Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийн хэлтсийн дарга болоод дэд дарга нарыг шилжүүлэн өөрчилсөн байна.
Энэхүү өөрчлөлтөөр ЭЦГ-ын бүрэлдэхүүнд байсан Эрэн сурвалжлах хэлтсийг Мөрдөн байцаах газарт шилжүүлсөн бөгөөд үүнийг дагалдаад цагдаагийн 70 гаруй ажилтныг шилжүүлэн томилжээ.
Тухайлбал, МБГ-ын дэд дарга, хурандаа Э.Идэрцогтыг албан тушаалаас нь өөрчилж, ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч болгов. Түүний ажлыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Даваажавт өгчээ.
Мөн цагдаагийн I хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Эрдэнэболдыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилсон бол оронд нь СБД-ийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар томилогдсон байна. Д.Манлайбаатарын ажлыг МБГ-ын дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Х.Доржсүрэн хийх ажээ.