УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Дээрх хуулийн төслийг энэ оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлээд буй юм. Хуулийн төсөлд иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэхгүйгээр төсвийн зарлагад зохицуулалт хийх агуулга бүхий хуулийн 7.1.2 дахь заалтыг сэргээхээр тусгасан юм.
УИХ-ын Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах санал гаргасныг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Ийнхүү Төсвийн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусах хүртэл чуулганы хуралдаан түр завсарлав.