Categories
мэдээ цаг-үе

​Цагдаагийн есөн хурандаатай ангийнхан

Энэ удаагийн “Нэг анги” буландаа Цагдаагийн дээд сургуулийн Хуулийн салбарын ангийг 1997 онд төгссөн алба хаагчдыг онцолж байна. Цаг наргүй цагдаагийн албыг хашиж, эрдэм оюуныг хослуулан, ард түмний амар амгаланг сахиулах үйлст хүч зүтгэж яваа алба хаагчид 25 жилийн өмнөх өдрүүдээ дурсан, ангийн сонсогч бүрийнхээ нэрийг дурдаж, хэн хаана, хэрхэн ажиллаж байгаагаа ам уралдан ярилаа. Өнөөдөр тэд бүгдээрээ л албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн эрхмүүд болжээ.

Одоогоор тус ангийн 31 төгсөгчөөс цагдаагийн байгууллагад 17 хүн ажиллаж байгаа гэнэ. “Цагдаагийн хурандаа” цолтой ес, “Цагдаагийн дэд хурандаа” цолтой тав, газар, хэлтсийн дарга, тэнхимийн эрхлэгчээр есөн хүн ажиллаж байгаа аж. Ийм олуулаа удирдах алба хашиж, өндөр цолонд хүрч, хариуцлагатай албанд зүтгэж явна гэдэг аргагүй л бахархал юм. Тодруулбал, Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ойн баяр энэ сарын 19-нд тохиосон билээ. Энэ үеэр эдний ангиас хугацааны цагдаагийн хурандаа цолоор Ц.Насанбат, Б.Түмэнбаяр нар шагнуулсан баярт мөч тохиожээ. Ингээд долоон цагдаагийн хурандаа цолтон байсныг ийнхүү ес болгож, гавьяа үйлсээ бэхжүүлжээ.

Эдний ангийн П.Батбаатар “Одоогоос 25 жилийн өмнө арван жилийн дунд сургуулиа төгссөн. Ингээд хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн, цагдаагийн байгууллагад ажиллаж байлаа. 1993 онд шижигнэсэн сайхан 34 залуу Цагдаагийн дээд сургуульд элсэн орж, Хуулийн салбарын 1ё ангид хуваарилагдаж байсан юм. Тэдгээр өдрүүдээ эргэн санахад амьдралд минь үргэлж илүү тод гэгээ нэмэх шиг санагддаг. Тухайн үед Замын цагдаагийн газарт зохицуулагчаар ажиллаж байгаад ирсэн С.Хасбаатарыг курсийн орлогч буюу ангийн даргаар сонгож байсан. Атгасан гар шиг нэгдэн, нэг хамт олон болж суралцаад 1997 онд 31-үүлээ сургуулиа төгссөн. Сургуульд сонсогч байсан үед сайн сурч боловсорч, инээж баясаж, тоглож наадаж, ангиараа хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн хэзээ ч мартагддаггүй. Дахин олдохгүй, хамгийн аз жаргалтай, дурсамж дүүрэн үе минь байсан юм” гэж ярилаа. Тэрээр одоо Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа юм байна.

Харин Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Баярсайхан нь тус ангийн онц сурлагатан байсан гэнэ. Тэрээр “Манай ангиас Хууль сахиулахын их сургууль, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтэс зэрэг хуулийн бусад байгууллагад ажилладаг хүмүүс ч бий. Тухайлбал, С.Хасбаатар, У.Болдбаатар, Д.Борхүү, Б.Мөнхбаяр нар алба, хэлтэс, тасгийн даргаар ажиллаж байна. Бизнесийн салбарт л гэхэд Б.Ариунболд, Б.Сүрхийсайхан нар амжилттай ажиллаж ангийнхаа бахархал нь болж явна. Эх орноосоо алс хол Англид А.Дүүрэнжаргал, АНУ-д О.Алтан-Өлзий, Д.Дашмягмар, Ц.Сайханжаргал, БНСУ-д Д.Баттөмөр, Л.Наранбаатар, Ц.Цэрэндорж, Швед улсад С.Эндгэрэл нар гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байгаа. Гэсэн хэдий ч тэд маань алс хол нутгаас хамт олонтойгоо үргэлж холбоо харилцаатай байдаг” хэмээсэн юм.

Тус ангийнхан 30 жилийн ойтойгоо золгоход цөөхөн жил үлдсэн байгаа ч гэсэн он цагийн урсгалд бие биенээ мартаагүй, нэг нэгнийхээ хийж, бүтээж байгаад нь сураг тавина гэдэг одоо цагт ховордсон чанар билээ. Тиймээс аргагүй л амь нэгтэй хамт олон гэдэг нь тод харагдаж байв. Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа T.Баатар “Сургуулиа “Онц” дүнтэй төгссөн И.Батчулуун, Б.Баярмандах нар маань шууд “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор шагнуулж байсан. Тэгэхэд ангийн багш, цагдаагийн дэслэгч Б.Батцэрэн “Шавь нарын маань хоёр нь надаас том цолтой, бусад нь надтай адилхан цолтой болчихлоо шүү дээ” гээд хошигнож байсан нь хөгжилтэй. Энэ үе огт мартагддаггүй юм” хэмээн инээмсэглэн ярилаа.

Он цагийн шалгарлыг даван туулж ирсэн тус ангийн хамт олон энэхүү үерхэл нөхөрлөлийн нандин холбоогоо гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсээ гэсээр үргэлжлүүлж явна. Ангийн зарим нөхөд нь бурхны оронд одсон ч тэднийгээ мартаагүй, үргэлж дурсан санаж явдгаа ч илэрхийлж байсан юм. Мөн ангийн цагдаагийн хурандаа Т.Баатар “Мөрдөн байцаах албанд ахлах мөрдөн байцаагч байсан цагдаагийн дэд хурандаа А.Пүрэвхүүгийн хүүг Хууль сахиулахын их сургуульд элсэн ороход ааваас нь дутуугүй хандаж, бид тусалсан. Дорнод аймагт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад бурхан болсон цагдаагийн дэслэгч С.Тулгынхаа охиныг мэргэжлийн сургалтад хамрагдаж, ажилтай болоход нь тусалж дэмжсэн л дээ. Энэ нь бидний үүрэг юм даа” гэж хэлэв. Бие биенийхээ үр хүүхдийг хайрлаж, хүндэлж, амьдралын замд нь хөтөлнө гэдэг үлгэр дуурайл болохоор сайхан чанар. Хүний амьдралын хамгийн сайхан нь бие биенээ хайрлаж хүндлэх гэдгийг эдний ангийн хамт олны халуун дулаан яриа, төлөвшил хүмүүжлээс нь харж болно.

Ангийнхнаасаа цагдаагийн хурандаа Т.Баатар анхлан ОХУ-ын Москва хотод Дотоод явдлын яамны Удирдлагын академийг 2008 онд төгсөж, түүний дараа цагдаагийн хурандаа И.Батчулуун 2010 онд энэ Академийг “Онц” дүнтэй төгсч байжээ. Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуун “Би ийм сайхан залуустай нэг ангид суралцсан болохоор ажил алба маань өөдрөг байдаг гэж бэлгэшээн бодож, бахархдаг” гэдгийг хэлж байлаа.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр онцгой гавьяа байгуулж дэлхийн 7-8 улс орноос сайн ажилласан нэг хүнийг АНУ-ын Төрийн департаментаас баатраар тодруулж өргөмжлөл олгодог. Дээрх өргөмжлөлийг Монгол Улсаас анх удаа 2008 онд энэ ангийн төгсөгч одоо Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Түмэнбаяр хүртсэн нь ангийнхны бас нэгэн бахархал юм. Ц.Насанбат нь ч гэсэн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд цагдаагийн хурандаа цол хүртсэн нь баярлаж, бахархмаар сайхан үйл явдал болжээ. Ангийн багш Н.Гантулга “Хурандаа” цолтой, Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалж, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирлаар ажиллаж байгаа аж. Хичээл заадаг байсан багш нар нь ямагт үнэт сургааль хэлж, хүн чанартай байх зэргийг зааж сургасан байна. Ангийн дарга буюу курсийн орлогч, цагдаагийн дэд хурандаа С.Хасбаатар Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Албаны бэлтгэлийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, бие хамгаалах урлагаар амжилттай хичээллэсэн нэгэн гэнэ. Тэрээр Монголын гардан тулааны холбооны хар бүс, тавдугаар дантай, Каратэгийн төрлөөр Монгол Улсын спортын мастер цол хүртсэн ажээ. Мөн Цагдаагийн байгууллагын “Цагдаа” цогцолбор тэмцээнд олон удаа оролцож алт, мөнгө, хүрэл зэрэг зургаан медаль хүртсэн талаар ярилаа. С.Хасбаатар нь Цагдаагийн байгууллага, Хууль сахиулахын их сургуулийн бахархал болсон алба хаагч болжээ.

Мөн АНУ-ын Сан Франциско хотод амьдарч байгаа Д.Дашмягмар багаасаа бие хамгаалах урлагаар хичээллэж байсан чадварлаг тамирчин гэнэ. Тэрээр АНУ-д хувийн “Даша дожо” каратэгийн дэвжээг нээн ажиллуулсан төдийгүй шавь нар нь Америкийн олон тэмцээнд аваргалж, амжилт үзүүлдэг байна. Тиймээс түүнийг мундаг үлгэр жишээ болохуйц багш болсон гэдгийг ангийнхан дуу нэгтэйгээр дурслаа. Ангийн С.Эндгэрэл нь Швед улсад амьдарч байгаа. Монгол шагайн харваагаар хичээллэж, Европын тэмцээнүүдэд хоёр удаа түрүүлжээ.

Ангийнхнаас Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр хүн, Цэргийн гавьяаны одонгоор гурав, Цэргийн хүндэт медалиар 15, “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр хоёр, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр нэг, “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр нэг, “Цагдаагийн алдар”, “Цагдаагийн гавьяа” хүндэт тэмдгээр 12, “Монгол Улсын спортын мастер” цолоор хоёр хүн шагнагдсан байна. Мөн хууль зүйн ухааны магистр найм, докторант нэг, Үндэсний бөхийн “Аймгийн заан” цолтой нэг төгсөгч байгаа нь энэ ангийн хамт олон аливаа ажилд идэвх зүтгэлтэй, тууштай ханддаг, хөдөлмөрч зан чанартайг нь илтгэж байгаа юм.

Нэг хамт олон болж, бие биенийхээ алдаа оноо, жаргал зовлон, ололт амжилтыг одоо хүртэл хуваалцаж нэгэн гэр бүлийн хүүхдүүд шиг ижилсэж, ихэрлэж явна гэдэг ховорхон хувь тохиол. Суралцаж эхэлсэн намтар түүхийг уншиж, анд нөхдөө дурссан халуун яриа нь үргэлжилж, бурхны оронд одсон нэгнийхээ үр хүүхдийг дэмжсэн, зүтгэсэн, сургуульдаа хүндэтгэл үзүүлсэн, сургаж заасан эрдэмтэн багш нараа дурссан гээд “Нэг ангийнхан” гэж ийм л байх ёстой доо гэж бодогдмоор олон гэгээн сайхныг дэлгэлээ.

Ангийн хайрын түүхийг ч бас өгүүлэхгүй байж боломгүй. Тэр үед шефийн холбоо гэж анги, байгууллага бүхэнд байдаг байж. Энэ нь ямар нэг үйл явдал зохион явуулдаг холбоо юм байна. Эдний ангийнхан Анагаахын их сургуулийн эмчилгээний нэг ангитай шефийн холбооны үеэр харилцаа холбоо тогтоосноор хоёр ангиас одоо гурван хос гэр бүл болжээ. Ингээд тэд олон хүүхдийн аав, ээж болон аз жаргалтай амьдарч байгаа аж. Уг гэрлэсэн гурван төгсөгч гурвуулаа “Цагдаагийн хурандаа” цолоор шагнагдсан нь ч ховор тохиолдол юм билээ.

Өнгөрсөн жил төгсөлтийнхөө 20 жилийн ойг тохиолдуулан ангиуд хамтран тэмдэглэж, төрөлх сургуульдаа Сонсогчийн хөшөө, талбайг бүтээн байгуулж, мод тарьж тохижуулжээ. Үүнийг 1997 оны төгсөлтийнхөн төдийгүй Хууль сахиулахын их сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгчид бахархан дурсах сайхан үйл явдал болсон гэдгийг ч онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *