Одоогоос 15 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр дөрвөн хүн буудуулж, нэг хүн угаартаж нас барсан дуулиант хэрэг мандсан. Олон зуун залуус баривчлагдаж ял сонссон нь ч бий. Энэ хэргээс улбаалж Цагдаагийн байгууллагыг тухайн үед удирдаж байсан дөрвөн хурандаа ял сонсож, цагдаагийн 14 албан хаагч хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг. Тэгвэл мартагдах дөхсөн энэ хэргийг сэргээж шалгаж эхэлсэн талаар мэдээллүүд гарч эхлээд байна. Энэ дуулиант хэргийг дахин шалгаж эхэлнэ гэдэг бол шинэ нөхцөл байдал, шинэ нотлох баримт илэрсэн гэсэн үг. Энэ хүрээнд Цагдаагийн ажилтны ар гэрийн холбооны гүйцэтгэх захирал, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Долдугаар сарын 1-ний хэргээс хойш 15 жил болжээ. Та бол тэр үймээний үеэр бэртэж гэмтсэн цагдаагийн албан хаагчид болон хэрэгт буруутгагдсан цагдаа нарын эрхийг хамгаалж олон жил дуугарсан хүн. Өнөөдөр тэдгээр цагдаа нарын нөхцөл байдал ямар байгаа талаар та л бодит зүйл ярина даа…?
-Долдугаар сарын 1-ний хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн аж амьдралд юу болов гэхээр эмгэнэлтэй зураг л харагддаг. Тухайн үед цагдаагийн газрыг удирдаж байсан дарга нар хорих ялаар шийтгүүлсэн. Үүрэг гүйцэтгээд явж байсан цагдаагийн 14 алба хаагч сэжигтэн яллагдагч нэртэйгээр 15 жил орчим явлаа.
Хүний нэр төр цэвэр тунгалаг байх, ар гэрийн аж амьдрал, сэтгэл санаа амар амгалан, төвшин байх, ижий аав нь үр хүүхдийнхээ үйл ажлаар бахаддаг, үр хүүхэд нь аав ээжийнхээ алба ажлаар эрэлхдэг, эрэмшдэг явдал өнгөрсөн 15 жилд энэ хэдэн цагдаагийн алба хаагчдад байгаагүй. Тэдний эдлэх ёстой эрх зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл, хэлмэгдсэн. Тухайлбал, дөрвөн даргыг шийтгээд ял эдлүүлсэн.
Зарим нь нас барсан даа. Энэ бол тийм дурсаад, тийм ч таатай биш байна. Гэхдээ яг одоо бодит байдал ийм л байгаа.
Яагаад цагдаагийн дарга нарыг хилсээр шийтгэчихсэн гэж хэлж байгаа юм бэ гэж чи асуух байх. Ерөөсөө яллагдагч сэжигтнээр татагдсан 14 алба хаагчийг нас барсан дөрвөн хүнийг буудсан гэдгийг тогтоогоогүй. Тийм мөртлөө чиний удирдлагад байсан цагдаа нар хүн буудаж алсан байна гээд дөрвөн даргыг шийтгэчихэж байгаа юм. Ингэж болдог юм уу. Бүр сонин зүйл болсон. 2017 оны долдугаар сард дээрх нэр бүхий цагдаагийн 14 алба хаагчийн үйлдэл холбогдлыг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байдаг юм байна. Үүнийг бид саяхан, өнгөрсөн арванхоёрдугаар сард олж мэдлээ.
-Таван жилийн дараа гэсэн үг үү?
-Тийм.
-Яагаад?
-Бид ч үүнийг асуумаар байна. Яагаад тухайн үед нь, 2017 оны долдугаар сард хүмүүст нь тогтоолыг танилцуулсангүй вэ. Яагаад ЦЕГ-ын удирдлага, дарга нарт мэдэгдээгүй юм бэ. Ёстой нөгөө ариун явдал уу гэдэг юм болсон. Бид энэ асуудлаа хөндөж, тавьж, ярьж байгаа.
-Таван жил дарах ямар сонирхол байна вэ?
-Мэдэхгүй. Хэлэхээсээ айсан юм уу. Одоо их сонин байдал үүсч байна. Долдугаар сарын 1-ний хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан 14 хүнийг “Чи гэмт хэрэг үйлдээгүй байна” гээд чөлөөлснөө хэлэхээр нөгөө дөрвөн даргыг яах вэ гэдэг асуудал үүсч байгаа юм. Тэд ял эдэлчихсэн шүү дээ, бүр. Хүн хэлмэгдүүлсэн бодит факт мөн биз дээ.
Энэ хэргийг прокурор, Прокурорын мөрдөн байцаах алба өөрөө л хийсэн ажил. Дотроо бүтэц байгуулж байгаад энэ хэргийг мөрдөөд прокурор нь яллаад шүүх дээр шүүн таслах ажиллагааг явуулчихсан шүү дээ.
-Хэргийн гол буруутан гэж үзэж байсан цагдаа нарын эрх сэргэлээ гэхэд амиа алдсан дөрвөн хүнийг хэн буудсан бэ гэдэг асуудал сөхөгдөх нь?
-Түүнийг олох ёстой. Би мөрдөгч биш л дээ. Ерөнхийд нь тойм ойлголтоор харахад яг долдугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлиг шийдвэр гарсан үетэй давхцуулаад дөрвөн хүнийг хэн буудаж алсан бэ гэдгийг шалгах субъектууд нь цагдаа, тагнуул байсан бол өөр байх байсан болов уу. Прокурорын дэргэдэх мөрдөн долдугаар сарын 2-ноос нь энэ хэргийг шалгаж эхэлсэн. Прокурорын мөрдөнг муу, чадваргүй гэж хэлэх гэж байгаа юм биш. Тэд цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, прокурор гэх мэт тусгай хүчний байгууллагын ажилтнуудын дундаас үйлдсэн гэмт үйлдлүүдийг шалгадаг субъект. Түүнээс биш эрүүгийн гэмт хэрэгтэн, гадаадынхныг шалгах эрх байхгүй. Хуулиараа тийм. Нэг ёсондоо цагдаагийн эргүүл хамгаалалтын газрын тухайн үед тэнд үүрэг гүйцэтгэсэн хэдэн албан хаагчдыг л шалгаад байсан. Манай хэдийг л тойруулж мөлжсөн. Гадагшаа хальж чадаагүй. Гадагшаа гарч шалгах эрх ч байхгүй, боломж байхгүй.
Нийгэмд ойлгуулахдаа цагдаа л энэ хэргийг үйлдсэн гэдэг. Х.Тэмүүжин гэдэг сайд сум, хонгио хоёр харуулж байгаад “Цагдаа буудсан” гэж яриад байсан биз дээ. Ингэж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, цагдаа л буудсан юм байна гэдэг тархи угаалт хийсэн. Тэгж цагдаагийн албан хаагчдыг шийтгүүлсэн. 14 албан хаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгочихоод таван жил дарсан. Энэ өвөл л олж мэдлээ шүү дээ. Ийм л зүйл болоод байгаа юм. Яривал зөндөө юм ярина. Гэхдээ ярих цаг нь арай болоогүй байна. Улс төрийн нөхцөл байдал, чин үнэнийг хэлэхэд Шүүх, Прокурор ямархуу ёозтой байгаа вэ гэдгийг нийгэм даяараа мэдэж байгаа шүү дээ.
-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж шалгаж эхэлсэн гэж байгаа. Цагдаа нарын хэрэг хэрэгсэхгүй болж, шинэ нөхцөл байдал илэрчээ дээ, янз нь?
-Гэмт хэрэг үйлдсэн, үйлдэгдсэн нөхцөл байдал дээр уялдуулаад сэжигээ зөв гаргаад шалгалтаа хийх ёстой. Даанч олон жил боллоо. Сэжиг, тухайн үед авагдаж байсан мэдээ, мэдээлэл гэж юу байдаг юм бол. Прокурорын мөрдөн байцаах алба юу шалгасан байдаг, тэр хэрэг дотор сонирхол татахуйцаар ямар баримт авагдсан байдгийг үзэх шаардлагатай болж байна. Улстөржихөөрөө л хүний амь насны хэрэг илрэхээ байчихаад байгаа шүү дээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэг байж л байна.
-Хэрэгт татагдсан цагдаа нараас гадна үймээний үеэр үүрэг гүйцэтгэж байгаад эрүүл мэндээрээ хохирсон алба хаагчид олон байдаг. Тэд ажил үүргээ гүйцэтгэж байгаа юу?
-Долдугаар сарын 1-нд 532 алба хаагч ямар нэгэн хэмжээгээр бэртэж гэмтлээ гэсэн тоо гарсан. Үүнээс 397 нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хохирогчоор тогтоогдсон байдаг. Ер нь ойлгомжтой нь, хатуу биетийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байдаг. Чулуунд оногдсон, модоор, төмөр трубагаар цохиулсан, сүлбүүлсэн, хатгуулсан. Нүүр нүд, толгой тархиндаа цохиулсан хүнд зэрэгтэй гэмтлүүд олон гарсан. Нүдний хараа, өрөөсөн бөөрөө авахуулсан, өрөөсөн төмсөгөө авхуулсан, тахир дутуу болсон, нурууны хугарлаас болж сэртэн яснууд хугарсан, группэд орсон алба хаагчид олон бий. Миний санаж байгаагаар найман хүн хөдөлмөрийн чадвараа алдаж группэд орсон. 10 орчим хүн тухайн үед ажлаа хийж чадахгүй болж чөлөөлөгдөж байсан.
-Цагдаагийн байгууллага энэ хүмүүстээ анхаарал тавьж байв уу?
-Амралт сувиллын газарт явуулсан, асарсан. Хэрэг гарснаас хойш нэг жилийн дараа Ламбаа гуайг Эрүүл мэндийн сайд байхад хамтарсан Ажлын хэсэг гаргаад долдугаар сарын 1-нд бэртэж гэмтсэн 397 албан хаагчаас 245 хүнийг дахин эмчилгээ шинжилгээнд хамруулсан юм. Үүнээс 140 хүн эдгэрч илааршсан байна, ажил үүргээ гүйцэтгэж болно гэсэн бол үлдсэн 100 гаруй хүн үргэлжлүүлж эмчлүүлэх шаардлагатай болж таарсан. Эмчилгээ сувилгаанд зориулж тодорхой хэмжээний мөнгөн тусламж өгсөн удаа ч бий.
-Буудуулж амиа алдсан иргэдийн ар гэрт улсаас нөхөн олговор олгосон. Цагдаагийн ар гэрийг улсаас харж үзсэн зүйл байдаг уу?
-Манайханд өгөөгүй. Долдугаар сарын 1-ний үймээнээр авсан гэмтэл нь даамжирсаар нас барсан дөрвөн алба хаагч бий. Хамгийн сүүлд Эрдэнэ-Очир нас барсан. Тархины хүнд гэмтэлтэй. Унаж тусдаг болоод ажлаа хийж чадахгүй болсон доо, хөөрхий. Тиймээс группэд гарч, өвчин нь даамжирсаар өөд боллоо. Мөн П.Баясгалан гэж залуухан цагдаа бас яг ийм тархины гэмтэлтэй. Ажлаа хийж явж байгаад нэг л орой “Толгой өвдөөд байна” гэж хэвтээд л нас барсан байдаг. Үүнээс өмнө хоёр ч алба хаагч өөд болсон юм. Эдгээр дөрвөн хүн долдугаар сарын 1-ний үймээний үеэр олсон гэмтлээсээ болж л нас барсан гэж үздэг. Талийгаачдын ар гэрт ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж, нөхөн олговор олдоогүй.
Харин буудуулж нас барсан, угаартаж нас барсан, бууны сумны шарх олоод тахир дутуу болсон иргэдэд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 50 сая ч бил үү, 80 сая бил үү төгрөг өгсөн. Би бас энэ хүмүүстээ олж өгье гэж хөөцөлдөж үзсэн. Бүтээгүй.
-Юу гэх юм бэ?
-Цагдаа гэхээр тэгдэг юм уу, өгөх сонирхолгүй юм билээ. Тухайн үеийн төр нь аль талдаа үйлчилдэг байсан бол доо гэж би одоо боддог юм. Үймээн дэгдээсэн хүмүүст үйлчилдэг төр байсан юм биш биз дээ гэж. Монголын цагдаа бол төрийн гар хөл байх аа. Хуулийг сахиулах л гэж ажиллаж байгаад эрэмдэг, зэрэмдэг болсон хүмүүс. Яахав, 2009 оны долдугаар сарын 9-нд батлагдсан Нөхөн олговрын хуулиар тэтгэмж авсан хүмүүс бий. Гэмтлийн зэргээсээ хамаараад 700 мянгаас долоон сая төгрөгийн нөхөн олговор өгсөн байдаг юм. Түүгээр болчихлоо гэж үздэг юм болов уу даа.
-Цагдаагийн дөрвөн албан хаагч гэмтлээ даалгүй нас барсан гэлээ. Ар амьдрал нь ямаршуу үлдсэн бол доо?
-Ажлаа хийж байгаа ард иргэд яажшуу амьдардаг билээ дээ. Гэтэл ажилгүй болсон айл өрхийн аж амьдрал ямар байх нь ойлгомжтой. Дээрээс нь тархи, нуруу нугасны гэмтэл өвдөлт ихтэй байдаг. Хэрэглэдэг эм тан нь ховор, үнэтэй. Гавьтай сайхан амьдраад байгаа юм алга.
Жишээлбэл, талийгаач Эрдэнэ-Очир гэдэг цагдаа гэр бүлээрээ хөлсний байранд амьдардаг байлаа. Өндөр настай ээжтэйгээ, эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байсан. Хүүхэд нь оюутан болсон гэж дуулддаг. Оюутны сургалтын төлбөр, орон байрны түрээсийн мөнгө, ээжийнх нь асаргаа зэрэг их л зардалтай. Гэтэл тэр гэрийг тэжээж байсан хүн нь гэмтлээр өөд болчихсон.
П.Баясгалан гэдэг цагдаа байлаа. 32-хон настайдаа тархины гэмтлээр нас барлаа. Гэтэл удалгүй эхнэр нь бас өөд болсон. Тэгээд өнчин нэг охин үлдсэн. Уг нь хөөрхөн товхийсэн айл Зурагтад амьдарч байсан юм билээ. Гэвч нөхөр нь үүрэг гүйцэтгэж байгаад гэмтэл авч өөд боллоо. Аж амьдрал нь доройтоод эхнэр нь сэтгэл санааны хямралтай явсаар нас барчихсан. Өнчин үлдсэн охиныг талийгаач цагдаагийн аав Пүрэвдорж асардаг. “Өнчин охиноо сургуулийг нь төгсгөөд мэргэжилтэй болгочих юмсан даа” гэж Пүрэвдорж ярьдаг. Хэдэн муу цагдаа нарын маань нөхцөл байдал иймэрхүү л байгаа юм.
Энэ хэргийг сэргээгээд шалгаж байгаа нь сайн. Гэмт хэрэгтнийг олох хэрэгтэй. Нөхцөл байдлыг зөвөөр тогтоох ёстой. Бас нэг сайн юм нь 14 цагдааг хүн буудсан, хүний амь нас бүрэлгэсэн, зохион байгуулалттай бүлэг гэдэг ангиллаас амьдад нь нэрийг нь салгасанд баяртай байгаа. Энэ хэргээс улбаатай олон ч хүнд, хэцүү зовлон бэрхшээлийг тэд маань үзэж дээ.
-Харамсалтай нь Ш.Батсүх хурандаа ялаа эдэлж гарч ирээд удалгүй өөд болов уу даа?
-Ш.Батсүх хурандаа сахартай байсан хүн л дээ. Сахар бол сэтгэл санаанаас шалтгаалдаг хэцүү өвчин. Сахар нь эцсийн шатандаа орчихсон. Тийм байдлаас болж өөд болсон. Долдугаар сарын 1-ний хэрэгт шалгуулж, хоригдож байх хугацаанд нь ээж, хоёр ч дүү нь өөд болсон байдаг шүү.
Нөгөө 14 цагдаагийн алба хаагчдын нэг Мягмаржав хурандаа нас барсан. Даржаа дэд хурандаагийн эхнэр өөд болсон, хөөрхий. Хажуудах хань ижил нь хэрэг төвөгт шалгуулж шаналгаатай байхаар эргэн тойрны хүмүүст хүнд нөлөөлнө шүү дээ. Ариунболд цагдаагийн аав өөд болж, Батцэрэнгийн эхнэр салж хүүхэд нь өнчрөөд, аав нь нас барсан гээд яривал их л хүнд зүйлс болсон доо. Хүний амьдрал тоглоом болж байна шүү дээ. Ядаж л энэ хүмүүст олон жил хилийн хориг тавьчихсан. Төмөр замын цагдаа байлаа гэхэд галт тэргэнд үүргээ гүйцэтгээд хойшоо хил гарах гэхээр хоригтой гээд хил дээрээс буцаадаг. Цагаан сар болж байна, ижийдээ оймс тэрүүхэн олоод ирье гээд урагшаа явахаар буцаад л ирнэ. Энэ чинь хүнийг хөөрхөн шоглож байгаа юм.
-Тангараг өргөсөн цагдаа нар өөрсдөө онц хүнд гэмт хэрэгт татагдаж, нийгэмд адлагдаж удаан хугацаанд явах тийм ч хүсэх зүйл биш шүү…?
-Хүнд, хүнд. Монголын төрд тангараг өргөдөг субъектууд бий л дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдээс эхлээд эмч, сувилагч, прокурорууд тангараг өргөдөг. Гэхдээ шаардлага гарсан тохиолдолд амь биеэ үл хайрлахаа батлан тангараглаж байгаа ганцхан субъект байгаа. Тэр нь цагдаа. УИХ-ын гишүүд эх орноосоо урвах юм бол амь насаа өгнө гэдэггүй биз дээ. Тэгчихээд улс орноо тоноод, ард түмнээ ядууруулаад л явж байна. Харин Монголын цагдаа шаардлагатай тохиолдолд амь насаа үл хайрлахаа батлан тангараглаж байгаа. Тиймдээ ч долдугаар сарын 1-ний хэрэг дээр нэг ч цагдаа дуулга, бамбайгаа тайлж шидчихээд зугтаагаагүй юм шүү. Ямар ч байсан чулуун мөндөрт хавтгай болтлоо нүдүүлээд ард нь гарсан юм. Гэтэл яллагдагч болсон, дарга нар нь шоронд орсон. Том доромжлол шүү.
1930-аад оны үед цагдаагийн дарга нар хэлмэгдсэн байдаг юм. Гүрсэд, Дугаржав нарын дөрвөн хүнийг тухайн үед ЗХУ-д аваачиж цаазлуулсан. Гэтэл XXI зуунд Монголын төр цагдаагаа дахин хэлмэгдүүлсэн. Энэ явдал түүхэнд үлдэх байлгүй, бичигдэх байлгүй. Ямар нэгэн хэмжээгээр хойчийн хойч үед сургамж болж үлдэх л ёстой асуудал.