Ядаж л нэг шоу хийхэд хүртэл хүнийрхүү, хүйтэн сэтгэл гаргах юм. Мөнгөөр зодож хэлбэрдэх туйлын сонирхолтой. Агуулгыг, үнэ цэнийг, түүний ард байгаа хүнийг боддоггүй. Уг нь хүнд жаахан сэтгэл гаргахад л ойлгодог. Тэгээд баярладаг. Хариуг нь барих гэж хичээдэг шүү дээ. Нэлээд эрт л дээ. АНУ-ын Элчин сайдын яаман дээр визэнд дугаарладаг үе байв шүү. Өвлийн улиралд бол Элчин сайдын яамнаас дугаарласан хүмүүсийн толгой дээр төмөр дээвэр байрлуулан түүнд нь дулаацуулдаг улаан гэрэл асаачихсан байдаг байлаа. Өөрийнх нь улсыг зорих гэж буй харийн иргэдэд гаргаж буй сайхан сэтгэл нь тэр. Гэтэл өнөөдөр яг л ийм очер дугаартай, олон арван хүн өвлийн улиралд ч гадаа удтал зогсдог олон газар манайд бий. Түүний нэг нь автобусны буудлууд. Автобусны буудлуудыг ингэж дулаацуулахад ямар сайхан санагдах вэ. Нийтийн тээврийг хэдэн цагаар хүлээдэг зорчигчдод эерэг сайхан сэтгэгдэл төрж, түүнийг хийсэн нийслэлийн удирдлагуудад баярлаж явах болно. Магтах юмаа олж ядан, пиар миар хийх ч хэрэг байхгүй л дээ, ингэдэг бол. Хүмүүс дахиад л сонгоод гаргаад ирнэ.
Categories
Цантай хөлдүү талбайдаа хийн бамбар ч болтугай асаах байлаа DNN.mn
Ковидын чилийсэн дөрвөн жилийн дараа монголчууд шинэ жилийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Нийслэлийн төв талбайд жил бүр зохион байгуулж ирсэн “Мөнгөн үдэш” шинэ жилийн шоу цар тахлын улмаас нэлээд удаан завсарласны дараа товлогдож, баярласан монголчууд хэдэн мянгаараа зорин очлоо.
Шоу зохион байгуулагчид харин зочдоо, үзэгчдээ хайрласангүй. Баяр хөөр болон ирсэн зочдоо хасах гучин хэмийн хүйтэнд гантиг шиг мөстсөн талбай дээр уур савссан хөлдүү хүйтэн орчинд бүтэн дөрвөн цаг зогсоолоо. Аргаа барахдаа аавууд мөрөн дээрх хүүхдээ дааруулахгүйн тулд савлаж, залуус нь нааш цааш алхаж байж хөлдчихгүйхэн шиг арга хэмжээг өндөрлүүлж харагдсан. Уг нь шоу зохион байгуулагчид жаахан сэтгэл гаргаад талбайг дулаацуулах арга хэмжээ авах боломжтой байв. Поошигонд гал түлээд эгнүүлээд тавьчихад л дулаацчих юм л даа. Гэхдээ утаа униар гаргана гээд байвал хийн бамбарыг талбай тойруулаад асаачихад л пүнхийгээд явчихна даа. Утаагүй, хийн гал дээшээ цоролзоод л ямар дулаан уур амьсгал бүрдүүлэх вэ гэж огт бодож үзээгүй бололтой. Орчин үед гадна талбайн агаарын хэмийг бууруулах өч төчнөөн арга хувилбар бий болсон. Гол нь сэтгэл л байдаг шүү дээ. Нэг ч бай, нэлээд олон ч бай зориод очсон хүн бүрийг, өнгө өнгийн салют буудахыг харахаар тэсэн ядан хүлээсэн хүүхэд багачуудыг өөрийн үр хүүхэд шигээ бодож хайрласан бол бүтэн дөрвөн цаг хөлдүү мөсөн дээр зогсоохгүй байсан болов уу.
Удаан хугацаанд завсарласан арга хэмжээ гэдэг утгаараа зохион байгуулагчид тайз засал, урлаг соёлын оддыг олноор хамруулахад анхаарсан нь илт. Түүнд зарцуулсан хөрөнгө мөнгийг нь тооцвол нэлээд өндөр төсөв босч ирнэ. Түүн дээрээ жаахан мөнгө нэмээд л талбай дулаацуулах хэдэн хийн бамбар аваад тавьчихаж болохоор л байлаа.
Ер нь монголчууд бидэнд нэг нэгэндээ сэтгэл гаргах явдал их дутагдах юм. Манай сонин хөндөж бичсээр ирсэн нэг сэдэв байдаг. Тэр нь Монгол Улс гадаадад дулаан арал худалдаж аваад хүүхэд, хөгшдөө хүйтний улиралд амраадаг болох тухай. Энэ бол мөрөөдөл биш, егөөдөл ч биш. Жил бүрийн 12 дугаар сарын 15-наас ирэх жилийн хоёрдугаар сарын 15 хүртэлх ид хүйтэн, агаарын бохирдолтой үеэр нийтээрээ амаръя. Худалдаж авсан дулаан аралдаа хүүхэд хөгшдөө авааччихдаг болъё. Идэр залуу хүмүүс нь бас амардаг байя гэж бичдэг. Ингэвэл жилийн жилд хүүхэд нялхсыг зовоодог ханиад томуу багасахаас эхлээд агаарын бохирдлоос үүсэлтэй элдэв ховор өвчин эмгэгүүд ч цөөрнө дөө. Ингээд харин зуны улиралдаа ид ажлын цагт хөдөлмөр өрнүүлдэг байя гэж уриалж бичсээр ирсэн.
Гадаадад арал авна гэхээр их мөнгө бодож толгойгоо гашилгах шаардлагагүй. Улс битгий хэл улстөрч, бизнесмэнүүд ганцаараа гадаадад арал, хаус хорооллууд эзэмшдэг болсон цаг үе. Тиймдээ ч өнөөдөр яригдаж байгаа нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөөр нэг биш нэлээд хэсэг арал худалдаж аваад, хэд хэдэн том онгоцтой болох боломж байжээ. Эрх баригчид ард түмнийхээ олон, олон боломжийг хулгайлж, хувьдаа завшсаны нэг хувилбар энэ. Ард түмнээ хайрладаггүй, хүйтэн цэвдэг төрийн баталгаа энэ юм.
Японд метронд тэргэнцэртэйганц иргэн зорчиход үйлчилгээний ажилтан зориулалтын зөөврийн шатаар буулгаж буй бичлэгийг бид үзэж, тэр улсын иргэндээ хайртай байдаг, нэгэндээ сэтгэл гаргадаг занг биширч байсан нь саяхан. БНСУ-д ч тэр. Оройн цагаар охид эмэгтэйчүүд ажил сургуулиа тараад гэртээ харихад аливаа эрсдлээс сэргийлж, хань хамгаалагч болдог хүмүүс ажилладаг тухай монгол бүсгүйн гайхширсан тэмдэглэлийг шимтэн уншсан хэдэн зуун хүн байсан даа. Яг л ийм л сэтгэл сая шинэ жилийн “Мөнгөн үдэш” шоуны үеэр дутагдлаа. Чилийсэн дөрвөн цагийг хүйтэн хөлдүү мөсөн дээр монголчууд өнгөрөөлөө. Тэнд очсон хичнээн хүүхэд багачууд, томчууд даарч хөрч ханиад томуу тусаа бол. Монголчууд хэзээ нэгэндээ хайртай байж, сэтгэл гаргаж ажилладаг болох вэ?! Сэтгэл байвал мөн ч амархан юмаар хүмүүсийг баярлуулж болдог юм л даа, уул нь. Талбай тойрсон хийн гал дээшээ бараг метр шахам цоролзож, тойроод зогссон залуус гараа ээсэн шиг оргилуун дарс буудуулж байна гээд төсөөл дөө. Зүгээр ингэж бичихэд л халуун дулаан уур амьсгал шууд мэдрэгдээд явчихаж байгаа биз. Гал аюултай гэвэл халуун агаараар тал талаас нь үлээлгэхэд л болоод явчих байлаа.