УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Хүний эрх ба эрүү шүүлтийн асуудал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр Монголын хууль хяналтын байгууллагууд болон эрүүдэн шүүхийн эсрэг төрийн бус байгууллагууд эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар санал солилцож, зөвлөмж гаргажээ.
ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “Өнөөдөр хүний хандлага өөрчлөлтийг өөрчлөхгүйгээр эрүү шүүлт дээр олон юм яриад ямар ч амжилтад хүрэхгүй гэдгийг ХЭҮК-ын 20 жилийн түүх харуулна. Өнгөрсөн хугацаанд бидэнд хууль болон хэрэгжүүлэгч нь байсан. Бид 2000 онд гэрээ конвенцид нэгдэн орсон юм бол үүнийг хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүү шүүлтийг олон хүн амаа цуцтал ярьсан. ХЭҮК-ын нэг сургалтад суусан хүн гурван жилийн дараа ажлаа солиод явчихдаг. Зарим прокурор, шүүгчтэй уулзаж, олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрд гэхээр дээд байгууллагаас заавар ирээгүй гэдэг. Хүний үгээр биш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй” гэдгийг хэлж байв.
2017 онд эрүү шүүлттэй холбоотойгоор 51 гомдол мэдээлэл ирснээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчдын үйлдэлтэй холбоотой байжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эрүү шүүлт хамгийн их байгааг албаныхан хэлж байлаа.
Улсын хэмжээнд анхан шат 2006-2018 онд нийт 11 гэмт хэргийг хянан шийдвэрлэж, 13 хүнд ял шийтгэл оногдуулжээ. Хяналтын шатны шүүхээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цагдаагийн хэсгийн төлөөлөгч хохирогч нарт хүч хэрэглэх, хүний халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг шийдэгдсэн байна. Энэхүү хэрэгт холбогдогчийн ажиллах эрхийг гурван жилээр хасч, гурван жилийн хугацаанд хорих ял оноосон байна.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд эрүүдэн шүүхийн эсрэг зөвлөл байгуулагджээ. Энэхүү зөвлөл ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хяналт, шалгалт хийж, хорих ангийн 3000 гаруй сэжигтэн, яллагдагч нартай уулзаж, биед халдах, эрүүдэн шүүхтэй холбоотой 35 гомдлыг тогтоож, холбогдох байгууллагад шалгахыг үүрэг болгосон байна. Мөн эрүү шүүлт тусгах, эрүүдэн шүүхгүй байх чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж, сургалт явуулж, шаардлага хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч, хорих анги, баривчлан саатуулах газарт хяналтыг сайжруулах, цагдан хоригдсон этгээдийн өрөөг зөвшөөрөлгүй солих, цагдан хорих байрны тусгай өрөөнүүдийг бүгдийг нь татан буулгасан байна.