Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах шинээр баригдаж буй арван давхар барилгын цахилгаан шатны хөндийгөөс цогцос олджээ. Тодруулбал, дээрх хэргийн мэдээлэл өчигдөр /2019.09.30/ 10.45 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар Нийслэлийн аврах ангийн зургаан алба хаагч болон цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд барилгын харуулын ажилтан, 63 настай Б болох нь тогтоогджээ. Аврах ангийн алба хаагчид цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд талийгаачийн үхэл гаднын нөлөөтэй эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм.