Энэ жилийн эдийн засаг тахлын үеийн гэдэг тодотголоороо урьд жилүүдийнхээс эрс ялгарч байна. Засгийн газар оны эхнээс л тахлын голомт болсон Хятад руу хийх нүүрс тээвэртээ хориг тавьсан юм. Нүүрс тээвэр удаан хугацаанд зогссоноос үүдэлтэй орлогын тасалдал санасныг бодоход өндөр биш гарсан нь нүүрсний үнэтэй холбоотой.
Австралид Хятадын зүгээс тавьсан хориг, ковидын вакцин тойрсон эерэг мэдээллээс үүдэлтэй том улсуудын эдийн засгийн сэргэлт гэх мэт хэд хэдэн шалтгаан нүүрс төдийгүй зэс, төмрийн хүдрийн үнэд эерэгээр нөлөөлөөд багагүй хугацаа өнгөрч байна. Товчхондоо тахлын үеийн эдийн засгийг авч яваа ганц салбар нь уул уурхай болсныг өнгөрсөн саруудад улсаараа илүү тод мэдэрлээ.
Засгийн газраас хувийн хэвшилд хандсан даацтай дэмжлэг үзүүлээгүй учраас ажлын байр олноороо хумигдсан гэсэн шүүмжлэлийг хувийн хэвшлийг төлөөлсөн төрийн бус байгууллагууд хэлж байна. Гүйцэтгэх засаглал нэг талаас ийм шүүмжлэлтэй тулгарсан ч нөгөө талаас иргэд рүү хандсан хүүхдийн 100 мянган төгрөг, тэтгэврийн зээлийн тэглэлт, цахилгаан, дулааны үнийн тэглэлт гэх мэт шийдлүүдийг ажил болгосон юм.
Эдгээр шийдлүүдийг эдийн засагчид УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж буй. Мөн тахлын хэцүү цагт орлогоо алдсан иргэд рүүгээ хандсан бодитой дэмжлэг гэсэн тайлбарыг ч эдийн засагчид хэлж буй. Гэхдээ хувийн хэвшил рүү хандсан ямар ч дэмжлэгийг Засгийн газраас үзүүлээгүй гэвэл хэтрүүлсэн дүгнэлт болно. Засгийн газраас уул уурхай гэх мэт цөөн салбараас бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлээд байна. Саарал жагсаалтаас гарсан, алтны ханш өсөлтөө алдаагүй гэх мэт гэгээлэг мэдээ ч цөөнгүй дуулдсан жил байв. Гүний уурхайн бүтээн байгуулалт нь саадгүй үргэлжилж буй Оюу толгойг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт гэж онцлохоор зүйлгүй бас нэгэн жилийг үдэх гэж байна. Төсвийн хувьд долоон их наядын алдагдал бий болгосон гэх шүүмжлэл Монгол Улсын 29, 30 дахь Ерөнхий сайдад ирж байгааг дашрамд тодотгоё. Сум бүрд улаан булан, музей, хөшөө, цогцолборт зарцуулах яаралтай биш зардлуудаа хэмнэвэл дор хаяж хоёр их наяд төгрөгийг төсвөөс хэмнэх боломжтой гэж үзэх эдийн засагчид цөөнгүй байна.
Цар тахал эдийн засагт яаж нөлөөлснийг тоон үзүүлэлтүүдээр тодотгоё. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ -7.3 хувийн бууралттай гарсан юм. Олон салбаруудад уналт газар авч, үйлдвэрлэлийн түүхий эд, материал, сэлбэг, эд ангиа гаднаас импортолдог компаниудын хувьд хэцүүхэн сорилттой нүүр тулсан жил болов. Цаас, цаасан бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, резин болон хуванцар бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, тамхи, тавилга, нэхмэлийн үйлдвэрлэл, хувцас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын борлуулалт 2020 оны эхнийдөрвөн сард 2.5-58.9 хувиар буурсныг статистикаас харж болно. Аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийсэн жил байсныг мөн онцлох ёстой. Аялал жуулчлал дагасан зочид буудал гэх мэт үйлчилгээний салбаруудын хувьд ч орлого ашиг нь огцом хумигдсан сарууд үргэлжиллээ. Гэхдээ ирэх жил ч аялал жуулчлалын салбар сэргэхгүй гэж эдийн засагчид онцолж байна. Аялал жуулчлал дагасан үйлчилгээний салбарууд ч ирэх оны намар хүртэл сэхээ авахгүй гэх гутранги таамаглалыг ч тэд хэлж байгаа юм.
Зочид буудлуудын тухайд цар тахлын хөл хорионд орсон хүмүүст үйлчлээгүй бол орлого ашиггүй таг суухаар байсан юм. Зочид буудлын салбарын нийт орлого 2020 оны эхний есөн сард 101.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.9 тэрбум төгрөгөөр сох дутсан гэх тоог Үндэсний статистикийн хорооныхон хэлж байв. Нийтийн хоолны салбарын орлого ч мэдрэгдэхүйцээр буураад буй. Нийтийн хоолныхон оны эхний есөн сарын байдлаар 328.9 тэрбум төгрөг олж, орлого нь өмнөх оны мөн үеэс 28.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт оны эхний есөн сард 15.2 их наяд төгрөг гэж гарчээ. Өмнөх онтой нь харьцуулбал 1.7 их наяд төгрөгөөр буурч. Банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өссөн дүнтэй гарсан юм. Гэхдээ нэг, хоёрдугаар улиралд ДНБ -10.7 хувийн бууралттай байсныг үзвэл, эдийн засгийн уналтын хурд намрын улиралд тодорхой хэмжээгээр саарсан зурагтай гарсныг онцолъё. Оны эцсээр -5, -6 хувь орчимд хэлбэлзэх болов уу гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байна. Эдийн засгийн байдал огцом муудахад уналтын эсрэг хэрэгжүүлсэн шийдлүүд тодорхой хэмжээгээр уналтыг зөөлрүүлж, эмзэг бүлэг, үйлдвэрлэл, нийт бизнест чиглэсэн арга хэмжээнүүд тодорхой үр дүнгээ өгсөн гэж үзэх эдийн засагч ч байгаа юм. Энэ онд эдийн засаг ямар байсан талаар эдийн засагчдын байр суурийг сонссоноо хүргэе.
Ч.ХАШЧУЛУУН: ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ БИЗНЕСТ ТОМ ДЭМЖЛЭГ БОЛСОН
Эдийн засагч Ч.Хашчулуун:
-Засгийн газар эдийн засагт чиглэсэн хэд хэдэн чухал шийдлийг ажил болгосныг онцолмоор байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хувь хүмүүс, ААН-үүдийн орлогын татвар, НДШ-ийг бууруулсан нь том дэмжлэг болсон. Үүнээс гадна бензиний үнийг бууруулсан, ноолуурын салбарыг, малчдыг дэмжсэн шат дараалалтай арга хэмжээ ч тусаа өгсөн. Хоёрдугаарт, мөнгөний бодлогын хүрээнд Төв банк бодлогын хүүг түүхэндээ доод хэмжээнд бууруулж, намраас үйлдвэрүүдэд зориулсан 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилтийг гаргаж, ирэх улиралд дахиад 250 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийхээр шийдэж, энэ улиралд 82 тэрбумын зээлийг уул уурхайн бус экспорт, ЖДҮ-ийн зээлийн асуудлыг шийдвэрлэж, дахиад 400 гаруй үйлдвэрүүдийн зээл удахгүй шийдэгдэх шатанд орсон. Цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөх хүрээнд үйлдвэрүүд, өрхүүд 650 тэрбум төгрөгийн дэмжлэгийг авсан нь бизнест том дэмжлэг болсон. Мөн түрээсийн төлбөрийг бууруулах арга хэмжээ авсан байгаа. Экспортыг дэмжих үүднээс олон улсын гэрээ хэлэлцээрийг идэвхтэй хийж, боомтуудын тасралтгүй ажиллагааг хангасан нь эдийн засгийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр сэргэхэд эерэгээр нөлөөлсөн. Цаашид жижиг, дунд үйлдвэрлэлд анхаарах, боловсрол, аялал жуулчлал гэх мэт хүчтэй цохилт авсан салбаруудын бодлого хэрэгтэй болж байна. Эцэст нь хэлэхэд манай эдийн засаг Япон, АНУ шиг том биш. Хөгжиж буй орон гэхэд зохих хэмжээнд арга хэмжээ авч, уналтыг зогсоох, иргэдийн ачааллыг бууруулах талд бодитой анхаарч чадсан.
Д.ЭНХБОЛД: ТАХЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ АЧААГ УУЛ УУРХАЙ Л ҮҮРЧ ГАРЛАА
Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд:
-Монголын хувьд уул уурхайн салбар эдийн засгийн хөдөлгөх хүч болдог. Оны эхэнд цар тахлын голомт урд хөрш байсан гэдэг утгаар нүүрсний экспорт зогссон гэх мэт асуудал гарсан. Тахлын хөл хорио үргэлжилсэн өдрүүдэд улсын эдийн засгийн гол ачааг уул уурхай үүрч явдаг нь илүү тод харагдлаа л даа. Уул уурхайн экспортын орлого макро хэмжээндээ эдийн засагт гол үүрэг гүйцэтгэж байгаа ч том зургаар нь харвал нийт эдийн засгийн ихээхэн хэмжээг хэрэглээний эдийн засаг эзэлдэг нь харагдлаа. Тахлын онцгой нөхцөлд хэрэглээний эдийн засаг ямар хүчтэй цохилтод орсныг бултаараа мэдэрлээ. Шуудхан хэлэхэд, одоогийн байдлаар уул уурхайгаас өөр үйлдвэрлэлийн, нийлүүлэлтийн, хэрэглээний салбарт нөлөөлдөг эдийн засгийн салбар Монгол Улсад алга. Нөгөө талаас Монголын уул уурхайн хэмжээ жижгэвтэртээ орж байгаа нь мэдрэгдлээ. Ойрын ирээдүйд “Ковид-19”-өөс салах боломж харагдахгүй байна. Энэ утгаараа ойрын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт шинээр орж ирж, өөр ордуудыг нээнэ гэх магадлал маш бага. Олзуурхууштай нь бидэнд олон жил уйгагүй хэрэгжсэний эцэст ашиглахад бэлэн болчихсон төслүүд бий. Эдгээр төслийг урагшлуулж, орон нутагт ажлын байр олноор бий болгож, төсвийн орлогоо ахиулах, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжууд ирэх жилүүдэд харагдаж байна. Хятадын хэрэглээ өссөн, зарим улсаас авах уул уурхайн бүтээгдэхүүнд хориг тавьсан гэх мэт шалтгаан дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийг өсгөсөн, ирэх жил ч өсөлт үргэлжилнэ гэж байна. Ийм таатай цонх үеийг ашиглаад бэлэн болчихсон төслүүдээ дэмжээд эхлүүлэх шаардлагатай.
О.АМАРТҮВШИН: ХУВИЙН ХЭВШЛИЙН 96 ХУВЬД ЦАР ТАХАЛ ХҮЧТЭЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:
-2020 он бүхэлдээ Монголын эдийн засгийн орчин хувийн хэвшлийнхэнд халгаатай хүндхэн жил болж өнгөрч байна. Тахлын хөл хорио бизнесийг бүхэлд нь зогсонги байдалд оруулчихлаа. Танхимын таван удаагийн үе шаттай судалгаанаас харахад компаниудын нөхцөл хүндэрсээр байгаа. Өнгөрсөн сард хийсэн судалгаагаар хувийн хэвшлийн 96 хувьд цар тахлын нөхцөл байдал хүчтэй нөлөөлсөн зураг харагдлаа. Монголын эдийн засаг үндсэндээ уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа гэсэн гурван зүйл дээр л тогтдог. Хөдөө аж ахуйн бүтээмж маш бага. Тэгэхээр ийм хэцүү цагт худалдаа болон уул уурхайн салбараа л түшихээс аргагүй. Дэлхийн томоохон институтууд ирэх оны гуравдугаар улирлаас л байдал хэвийн болно гэж үзэж байна. Гэхдээ дэлхий даяар цөөн хэдэн улсын эдийн засаг өсөлттэй яваа. Тэдний нэг нь Хятад. Хятад улсыг дагаж уул уурхайн эцсийн боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээж урд хөршид экспортлох гэх мэт ажлыг зохион байгуулж чадвал эдийн засгийн эрсдэлээс сэргийлж чадна. Хамгийн гол хүчин зүйл гэвэл УОК-ын гаргаж буй шийдвэрүүд. Улс орнууд эрүүл мэнддээ анхаарахаас гадна эдийн засагтаа анхаарч байгаа. Хатуу хөл хорио, хэсэгчилсэн хөл хорио бизнесийг хүнд байдалд оруулж байна. Ирэх он бүхэлдээ хүндхэн сорилтуудыг давсан өдрүүд байх болов уу. Хувийн хэвшлийн ажлын байрыг хамгаалахгүйгээр улс орон эдийн засгаа хэвээр хадгалж өсгөх ямар ч боломжгүй. Судалгаагаар ядуурлын түвшин 50-60 хувь руу орохоор байна. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтыг царцаах хэрэгтэй. Хоёр их наядыг хэмнэж ажлын байраа сэргээх чиглэлд хөнгөлөлттэй зээл болгож өгвөл хувийн хэвшлийнхэн эдийн засгаа сэргээж чадна.
Ч.ОТГОЧУЛУУ: ХУВИЙН ХЭВШИЛДЭЭ “БИ ҮХЭХЭЭР ЧИ ҮХ” ГЭДЭГ БОДЛОГО ТУЛГАСАН ЖИЛ БАЙЛАА
Эдийн засагч Ч.Отгочулуу: -2020 онд гадаад орчин эмзэг байсан нь үнэн. Гэхдээ манай гол худалдан авагч Хятадын эдийн засаг харьцангуй тогтвортой байлаа. Сүүлийн саруудад экспорт нь эрс өсч эдийн засаг хурдтай сэргэж байна. Дэлхийн эдийн засаг хасах 4.5 хувьтай буюу агшихаар байхад Хятадын эерэг өсөлттэй гарахаар байгаа. Манай эдийн засгийн бодлогын удирдлага маш буруу байсан. Аргентин, Венесуэл, Грекийн эдийн засгийг дампууруулсан зүүний популизм оргилдоо хүрсэн жил болж өнгөрлөө. Сонгуулийн төсвүүд баталдаг мөчлөг дагасан буруу жишиг гүнзгийрсэн. Сонгуульжсан төсвийн алдагдлаас болж гадаад өр өссөнийг онцолж хэлмээр байна. ОУВС-аас таван тэрбум долларын төсөл хөтөлбөр амжилтгүй хэрэгжиж манай нэр хүнд ч унасан. Коронаг ирэх Ерөнхийлөгчийн сонгууль угтсан пиар болгож ашигласан нь зах зээлийн хуулийг эвдэж, урт хугацааны хувьд засагдашгүй том алдаа гаргах эрсдэлийг бодитоор бий болгочихлоо л доо. Өмнөх 30 жил арайхийж биежиж байсан орчин үеийн тогтолцооны сүйрлийн эхлэлийг тавьчихлаа. Цахилгааны үнийг хэрэглэгчийн хувьд төрөөс нь даана гэж эрчим хүч дулааны эх үүсвэрээ эрсдэлд оруулсан гэж харж байна. Эрдэнэтээс мөнгө гаргуулснаар давхар төсөвтэй болж, олон төсөвтэй болох эхлэл тавигдлаа. Ер нь төрийн том өмчийн компани эрсдэлд өртөмтгий эмзэг байдаг, гэтэл энэ буруу загварыг тахин шүтүүлж байна. Эдгээр зүүний популист бодлогоос болж манай жижиг эдийн засаг маань ямаан дээр тэмээний гарз үзлээ. Эдийн засгийн ноён нуруу нь ЖДҮ, дунд давхарга байдаг. Гэтэл энэ салбарыг боомилсон, “би үхэхээр чи үх” гэдэг бодлогыг эрх баригчид хувийн хэвшилдээ тулгачихлаа, 2020 онд. Төсвийн алдагдал ба төлбөрийн тэнцлийн алдагдлууд эдийн засгийн 10-14 хувьд хүрч өсчихлөө. Ингэснээр ажилгүйдэл ядуурлын хувь өсөөд байна.