-ТЭД БҮСЧИЛСЭН ХАМГААЛАЛТ БУУСНЫ ДАРАА ҮҮРЭЭР ОРГОСОН АЖ-
Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан хоёр хүн өчигдөр үүрээр оргожээ. Өчигдөр биднийг тус хорих ангид очиход алба хаагч нь мэдээлэл өгөх албаны хүн байхгүйг онцлоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-т шаардлагатай мэдээллийг хүргүүлсэн гэсэн юм. Өөр эх сурвалжийн мэдээлснээр уржигдар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийх үеэр ШШГЕГ-ын харьяа нийслэл дэх хорих ангиудад бүсчилсэн хамгаалалт авчээ. Өөрөөр хэлбэл, хамгаалалтыг чангаруулж, хорих ангийн алба хаагчид өндөржүүлсэн байдалд ажилласан байна. Цагдан хорих 461 дүгээр анги ч бүсчилсэн хамгаалалттай байсан аж. Хамгаалалт айлчлал дууссаны дараа буужээ. Харин хоригдож байсан иргэд өчигдөр өглөө 04.00 цагийн орчимд оргосон аж. Тухайн үед хамгаалалт буусан, хуягуудын анхаарал суларсан байсныг оргосон хүмүүс ашигласан бололтой юм. ШШГЕГ-аас болсон явдлын талаар тодруулахад “Хоригдож байсан хоёр хүн оргосон. Тэд хулгайн гэмт хэргээр шалгагдаж байгаа. Одоогоор баривчлаагүй байна. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Оргосон хҮмҮҮс
хэн бэ
Үүрээр оргосон хоёр хүн онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдаад байжээ. Тэдний нэгийг Энхсайханы Гантөмөр гэдэг. Тэрбээр 23 настай. Э.Гантөмөр хүн амины болон залилангийн хэргээр шалгагдаж байсан аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай хөнөөсөн хэрэгт холбогджээ. Мөн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллагдсан байна. Хуулийн тус зүйл ангид “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Оргосон өөр нэг яллагдагчийг Буян-Өлзийн Амарбаясгалан гэдэг. Тэрбээр 22 настай. Хулгайн хэргээр шалгагдаж байхдаа оргожээ. Б.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 буюу “Бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар ялласан аж.
Тэд баригдвал холбогдсон дээрх хэргээс гадна оргон зайлсан гэх зүйл анги нэмэгдэх юм.
Оргодлуудыг өчигдөр нийслэлд эрэн сурвалжилсан ч 19.00 цагийн байдлаар олдоогүй байсан юм. Тэд гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй аж. Мөн гар утсаар бусадтай ярьсан гэх сэжиг илрээгүйг эх сурвалж хэллээ. Мөн нийслэлээс гараагүй байх магадлалтай аж. Учир нь нийслэлээс гарах бүх постуудад оргодлуудын талаарх мэдээллийг хүргүүлж, цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж байгаа аж.
Хаалгаар гарЧ оргосон уу
Цагдан хорих 461 дүгээр ангийн хашааны хаалгаар л биш бол оргох боломжгүйг эх сурвалж онцолсон. Тиймээс хоригдож байсан хоёр иргэн хамгаалалт суларсан үед хашааны хаалгаар гарсан байх магадлалтай аж. Эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн жилүүдэд Цагдан хорих 461 дүгээр ангийнхны ажлын хариуцлага суларсан. Хоригдож байгаа хүмүүс хуяг, харуулуудынхаа өрөөгөөр орж гараад явж байдаг болсон гэнэ. Наадмын өмнө мөн тэндээс нэг хүн оргоод хоёр цагийн дараа баригдсан аж. Энэ талаарх мэдээллийг дотооддоо нууцлаад өнгөрсөн гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Үүний дараа тухайн өдөр ажилтай байсан хуягт цалингийн хувиар торгох хариуцлага тооцоод өнгөрчээ. Энэ удаад хоёр хоригдол оргосон талаарх мэдээллийг өчигдөр өглөө 9.00 цагийн орчимд ШШГЕГ-т мэдэгдсэн байна.
Цагдан хорих 461 дүгээр ангид шүүхээр хэрэг нь шийдэгдээгүй байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг шүүгчийн захирамжаар хорьдог. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон ч гэм буруутай нь нотлогдоогүй байгаа иргэд тэнд эрх чөлөөгөө хязгаарлуулдаг гэсэн үг. Тиймээс ч анх хоригдож байгаа, шүүгдэхээ хүлээж байгаа иргэдийн сэтгэл санаа ялтнуудтай харьцуулахад тогтворгүй яаж ч мэдэхээр байдаг аж. Тэр утгаараа цагдан хорих ангийн харуул хамгаалалт маш сайн байх ёстой гэдэг шаардлага тавигддаг. Бас оргон зайлж магадгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, мөрдөн байцаалтын явцад саад учруулж мэднэ гэж үзсэн хүмүүсийг шүүхийн шийдвэрээр төрийн хамгаалалтад хорьдог. Тэр утгаараа төр тухайн хүний амь нас, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Гэтэл Цагдан хорих 461 дүгээр ангид төрийн хамгаалалтад байсан хүн амиа алдсан хэрэг гарсан. Мөн “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар өрөөндөө шатсан хэрэг гарсан. Түүний өрөөнд гал гаргахуйц эд зүйл оруулснаараа төр буюу хорих ангийнхан үүргээ гүйцэтгээгүй гэсэн үг. Энэ удаад ч цагдан хорих ангийнхны харуул, хамгаалалт муугаар гэмт хэрэгт шалгагдаж байсан хоёр хүн оргожээ.
Ц.ӨрнӨх