Дорноговь аймагт байх зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өглөө. Тэрээр, “Сайншанд дахь цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг хэргийн дуудлага нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Тус ангид 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн алба хаахаар ирсэн 19 настай А амиа алдсан нь тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх шинжилгээний задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр байлдагч А-ийн биед ямар нэг гаднын нөлөө байхгүй хэмээн гарсан. Нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр эсийн шинжилгээ авсан. Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарна. Үүн дээр ямар шалтгаанаар амиа алдсаныг тогтооно” гэлээ.
Цэргийн алба хаагч үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэх гэрчүүдийн мэдүүлэг байгаа гэдгийг мөн хэлсэн юм. Талийгаач цэргийг зодуулж амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа. Тэгвэл энэ талаар, “Хавтаст хэргийн материалтай хохирогчоор тогтоогдсон хуулийн этгээд хохирогчийн өмгөөлөгч, ар гэрийнхэн танилцана гэсэн заалт бий. Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн зураг болон ямар нэг баримтыг бусдад буюу олон нийтэд задруулахгүй байх гэсэн хуулийн заалт байдаг. Тухайн зурган дээр үүссэн байгаа зүйл нь цогцост үүссэн хүүрийн толбо. Үүнийг иргэд бусдад зодуулсан, зодуулсны улмаас гэмтэл үүссэн хэмээн ярьж байна. Иргэн амиа алдаад биед нь юүлэгдэж үлдсэн цусыг хүүрийн толбо гэж үздэг. Мөн цагдаагийн байгууллага болон шүүх эмнэлгийн байгууллага иргэн амиа алдсан хэргийн газар очоод хүүрийн толбо дээр нь дарж үзээд ямар хугацаанд амиа алдсан цагийг тогтоодог. Иргэд зургаас харсанаа бусдад зодуулсан гэсэн ташаа мэдээллийг тарааж байна гэсэн тайлбарыг өглөө. Мөрдөн шалгах ажилллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.