Өнөөдөр ямар нэгэн намд харьяалалтай биш цахим сүлжээгээр нэгдсэн ээж, аавуудын төлөөлөл хүүхдийн 20 мянган төгрөгийг бүх хүүхдэд ижил тэгш олгох, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардаж “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хуралд залуу ээж, аавуудыг төлөөлж А.Гарамханд, Т.Энх-Төр, Ц.Ариунаа нар оролцлоо. Тэд хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай өгснөөр сургууль дээр нь ялгаварлан гадуурхалт хүртэл гарч байна. Хүүхдүүд бие биенээсээ “чи 20 мянга авдаг уу” гэж асууж байна. Хэрвээ “авдаг” гэвэл танайх ядуу айл юм байна шүү дээ гэж гадуурхаж байна гэдгийг онцлон ярив. Мөн төсвийн тодотголд нэмж оруулж ирсэн 400 тэрбум төгрөг, хэмнээд байгаа 80 тэрбум төгрөгөө хүүхдүүддээ яагаад өгчихөж болохгүй байгаа юм бэ, энэ мөнгө чинь та нарын хармайнаас гараагүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа шүү хэмээж байлаа.
А.Гарамханд: “Би 0-6 насны гурван хүүхэдтэй ээж. Бид ажлын байртай бол ингээд сууж байхгүй шүү гэж төрдөө хандаж хэлмээр байна. “Цалинтай ээж” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна. Энд тусгаж өгсөн зүйлийг би уншиж өгье. “Ээжүүд цалин авдаг болсноор манай өрхийн орлого нэмэгдсэн. Нөхөр маань ганцаараа хүчирдэггүй байсан амьдрал дуусгавар болсон. Тийм болохоор би азжаргалтай ээж” гэнэ. Тийм болохоор бид энэ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээч ээ л гэж байгаа юм. Түүнээс биш нам яриад улстөржих гэсэнгүй. Азжаргалтай гэр бүл болж нөхөрийнхөө ажилд бага ч гэсэн тус нэмэр болмоор байна. Хүүхдийн мөнгө хүүхдийн ирээдүйд өгч байгаа мөнгө шүү. Халамжийн хавтгайрсан бодлого биш шүү. Өрхийн амжиргааг тодорхойлох нэрээр 4.5 тэрбум төгрөгийг үр дүнгүй судалгаанд зориулж байхаар 1.3 сая хүүхдэдээ тараагаад өгчихгүй яасан юм бэ. Энэ бол ирээдүйд нь зарцуулж байгаа мөнгө шүү гэдгийг дахин хэлмээр байна. Бид дараа дараагийн алхмыг хийх болно. Мөн энд гарын үсэг зуруулж байгаа. “Ээжүүдийн оролцоо, монголын ирээдүй”, “Халамж ба хүүхдийн мөнгө” гэсэн цахим группүүдээр бид нартай нэгдэж болно шүү” хэмээв.
О.ӨНӨР