Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн байх бөгөөд үүнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948 гэмт хэрэг байгаа нь нийт гэмт хэргийн 2.9 хувийг, хүүхэд хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг тус тус эзэлж байна.
Энэ оны эхний 1 дүгээр улирлын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн нийт 140 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирчээ.
Хүүхдүүд эрх зүйн мэдлэг, мэдээлэл хангалтгүйн улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөж хохирох явдал байсаар байгаа нь дээрх тоон үзүүлэлтээс харагдаж байна.
Иймээс цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг энэ оны 04 дүгээр сарын 01-нээс сарын хугацаатай улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
Арга хэмжээний үеэр алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, таслан зогсоох, илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, хараа хяналтгүй, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгааг хийж, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажиллагааг улсын хэмжээнд хийж, хэрэгжүүлэх болно.