Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахим залилангийн хохирогч: Даалгавар биелүүлсэн ашгийн мөнгө орж ирэхээр нь итгээд 47 сая төгрөгөө алдлаа DNN.mn

“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно”, “Хүүгүй мөнгө их хэмжээгээр зээлнэ”, “Борлуулалт хийгээд үнийн дүнгийнхээ 30 хувийг аваарай” гэх зарууд цахим сүлжээнд түгсээр байна. Энэ бүхэн нь залилах гэмт хэрэг гэдгийг иргэд мэдэхгүйгээр хохирох болжээ. Амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн иргэдийн сонирхлыг ашиглаж гэмт хэрэгтнүүд гаарч байгаа нь сэрэмжлүүштэй. Энэ удаа  “Борлуулалт хийгээд үнийн дүнгийнхээ 30 хувийг аваарай” гэсэн зараар хохирогч болсон иргэнтэй ярилцлаа. (Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм).


-Даалгавар биелүүлж ашиг олдог гэх зараар хохирогч болсон юм байна. Хэзээ яаж эхэлснийг ярьж өгөхгүй юү?

-Өнгөрсөн наймдугаар сарын 22-нд фэйсбүүкээр “Борлуулалт хийгээд мөнгөн дүнгийн 20-30 хувийн урамшуулал авна” гэдэг зарын дагуу телеграммаар холбогдсон. Маргааш нь бүртгэлээ хийлгээд, “Худалдааны компаниас тэдэн төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүний мэдээлэл ирнэ. Түүнийг зарж борлуулах даалгавар биелүүлээд ашиг нь өөрт чинь очино” гэдэг мэдээлэл өгсөн. Өдрийн таван даалгавартай. Хүсвэл хэдэн ч даалгавар гүйцэтгэж болно гэсэн. Эхлээд таван даалгавар биелүүлж байж дансанд байршуулсан мөнгөнийхөө ашгийг буцааж татах боломж үүснэ. Хэрэв дутуу гүйцэтгэвэл мөнгөө татаж чадахгүй. Худалдааны компаниас танд хэдэн ч төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүний мэдээлэл ирж магадгүй гэж урьдчилж хэлсэн. Гэхдээ өндөр дүнтэй гэдгийг тооцоолоогүй.

-Ингээд даалгавар гүйцэтгэж эхэлсэн үү?

-Тэгсэн. Эхний хоёр татан авалтан дээр ашгаа авч чадсан. Ойролцоогоор 230 орчим мянган төгрөг авсан. Тэгээд л урам орсон. Дараагийн даалгавраас эхлээд мөнгөн дүн нь нэмэгдээд эхэлсэн. Эхнийхээ гүйлгээг хийгээд мөнгөө гацаачихсан болохоор таван даалгавраа хийж байж мөнгөө татаж авахын тулд хүссэн хэмжээгээр нь байршууллаа. Тэгэхэд дахиад л дараагийн даалгавар гараад ирдэг юм билээ.

Мэдээж мөнгөө хийчихсэн учраас ашиг олохыг, оруулсан мөнгөө гаргаж авахыг бодно. Эхний таван гүйлгээ дуусаад мөнгөө авах болчихлоо гэж бодтол зургаа, долоо дахь даалгавар гарч ирсэн. Анх бүртгүүлсэн хүнтэйгээ холбогдоод асуухад “Худалдааны компаниас 2-10 даалгавар өгдөг. Одоо та зургаа дахь даалгавраа биелүүлбэл мөнгөө татаж авах боломжтой” гэж хэлсэн. Үүнд нь итгээд мөнгө байршуулаад эхэлтэл дахиад л дараагийн даалгавар гарч ирлээ. Хүмүүс нь “Худалдааны компаниас танд цаанаас илгээж байгаа учраас мэдэхгүй байна. Дараагийн даалгавар гарч ирсэн л бол та хийх ёстой” гэдэг юм байна.

-Та мөнгө нэхэх бүрд нэмж байршуулаад байсан хэрэг үү. Лавшруулж шалгаагүй юу?

-Шаардаж байгаа тоолонд бэлэн мөнгө байхгүй шүү дээ. Танил тал, найз нөхдөөсөө мөнгө зээлж эхэлсэн. “Мөнгөө гацаачихаад байна, энэ мөнгийг хийчихвэл мөнгөө буцаагаад авчихна” гээд.

-Хэдэн даалгаврыг хийсэн бэ?

-10 дахь даалгавар хүртэл явсан. Ёс дэх даалгавар дээр очоод “Танайх мөнгө төгрөг өгөхгүй” байна гэхэд “Арав дахь даалгавар дээр та гүйлгээгээ хийчихээд борлуулалтын менежертэй холбогдоорой” гээд өөр хүнтэй холбосон. Нөгөө хүн нь “Борлуулалтын компаниас энэ хүртэл ажилласныг чинь үнэлээд урамшуулал болгож авах мөнгөн дээр зургаан сая төгрөгийг нэмж өгч байна” гээд дансанд маань байршуулчихсан. Мэдээж баярлана шүү дээ. Ингээд урамшууллаа татаж авах гэтэл дахиад л шаардлага тавьж эхэлсэн. Ерөөсөө ингээд үргэлжлээд байдаг юм билээ.

-Хохирлын хэмжээ хэд болов. Шат болгоны үнийн дүн хэд байх юм бэ?

-Эхний удаад маш амархан байгаа шүү дээ. 100 мянган төгрөг доторх бараа бүтээгдэхүүн орж ирээд л амархан гүйцэтгэсэн. Ашиг нь орж ирээд байхаар болдог юм байна гэж бодсон. Дараагийн даалгаврыг аваад эхлэнгүүт 500 мянга руу, гурван сая, таван сая, долоон сая гээд нэмэгдчихдэг. Энэ маягаар явсаар 47 сая төгрөгөө алдаад байна.

-Худалдааны компани гээд байгаа нь бодит юм уу. Дансанд их хэмжээний мөнгө нь харагдаад байдаг, гэвч авч болдоггүй байх нь?

-Хийсвэрээр дансанд мөнгө байгаа юм шиг харагдаад байгаа боловч авч болохгүй байсан. Хүний эрхэнд орчихдог юм билээ. Ерөөсөө хүссэн мөнгийг нь шилжүүлээд явчихдаг.

Худалдааны компани гэдгийн хувьд эхлээд “Та даалгавраа биелүүлээд скрийншот хийгээд над руу явуулна. Тэгэхэд таны нэвтэрч ороод байгаа сайт дээр худалдааны компаниас дараагийн даалгаврыг биелүүлэх хүсэлтийг илгээнэ” гээд яг л тэр хэлснээр болж байсан.

-Залилуулснаа яаж мэдэв?

-Мөнгөн дүнгүүд нь ахиад надаас тавих шаардлага нэмэгдээд байсан. Ялангуяа шаардлагыг нь биелүүлэх тусам ямар нэг шалтаг гаргаж ирээд аль болох сөхрүүлэх г үйцэтгэж чадахгүй, шантраах зорилготой. Хэрэв биелүүлж чадахгүй бол мөнгөө алдана. Танилын нүүр халуун гэгчээр маш олон хүнээс мөнгө зээлсэн. Тэр олон хүний мөнгийг олж авахын тулд үнэхээр тухайн үед улайрчихдаг юм билээ. Нэг дөрийн дотор л болсон явдал.

-Энэ бол залилан, амар хялбараар мөнгө олдохгүй гэдэг анхааруулга мэдээллийг авч байсан уу?

-Сонсож байсан боловч “Би алдчихна” гэж бодохгүй, мэдээж ашиг орлого олъё гэж зорьж байгаа учраас эрсдэлийг тооцож үзээгүй. Эхний нэг хоёр гүйлгээн дээр ашиг авчихсан учраас болмоор юм байна гэдэг сэдэл төрчихөж байна лээ.

-Цагдаад хандсан уу?

-Аймгийн цагдаагийн газартай холбогдоход “Эргээд холбогдъё” гээд таг болсон. Цахим сүлжээнд байгаа мэдээллүүдийг харахаар хэрэгтнүүд мөнгөө олон улсын данс руу шилжүүлчихдэг, эргэж олдох боломжгүй. Цагдаа нар энэ хэргийг тоож авч үздэггүй юм байна гэсэн сэтгэгдлүүдийг хохирогчид их бичдэг юм байна. Түүнээс гадна шилжүүлж авч байгаа данс нь Хаан банкных байхыг шаарддаг юм билээ. Бүх баримт шилжүүлэг нь байхад олж болмоор юм шиг боловч хүмүүсийн хэлж байгаагаар данс эзэмшигчид нь хөдөлмөрийн чадамжгүй, орлогогүй, эсвэл өөр дээр нь данс үүссэнийг ч мэдэхгүй хүмүүс байдаг гэсэн. Нэгэнт л өөрөө ороод хохирсон учраас яаж ч болохгүй юм. 47 сая төгрөг гэдэг маш их хэмжээний мөнгө шүү дээ. Өрөө барагдуулахын тулд хамаг юмаа зарахад хүрч байна. Өөр яах билээ. Үхэлтэй биш.

-Бусдад юуг сэрэмжлүүлэх вэ?

-Барьцтай биш, ядаж монгол утасны дугаартай, хаяг байршил нь тодорхой биш, цахим сүлжээнд битгий итгээрэй гэж л хэлье дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *