгтэй хүн гадаа талбайд сагс тоглож байв. Иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх иргэдэд шөнийн цагаар гудамж талбайд чанга дуу чимээ гаргаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэдгийг тайлбарлаж тарах шаардлагыг тавихад иргэд шаардлагыг хүлээн авахгүй байсан. Улмаар тэдний дундаас 1999 онд төрсөн иргэн Г гэгч нь “Бид нар яахаараа тардаг юм, бид нар зүгээр тоглож байна” гэх зэргээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тул Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажилласан.

Дээрх иргэдийн гаргасан үйлдлийг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулан, мэдүүлэг авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу материалжуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *