Дэлхий даяар Коронавирусийн цар тахал тархсан энэ үед олон улс оронд Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрс цөөрч энэ төрлийн эмчилгээг хийхдээ халдвар хамгааллын дэглэмийг маш чанд баримтлах ёстой болж байна. ДЭМБ болон Дэлхий эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс ийм төрлийн эмчилгээ хийдэг улс орнуудад энэ төрлийн эмчилгээг цөөлөх, халдвар хамгааллыг нарийн баримтлах зөвлөмж өгч байгаа юм. Түүнчлэн Цар тахлын үед улс орнуудын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор өндөр өртөг бүхий энэ эмчилгээг хийх нь эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байна.
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн дархлаа дарангуйлах эм заавал уух шаардлагатай бөгөөд тухайн донороос авсан эрхтний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд дархлааг нь дарангуйлдаг. Эрхтэнг хүлээж авсан бие нь донорын эрхтэнг өөрийн биед орж ирсэн гадны биет байна гэж үздэг. Эзэн биеийг хамгаалах дархлааны хариу урвал явагддаг бөгөөд энэхүү үйлдлийг Дархлаа дарангуйлах эм ууж зохицуулахгүй тохиолдолд Донорын эрхтэн ондооших буюу ховхордог байна.
Дархлаа дарангуйлах эм байнга ууж байгаа хүний биеийн эсэргүүцэл ихээхэн сулардаг бөгөөд гадны нөлөө бактер, вирусын халдвар, мөөгөнцөр, бусад халдварт өвчинд нэн мэдрэг эмзэг болдог. Өөрөөр хэлбэл Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгээд дархлаа дарангуйлах эм ууж буй хүн халдварт өртөх нь жирийн хүнээс хэд дахин илүү болдог.
Иймд өнөөгийн нөхцөлд амьд болон амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийнэ гэдэг нь реципиентэд ч маш өндөр эрсдэлтэй. Мөн амьд донорын хувьд ч эрсдэл үүсгэх талтай. Энэ төрлийн эмчилгээг бусад мэс заслын эмчилгээтэй адил хийж болохгүй юм. Амь насны зайлшгүй заалтаар цөөн тохиолдолд энэ эмчилгээг хийж байгаа болно.
Манай орон бусад улс орны жишиг олон улсын байгуулагуудын зөвлөмжийг дагаж ажиллаж байна. ЭМХТ-ийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрхтэн шилжүүлэн суулгах багуудтай хамтран дархлаа дарангуйлах эм ууж байгаа эмчлүүлэгч нарынхаа нарийн судалгааг гаргаж манай улсад вакцин орж ирсэн тохиолдолд нэн түрүүнд эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээ хамруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн цаашлаад Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох эмчлүүлэгч болон тэдгээрийн донорыг вакцинжуулах ажил хийгдэнэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЭС, ЭД, ЭРХТНИЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ АЛБА