Цар тахлын нөхцөлт байдлаас үүдэн МУ-н хэмжээнд 2020 оны 1 дүгээр сарын 27- ний өдрөөс эхлэн Өндөржүүлсэн бэлэн байдал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ээлж дарааллан шилжсэн. Энэ хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж ирсэн.
Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу хүн хүч, орон тоо нэмэгдээгүйгээс улбаалж Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид олон хоногоор 24/24 буюу тулаа гарч ажиллах, нийтээр амрах баярын өдрүүд, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажиллаж байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан нэмэгдэл хөлсийг нь тооцон олгоогүй байна.
Түүнчлэн Монгол улсын Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 11 ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Гэвч энэ үед ажиллаж байгаа алба хаагчдыг халуун хоол ундаар хангалгүй 8 цаг гудамж талбайд хүйтэн нөхцөлд үүрэг гүйцэтгүүлж байгаа нь “Хүн бүр хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй” гэх Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-дэх заалтыг зөрчигдөж байна гэж Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо үзжээ.
Тэд мөн ХЭҮК-д гаргасан гомдолдоо “Тус холбоо нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, байгууллага, алба хаагчдын амжилт бүтээлийг иргэд, олон нийтэд сурталчлах, алба хаагч, ажилтнуудын гэр бүлд дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх зэргээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэхүү хугацаанд алба хаагчдаас ирж буй гомдол мэдээллийг шийдвэр гаргах түвшинд уламжлах, тэдний төлөөлөн дуу хоолойг хүргэх зэргээр олон асуудлыг шийдвэрлүүлэхэд нөлөөллийн үйл ажиллагааг явуулж ирсэн. 2013, 2014 онуудад алба хаагчдаас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж буй талаар маш олон гомдол мэдээлэл ирж байсан бөгөөд энэ бүхнийг нийгэмд түгээж, болж бүтэхгүй байгаа асуудлыг сошиал медиаг ашиглан хүргэж байсан. Энэхүү гомдол мэдээллийн мөрөөр тухайн үеийн ХЭҮКомисс анхаарал хандуулж цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар хяналт, шалгалт судалгааны ажлыг зохион байгуулж ажилласан байдаг. Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийн 4-р бүлгийн 4.3-д Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар тодорхой дурдсан байдаг.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисоос 14 дэх илтгэлдээ Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар доор дурдсан дөрвөн саналыг тусгаж, шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй.
1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр тушаалаар “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэс, дэд хэсгийн байранд тавигдах ерөнхий шаардлага” CS11–0244:2014 стандартыг хэрэгжүүлж, илүү цаг, амралтын болон бүх нийтийн баярын өдөр ажилласан алба хаагчдад хуульд заасан нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, шаардагдах төсвийг баталж өгөх;
2. Засгийн газрын 2011оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн газар, хэлтсийг бүтэц, орон тоогоор нь ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, албаны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах; 3. Цагдаагийн алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн дэлгэрэнгүй үзлэг оношлогоонд оруулах зардлыг төсөвт тусган баталж, нэгдсэн журмаар зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4. Хөдөлгөөний аюулгүй байдал хангах чиг үүрэг бүхий алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад зам тээврийн осолд өртсөн тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэг, зөрчил эсэхээс үл хамааран үйлдвэрлэлийн осолд тооцож, хуульд заасан нөхөн төлбөр олгож байх.
Дээр дурдсан саналууд нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа нь алба хаагчдын хөдөлмөрлөх эрх нь өнөөдрийг хүртэл ноцтойгоор зөрчигдөж байна гэх бүрэн үндэслэлтэй” гэсэн байна.