Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсад энэ сарын 21-ний өдөр эхэлнэ. Зуны эхэн сард хөшгөө нээдэг хөлбөмбөгийн их баяр анх удаагаа өвлийн цагт зохион байгуулагдаж байгаа нь энэ. Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс Катарт зуны цагт 40 градус давж халдаг тул өвлийн улиралд явуулах нь илүү тохиромжтой гэж үзжээ. Тэмцээн зохион байгуулагдах арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд Дубайд 21-30 градус дулаан байх нь.
Хөлбөмбөгийн ДАШТ Ойрхи Дорнодын улсад анх удаа зохион байгуулагдаж байгааюм. Катар улс 3 сая орчим хүн амтай. Үүний олонх нь буюу 65.5 хувь нь исламын шашинтай. Энэ нь ДАШТ-ний үеэр цуглах жуулчдад асуудал болох нь. Зохион байгуулагчдын зүгээс наанадаж л жуулчдын хувцаслалтад стандарт тогтоожээ. Шалдан чээжээрээ дүүрэн шивээстэй галзуу фанатууд хоолойгоо сөөтөл уухайлж багаа дэмжих зураглалыг исламын шашинтай Катарын ДАШТ-ээс харахгүй нь. ДАШТ-ий үеэр гудамж талбайгаар дээгүүрээ нүцгэн явахыг хоригложээ. Фанатуудад хөлбөмбөгийн жерситэй (ханцуйтай фодволк) явахыг л зөвшөөрч байгаа гэнэ. Ердөө арван хоёр жилийн өмнө тохиосон Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ДАШТ-ий нэг чимэг болж байсан богино шортоор гоёж, үсээ сүлжсэн өнгөт арьст бүсгүйчүүд Дубайд урт өмд, жерсигээр гангарч багаа дэмжих нь. 30 градус шүргэсэн халуунд тэдэнд гивлүүр зүүхийг тулгаагүй бололтой. Мөн улс төрийн агууламжтай төрөл бүрийн шивээсийг хатуу хориглох анхааруулгыг тэмцээний албан ёсны сайтад байршуулжээ. Катарын ДАШТ-ийг үзэх жуулчид элдэв төрлийн шивээснээс татгалзаж, гуя хасаа гялалзуулсан задгай хувцсыг мартаж даруухан очих нь. Тэмцээний үеэр тоглолтын дараах халуун уур амьсгалтай үдэшлэгийн талаар санаад ч хэрэггүй. Хөлчүүрхэж элдэв асуудал гаргавал гудамжны булан тохой бүрт гарсан хамгаалалтынхан хөөгөөд явуулчих эрсдэлтэй. ДАШТ-ий үеэр усыг нь уусан жуулчид исламын шашинтай Катарын ёсыг л дагах юм байна.
Исламын шашинтай холбоотойгоор зарим тамирчид ч Катарын ДАШТ-ээс татгалзжээ. Жуулчид цэнхэр дэлгэцээр хөлбөмбөгийн наадмыг сонирхох нь. Гэсэн ч сонирхолтой нь ДАШТ-ий үеэр гурван сая орчим хүн амтай энэ улсад дэлхийн өнцөг булан бүрээс олон сая жуулчид цуглана гэж зохион байгуулагчид тооцоолжээ. Тэмцээний өдрүүдэд Дубайд өдөрт л 1300 онгоц буух гэнэ.
Энэ удаагийн ДАШТ маш өндөр өртөгтэй. Зөвхөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 138 тэрбум фунт стерлинг (220 тэрбум ам. доллар) хүрнэ гэсэн тооцоог тэмцээн зохион байгуулах хорооноос гаргажээ. Эндээс харахад түүхэн дэх хамгийн өндөр зардалтай ДАШТ Катарт болох нь. Энэ нь дараагийн хамгийн өндөр өртөгтэй ДАШТ болох Бразил (11.6 тэрбум фунт стерлинг) болон Орос (14.2 тэрбум фунт стерлинг) хоёроос ойролцоогоор 10 дахин их юм.Катар улс шинээр хөлбөмбөгийн долоон цэнгэлдэх хүрээлэн барьсантай холбоотой гэнэ. Жуулчид Катарыг зорихын тулд их хэмжээний хөрөнгө зарна. Дубайд захын буудал багадаа л 500 долларын ханштай.2018 онд ОХУ-д болсон ДАШТ шиг булан тохойд майхан сав барьж хоноод зардлаа хэмнэх боломж байхгүй.
Хөлбөмбөгийн фанатуудын гол хэрэглээ шар айраг л гэхэд аяга нь 20 ам.доллар. 90 минутын турш тоглолт үзэх явцдаа гурван аяга шар айраг уухад 60 ам.доллар төлөх хэрэгтэй. Манайхаар бол дунд зэрэглэлийн гурван аяга шар айраг шимэхэд л 180 мянган төгрөг төлөх нь. Улаанбаатарт хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд лигийн тоглолт үзэх явцдаа гурван лааз шар айраг уухад 10 мянган төгрөг л хангалттай. Дубайд тийм биш. Катарын ДАШТ-ээс хөлбөмбөгийн нэг хэсэг бүлэмцсэн фанатуудын төрх мөн л ажиглагдахгүй.
Нэмэгдээд тоглолтын такс, хоол хүнсний зардал шаардлагатай. Жуулчид ганцхан тоглолт үзэхээр Дубайг зорихгүй. Хэсгийн шатны гурван тоглолт үзэх төлөвлөгөөтэй хөлбөмбөгийн фанат дээрх зардлыг гурав нугалж төлөх шаардлагатай. Хамгийн багадаа л 2100 долларын зардал гарах нь. Жуулчдад санхүүгийн том дарамт учруулж байгаа талаар ч спортын хэвлэлүүд бичээд эхэлж. Өмнөх ДАШТ-ий билетүүд худалдаанд гарсан даруйдаа л шуураад дуусч байсан бол энэ удаа тэмцээн хаяанд ирсэн өдрүүдэд ч сул суудлууд хаа сайгүй байна. Энэ янзаараа бол хэсгийн шатны тоглолтууд хагас дүүргэлттэй цэнгэлдэхэд л явагдаж таарах нь. Амралтын өдрүүдэд Бөхийн өргөөнд явагддаг барилдаанууд шиг л дүүргэлттэй цэнгэлдэхэд хөлбөмбөгийн баяр болох юм байна. Мэдээж энэ нь тэмцээний үеийн өндөр зардалтай шууд холбоотой.
Улаанбаатараас Дубайд очиж ганцхан тоглолт үзэхэд багадаа нэг хүнээс 7-8 сая төгрөгийн зардал гарах нь. Аялал жуулчлалын компаниуд ч ДАШТ-ий аяллыг зохион байгуулж байна. Дэлхийн аварга Герман болон Испанийн шигшээ багуудын тоглолт үзэх таван өдрийн аяллын зардал л 12 сая төгрөгийн ханштай байх юм. Ингэхдээ үүнд аялагчийн хувийн хэрэглээний зардал багтаагүй. Монгол дахь хөлбөмбөгийн фанатуудын зүгээс ганцхан тоглолт үзэхийн тулд 10 сая төгрөг зарлагадахаас зайлсхийж байгаа талаар хэлж байна. Мөн хэтэрхий баригдмал нөхцөлд нь таатай хандахгүй байгаа талаар ярьж байгаа юм. Манайханд онцлууштай мэдээ дуулгахад, энэ ДАШТ-ийг үзэх гэж нойроо хумслах хэрэг бараг гарахгүй. Тэмцээний тоглолтууд Улаанбаатарын цагаар 18:00, 21:00, 00:00, 03:00 цагуудаас явагдана. Ажлаа тарж очоод удирдлагатай “ноцолддог” цагаар хөлбөмбөгийн баярын халуухан тоглолтууд явагдаж таарна. Ганц тоглолт үзээд л амрахад яг тохиромжтой. Харин задгай асарт шар айраг шимэх зуураа хөлбөмбөг үзэх боломж манайханд гарахгүй нь.