Энэ долоо хоногт АНУ-ын халдварт өвчин судлаач Энтони Фаучи мэргэжилтнүүдэд Колумбад анх бүртгэгдсэн цар тахлын “Мю” гэх хувилбарыг маш анхааралтай ажиглахыг уриалжээ.
ДЭМБ-ын мэдээлж байгаагаар B.1.621 буюу “Мю” хэмээн нэрлэгдсэн тус хувилбар дархлааны системд баригдалгүйгээр хүнийг өвчлүүлэх хөнөөлт чадвартай гэнэ. Мөн зарим эрдэмтэд эл хувилбарын эсрэг зарим вакцин ямар ч үйлчилгээгүй байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч бататгахын тулд цаашид илүү нарийн судлах шаардлагатай аж.
Анх энэ оны нэгдүгээр сард Колумбад үүссэн гэх тус хувилбар өдгөө нийт 39 улсад бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар олон улсад нийт халдварын 90 гаруй хувийг эзэлж буй дельта хувилбарын дараа Мю хувилбар олон улсад зонхилж болзошгүй гэж олон эрдэмтэн таамаглаж байна.