Удахгүй монголчуудын уламжлалт баяр болох гэж байна. Баярын үеэр иргэд ууц, тавгийн идээгээ алдахаас өгсүүлээд маш их хулгайд өртдөг билээ. Тэгвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг өрнүүлдэг.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулаад ЦЕГ, НЗДТГ, НИТХ-аас өгсөн чиг үүргийн дагуу “Сар шинэ” арга хэмжээ өчигдрөөс эхэлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 270 цагдаагийн алба хаагч нэмэгдлээр гарч ажиллана. Гудамж, талбайд ажиллах эргүүлийн үйл ажиллагаа сайн байснаар гэмт хэргийн тоо багасдаг. Урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц үр дүн өгдөг нь судалгаа, статистик тоо баримтаас харагддаг. Энэ үүднээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлээр эргүүлүүдээр дамжуулан тодорхой арга хэмжээг авна. Мөн ЦЕГ-аас явуулын камерын төвүүдийг авч гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг гудамж талбайд ажиллуулна” гэлээ.