“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан эх хэлний боловсролыг дэмжих ажлын хүрээнд “Монгол төсөл” ТББ-аас санаачлан, БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудын дунд “Цээж бичиг” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Нийслэлийн Боловсролын газраас 2018 оныг “Эх хэлний боловсролыг дэмжих жил” болгон зарласан билээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уг асуудлыг тусгасан юм. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд бүтээлч ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг хэсэг нь энэхүү “Цээж бичиг” арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Энэхүү арга хэмжээ нь эх хэлний боловсрол, Монгол өв соёл, зан заншлын үнэ цэнэ, ач холбогдлыг хүүхэд залуустаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Арга хэмжээнд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуулийн 2-12 дугаар ангийн 216504 сурагч, их дээд сургуулийн төлөөлөл 100 гаруй оюутан залуус оролцлоо. Мөн уг ажиллагааг тохиолдуулан, Монголын нэрт зохиолчдын бүтээлүүдээс дээжлэн авчээ. Тодруулбал, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн “Хуучин хүү”, төрийн хошой шагналт, Монголын нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын “Монгол бэлгэдэл”, Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондогийн “Өөрийн намтар” зэрэг 11 бүтээл багтжээ.