Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цас арилгадаг машины мотор зуураад жил болоход хотын удирдлагуудаас хэн ч анзаарсангүй DNN.mn

Хотын зам аль ч хэсэгтээ мөсөн каток шиг л болж. Хаашаа ч харсан нэгнийхээ араас мөргөж эд хөрөнгөө сүйтгэсэн жолооч нар аваарын гэрлээ анивчуулаад зогсож байна. Халтиргаатай замд ийм зураглал бүр дасал болчихож. Хот тохижилтоос давс цацдаг ч энэ нь ямар ч үр дүнгүй ажил гэдэг нь хаа сайгүй мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдээс тодорхой харагдаж байгаа юм. Нийслэлд цас цэвэрлэх зориулалттай том оврын хоёр машин байдаг ч дугуй байхгүй. Дугуйгаа хүлээгээд хоёр жил болж байгаа талаар хотын шинэ менежер М.Баяраа хэлсэн.

Хотын менежерийн ярьж буй цас цэвэрлэх зориулалттай камаз маркийн хоёр машины нэг нь Энхтайваны гүүрний чанх доор Сүхбаатар дүүргийн хот тохижилтын газрын хашаанд тоосонд дарагдаад хэвтэж байна. Ажилд ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг энэ хашаанд цуглуулдаг аж. Тоосонд даруулсан шар камазаас гадна хог ачдаг хоёр ч машин энэ хашааны хойморт заларчээ. Хогийн машинуудын урд дугуйг хэн нь ч юм тайлж аваад тоосго ивчихэж. Ард дугуйг анзаарвал шалчийснаас бусдаар бол нэг их элэгдсэн шинж алга. Цагаан хаалгатай гаражуудын заримд нь том жипнүүдийг байршуулжээ. Бодвол хотын өмч л бололтой. Дулаан гаражид байршуулж. Харин ажилд гарах боломжгүй болсон ачааны машинуудыг хашаанд эгнүүлээд тавьчихсан байв.
Хашааны манаач гэх 50 орчим насны эрийн ярьж байгаагаар бол цас цэвэрлэдэг камазыг өнгөрсөн хавар л хэлж байгаагаар тухайн камазны мотор нь зуурснаар хэвийн ажиллах боломжгүй болжээ. Ачаандаа том ёмкостьтой улбар шар энэ машины урд талд суурилуулсан цас цэвэрлэх зориулалттай шүүр, хамагч зэргийг нь мулталж аваад гараж руу хийчихэж. Энэ машин замын булан тохой бүрийг детальчилж цэвэрлэдэг бөгөөд нийслэлийн захиргаанд хоёр ширхэг л байдаг талаар манаач ах хэлж байна. Нөгөө нь хаана хэвтэж байгааг мэдэхгүй гэнэ. Ямартаа ч мөстсөн замыг цэвэрлэх зориулалттай хоёр машин доголдсоноор хот тохижилтынхон өөрсдөө замын мөстсөн цасыг хүрзээр нүдэж “махаа идэж” байгаа талаараа ярьж байна. Хотын менежер М.Баяраагийн ярьсанчлан цас цэвэрлэх машины дугуйнд асуудал үүссэн эсэхийг ажилтнууд нь мэдэхгүй байлаа. Энэ хашаанд чирч авчирснаас хойш засварчин гэх нэг ч хүн ирж оролдоогүйг тэд хэлж байна.
Доголдоод зогссон улбар шар камаз зургаан дугуйтай. Дугуйны ирмэгийн хэмжээ нь 11.00-20, 10.00 R20 хэмжээтэй байв. Хотын менежер М.Баяраагийн онцолсноор дугуй нь эвдэрсэн бол “Өгөөмөр” зах ороод л авчих боломжтой юм билээ. Өгөөмөр захын зүүн талд байрлах орос дугуйны лангуугаар шагайхад дээрхтэй ижил дугаартай дугуй ширхэг нь 2 сая төгрөгөөр зарагдаж байв. Хотын төсвөөс 12 сая төгрөг гаргахад л шинэ зургаан дугуй тавиад ажилдаа гарах боломж бүрэн байна. Бүр байг гэхэд Улаан-Үдээс хэдэн зуугаараа наашаа цувдаг ачааны машинуудын алиных нь ч тэвшин дээр ачаад авчрах боломжтойг хүрз бариад хүйтэн цас нүдээд зогсох хот тохижилтынхон хэлж байна.
Автын инженер М.Мөнх-Эрдэнэ: Орос камазны моторыг хагас сарын хугацаанд л бүрэн засварлаад явуулах боломжтой
Бид “Хурд” авто засварын төвийн автын инженер М.Мөнх-Эрдэнээс камазын засвар үйлчилгээний талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Камаз маркийн автомашины зуурсан моторыг засварлахад ямар үнэтэй байдаг вэ?
-Моторын гэмтлээсээ л шалтгаална. Түгээмэл тохиолддог тахир гол солих зэрэг гэмтлийг 10 орчим сая төгрөгөөр засварлах инженерүүд манайд олон бий. Дагалдах үйлчилгээ зэргийг нь хийгээд угсрахад удлаа гэхэд хагас сарын хугацаа орно. Түүнээс ч хурдан хийж болно. Орос машины эд ангийг засч, сэлбээд явуулах бүрэн боломжтой байдаг. Манай инженерүүд орос тэргийг засахдаа гаргууд шүү дээ. Энгийн жолооч нар ч засварлаад л яваад байдаг. Тод жишээ нь УАЗ 469 байна. Манайхан сэлбэж засаад л ууланд унаж явдаг. Камаз ч ялгаагүй. Засвар авахаар л бол нэг их хүндрэлгүй.
-Том оврын камазын сэлбэг манайд хэр түгээмэл байдаг юм бэ?
-Авто сэлбэгийн захуудаар явахад байдаг. Моторыг нь ч зардаг дэлгүүрүүд ч мэр сэр бий. Ойролцоогоор 30 орчим сая төгрөгөөр зарагдаж байгаа болов уу. Яг одоо бол манай засварын төвд алга. Камазын моторыг солиод унахад ямар ч асуудал байхгүй. Камаз өөрөө цөөн төрөл учраас тохирохгүй гэх бэрхшээл бараг байхгүй дээ. Сэлбээд л унаад явдаг. Уурхайд ажилалдаг камазууд өдөр бүр шахуу л засварт орж байдаг. Сэлбэг олдохгүй гэх асуудал тэр бүр гардаггүй. Захын засварт ороход л сэлбээд өгөх чадвартай хүмүүс бий гэв.
ОХУ-ын https://kamremcentr.ru/dvigateli-kamaz/ сайт руу хандахад камаз маркийн автомашины сэлбэг 565 180-аас 610 100 рублын ханштай худалдаалагдаж байна. Монгол төгрөгөөр бол 25-27 сая орчим болно. Захиалахад ямар ч түвэггүй оруулаад ирэх боломжтой юм байна.
Цас цэвэрлэдэг улбар шар камазны дугуй нь эвдэрсэн ч бай, мотор нь зуурсан бай хотоос ойролцоогоор 40 орчим сая төгрөг төсөвлөөд засварлахад л ажилдаа гарах бүрэн бололцоотой нь ил цагаан харагдаж байна. Өнгөрсөн жил нийслэлд 450 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байдаг. Үүнээс 40 орчим сая төгрөг хуваарилахад л цас цэвэрлэх машинууд ажилдаа жагсахад бэлэн байжээ. Эвдэрсэн камаз дээр хотын удирдлагуудаас хэн нь ч ирээгүй, сураг тавьдаг ч хүн байхгүй гэдгийг Сүхбаатар дүүргийн хот тохижилтынхон хэлж байгаа юм.
Үүнээс үзэхэд үе үеийн хотын менежерүүд ажилдаа хүнийрхүү сэтгэлээр ханддаг нь харагдаж байна. Жаахан ч болов аж ахуй мэддэг, сэтгэлтэй хүн гарын үзүүрээр л хийх ажил гэдэг нь илхэн харагдаж байна. Цасны машины гэмтлийн тухайд бол дээд удирдлагад хамааралгүй зүйл. Дунд шатны ажил хөрсөн дээр яаж явагдаж байгааг сурвалжлахад ийм байна.
Хотын менежерээр ажиллаж байгаад өнгөрсөн долоо хоногт халагдсан Д.Ганболдын тухайд УИХ-ын гишүүн, дүүргийн Засаг дарга гэхчлэн өндөр албанд томилогдож байсан нэгэн. Тэрээр хот тохижилт, тэр дундаа замын халтиргаа гулгааг шийдэх ажилд хуруугаа ч хөдөлгөлгүй байсаар албаа өгсөн. Шинэ менежер М.Баяраагийн тухайд эвдэрсэн машины дугуй, мотор хоёроо ч ялгадаггүй нэгэн гэдэг нь бодит байдлаас харагдлаа. Менежерээр томилогдсон даруйдаа халуун цэгт очиж танилцалгүй индэр дээрээс хүний амаар л ярьж.
Улаанбаатар хот өнөөдөр хатуу хучилттай 1881 км замтай. Ийм хэмжээний замд цас цэвэрлэх хоёр машин хаанаа ч хүрэхгүй гэдгийг хот тохижилтын ажилтнууд хэлж байна. Нийслэлийн баруунаас зүүн болон урдаас хойшоо чигт хамгийн багадаа цас цэвэрлэх 10 машин ажиллахад халтиргаа гулгааны асуудал эхнээсээ цэгцэрнэ гэдгийг хөлдүү цементэн дээр хүрз бариад ажиллаж буй хот тохижилтын ажилтан Л.Жаргалсүрэн ярьж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *