“Согтуу цагдаа гарцан дээр хүн дайрах шахаад бууж ирээд зодох шахлаа” гэх тайлбар бүхий цагдаагийн албан хаагчтай холбоотой дүрс бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Тэгвэл цагдаагийн дэслэгч н.Жамъяндорж цахим орчинд цацагдаад буй өөрийнхөө дүрс бичлэгт тайлбар хийлээ.
Тэрбээр “Энэ мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Өөрөө өөртөө их бурууг өгч байна. Их мэдрэмжтэй хүн утсаарсаа зураг авч, мэдрэмжтэй тэр хэсгийн бичлэгийг тавьжээ. Хүмүүс их айхтар болсон юм байна. Мөн мэдээллийн сайт, мэдээллийн хурд гэж айхтар болж… Юуны өмнө энэ бичлэгийг үзсэн бүх хүнээс уучлал гуймаар байна. Ийм характергүй үйлдэл гаргаж буй мэтээр бичлэгт харагдсандаа үнэхээр харамсаж байна. Цаашлаад энэ дээр тайлбар хийх нь зүйтэй байх…
…Би энгийн л хүн. Мөрөөрөө ажлаа хийж байгаа, цагдаагийн албанд орох гэж олон жил хүч хөдөлмөрөө шавхаж, олон жилийн нөр их хөдөлмөрийн дараа л дөнгөж дэслэгч цолоо зүүгээд явж байна. Албаныхаа нэр хүндийг унаган ингэж ярьж байгаадаа үнэхээр харамсаж байна.
…Гарцгүй шахуу газраар хоёр хүн зам хөндлөн гарч байсан юм. Энэ хоёр хүнийг гаргачихая даа гээд зогсох гэтэл тэр хоёр хүн зогсчихоор нь урдуур нь гарчихая гээд гарч байтал нэг залуу нь гэнэт огол харайгаад уруур мөргүүлчих шахаад гарахаар нь тормаз гишгээд сигналдсан. Гэтэл тэр залуу машины маань хаалга руу хүчтэй өшиглөсөн. Хэн ч гэсэн ундуйцна шүү дээ. Тэгэхээр нь “Чи яаж байгаа юм бэ” гээд зогссон чинь тэр залуу “Яадаг юм п… минь, чи хүн дайрлаа шүү дээ” гээд л маргалдаж эхэлсэн. Би албаныхаа хувцасны гадуур дээлээ өмсчихсөн, найзынхаа хүүхдийн даахийг үргээх санаатай явж байсан юм. Өнөөдөр албан дээрээ золгоцгоочихсон сэтгэл өндөр сайхан сэтгэгдэлтэй явж байсан чинь нэг нөхөр орж ирээд хамаг уур амьсгал эвдчихлээ. Энэ дээр согтуу гээд бичсэн байна. Үнэндээ хүн чинь заамдуулаад, дээл хувцасны зах урагдаад ирэхээр хүн гэдэг утгаараа уур ундуйцал их хүрсэн л дээ. Цагдаа гэдэг утгаараа омогшиж, бардамнасан зүйл огт байхгүй. Харин ч би ийм зүйлээс эмээж явдаг юм…ингэж байтал тэр залуу бичлэг хийгээд эхэлсэн” гэжээ.