Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн болон бусад алба хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байхыг анхааруулав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга угсралтын талбайн түр хашааг стандарт норм, дүрэмд нийцүүлэх, нэгж талбараасаа илүү талбайг хашаалсан хашаа хайсыг татуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудын зөрчлйг арилгах ажил хийлээ. Мөн ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, зөрчлийг арилгах, өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр нь хийж, зөрчлийг арилгуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байна.

Түүнчлэн хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 35 байршилд үзлэг шалгалт хийж, хоёр байршилд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт уулын цас, мөс хайлж үерийн далангаас давсан хэсгүүдэд 704 шоо метр шороо тээвэрлэн хаалт хийлээ. Авто замын гүүрний хэсэгт 1000 кг давс, бодис цацсан бөгөөд 36-р байрны гарааш усанд автсан тул 2820 шоо метр усыг машинаар соруулж, 2220 шоо метр усыг насосоор соруулан зайлуулж, яаралтай арга хэмжээ авч ажилласан. Мөн Сүхбаатар дүүргийн 18-р хороо Гүнжийн булаг орчмын уулын цас, мөс хайлж, шар усны үер айл өрх рүү халихаас сэргийлэн 0.8 метр гүн 1.2 метр өргөн 510 метр урт суваг татан, шаардлагатай арга хэмжээг авсан байна.

ЦАГДААГИЙН БОЛОН БУСАД АЛБАН ХААГЧИД ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХДАА ЁС ЗҮЙТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах ёстой гэлээ. Мөн сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн юм. Түүнчлэн гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэл, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалыг цаг тухай бүрд нь хийж, ачаалалтай байршлуудад автобусны тоог нэмэгдүүлэх, автобус хоорондын зайг 5-7 минутад зохион байгуулах, хөл хорионы өдрүүдэд дүүргийн удирдлагууд болон Захирагчийн ажлын алба хог тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах ёстойг анхаарууллаа.

Мөн “Ривер гарден”, “Хан хилсс” хотхоныг хоёр талдаа гарцтай болгох, “Хан хиллс” хотхоноос баруун тийш нэг км авто зам тавих, Туул голын эргийн дагуух болон Богд уулын тохижилтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Богд уул, Дугуй цагаан, Зүүн ширээт орчимд найман байршилд судалгаа хийсэн. Мөн “Хандлагаа өөрчилье” клубийн залуустай уулзаж, санал солилцсон. Энэ сарын 25-н гэхэд зураг төслийг бэлэн болгоно. Туул голын эргийн дагуу дөрвөн байршил 30 га газарт тохижилт хийхээр зургийн даалгавар бэлэн болсон. Мөн Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас Баянзүрхийн гүүрний баруун хойд талд нийтдээ 9.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал ирүүлсэн. Зөвлөлийн хурлаар дэмжиж, ажлын даалгавар хийж байна” гэлээ.

Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны “Нутгийн буян”, Нэхмэлийн шар байрны дунд барилга бариулахгүй гэж Хотын дарга хэлсэн. Тус газарт иргэдийн саналыг үндэслэн ногоон байгууламж бүхий тоглоомын талбайг доороо автомашины зогсоолтой барих эсэхийг шийднэ гэсэн билээ. Уг ажлын хүрээнд Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ “Нутгийн буян” компанийн СӨХ-ноос ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай байгуулах санал ирүүлсэн байна. Харин бусад оршин суугчид нь саналаа нэгтгэж байгаа гэлээ. Мөн тус газрын эзэмших эрх нь цуцлагдсаны дараа тохижилтын ажлыг тухайн барилгын компаниуд хариуцаж хийхээр болжээ.

Харин “Маршал таун”, “Ривер гарден”, “Хан хиллс” хотхон орчимд найман байршилд орц, гарц нэмэгдүүлэх боломжтой аж. Мөн “Хан хиллс” хотхоноос баруун тийш 930 метр урт авто замын зураг төслийн өөрчлөлтийг хэлэлцэн баталсан байна. Хотын дарга “Нэг хүний эрх ашиг биш нийтийн эрх ашиг учраас энэ ажлыг сарын хугацаанд хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид амласан, ярьсан, үүрэг чиглэл болгосон ажлуудаа богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстой” гэлээ.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгах үүргийг өглөө. Үүнд:

Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд

  1. Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, засвар шинэчлэл.
  2. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг,тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх.
  3. Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэл.
  4. Гэрэл дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл.
  5. Нийтийн тээврийн автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх.
  6. Нийтийн эзэмшлийн гудамжны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.
  7. Дүүргүүд өөрсдийнхөө онцлогт тохируулан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг угааж цэвэрлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажлаа эрчимжүүлэх.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах.
  2. Ил задгай кабелийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах.
  3. Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбар, хаалт, хашаануудыг буулгаж, цэгцлэх.
  4. Явган зорчигч, авто тээврийн хэрэгсэлд аюул учруулахуйц элдэв саад, хурц ирмэг бүхий болзошгүй аюул учруулах зүйлсийг янзалж цэгцлэхийг тус тус үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *