Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасын дэглэм сахиулалтын байдалд долоодугаар сарын 29-нд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийжээ.
10 аж ахуйн нэгжид хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтаар “Мултипак” ХХК нь хамгаалалтын зурвасыг бүрэн чөлөөлсөн бол үүрэг даалгаврыг биелүүлээгүй дөрвөн аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлан, хамгаалалтын зурваст байрлуулсан контейнерууд, автомашин техник хэрэгслүүд, төмөр бэлдэц, асгасан шороо зэргийг зөөж, зайлуулах ажлуудыг хийлгэв. Улмаар газар чөлөөлөх асуудлыг холбогдох байгууллагад тавьж, шийдвэрлүүлэхээр ажилласан байна.
Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулах, техник болон объект байрлуулах нь хүчтэй бороо, салхи, шуурга, үер зэрэг байгалийн үзэгдэл, бусад болзошгүй аюулын үед гал гарах, цахилгаанд цохиулах, улмаар хүний эрүүл мэнд, амь нас хохирч болзошгүй нөхцөлийг бий болгож байгаа юм.
Түүнчлэн шугам сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулах, шугам таслах, гэмтээх, засвар үйлчилгээ явуулахад хүндрэл учруулдаг.
Иймд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын хамгаалалтын зурвас газарт байрлаж буй иргэд, аж аж ахуйн нэгж, байгууллага хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлж яаралтай зурвас газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр зурвас газарт үйл ажиллагаа явуулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.