Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цахим системийг автобуснуудад нэвтрүүлээд байгаа. Өчигдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн цахим системийн явцын талаарх мэдээллийг нийслэлээс өгөхөөр болжээ.
Нийтийн тээврийн автобуснууд зорчигчдоо урд хаалгаараа оруулж, цахим карттай иргэд ухаалаг машинд уншуулж орно. Харин картгүй иргэд бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийх байдлаар үйлчлүүлж эхэлсэн. Иргэдийн хувьд цахим картаа хараахан авч амжаагүй учраас бэлэн мөнгөний хайрцаг тэр дороо мөнгөөр дүүрч байгаа харагдсан. Харин иргэдийн хувьд шинэ зүйлд дасаагүй байгаа учраас мөнгөө тааруулж өгөхөөс эхлээд хүндрэлтэйг хэлсэн. Гэхдээ иргэдийн зүгээс нэгэнт олон улсад нэвтэрсэн, соёлтой үйлчилгээг нийслэлдээ нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Ямартай ч цахим систем хэрэгжээд хоёр хоносон учраас ажлын хэсгийнхэн явцын талаар өнөөдөр мэдээлэл өгөхөөр болжээ. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А зааланд цахим системийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх гэж байна.
Цахим картыг оруулж ирж буй “Улаанбаатар смарт карт” компанийн мэдээлж буйгаар нийтийн тээвэрт үйлчилдэг 1000 гаруй автобусанд цахим машиныг суурилуулжээ. Мөн иргэдэд олгох цахим картыг автобусны буудал дээр байрлах ТҮЦ-үүдэд 3600 төгрөгөөр худалдаж байна. Мөн ТҮЦ-үүдэд очиж цахим картаа 500-90 мянган төгрөгийн үнээр цэнэглэнэ.