Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаантүнгийн бэхэн цэнхэр өдрүүд DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын найман жилийн дунд сургуульд 1968-1976 онд суралцаж төгссөн наймын “А” ангийнхны тухай өгүүлье.

Эх орны алс баруун хязгаар нутгийн Найман жилийн дунд сургууль гэдэг тухайн үедээ номын үрийг хөдөөнийхөнд түгээдэг, ардын хүүхдийг номд шамдуулж, ертөнцийг тольдуулдаг оюуны том өргөө байвай. Алтанцөгц сумын төв Жинст хар уулын ар, Ховд голын урд байрладаг Цагаантүнгэ хэмээх үзэсгэлэнт хөндийд байршдаг. Сумын хажуугаар Хавцлын гол нүргэлэн түргэлэн урсана. Голын хөвөөгөөр дэрс, харганаас эхлүүлээд чацарганын мод багсайтал ургана. Цагаантүнгийн хөндийг анхлан харсан хүмүүн “Энэ сүрлэг хайрхадтай газар ийм сайхан төгөл модод байна гэж хэн санах вэ дээ” хэмээн шогширдог юм. Сумын төвөөс Цамбагарав хайрхны зулай цайран харагддаг билээ л.

Намар есдүгээр сард голын хөндий тэр аяараа улбартан шаргалтана. Чацарганын модод жимсээ даалгүй бөхийдөг авай. Хүүхдүүд хуруу гараа өргөсөнд нь хатгуулан байж улаарч, боловсорсон чацарганыг тагнайгаа цоортол иднэ дээ. Цагаантүнгийн намар ийм.

Сумын төв нь нүүдлийн. Зун болохоор Цагаантүнгэд амьд амьтан тогтохын аргагүй халж, шумуул элсээр шуурч байгаа мэт л шуугидаг болохоор сумын төвийг урин цагт Цамбагарав хайрхнаа бараадуулж, Эрэгт гол өгсүүлж Хоёр толгойд нүүлгэнэ. Тэгээд намар наймдугаар сарын сүүлээр хичээл эхлэх цагаар буцаад Цагаантүнгэ рүү ирцгээнэ. Ачааны машины тэвшин дээр тавилга, эд бараа, хүүхэд шуухад гэлтгүй бүгдийг ачааллаад Цагаантүнгэд бууна. Одоо ч тус сум нүүсэн хэвээрээ.

1968 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сумын сургуульд жар гаруй хүүхэд нэгдүгээр ангид бүртгүүлжээ. Монгол, хасаг хүүхдүүд тус тусдаа ангидаа сурна. Нэгийн “А” бүлэг нь монгол. Уг бүлэгт 46 хүүхэд бүртгүүлжээ. Нэг ангид 46 хүүхэд багтахгүй гээд хоёр бүлэг болгон хуваасан байна. Ингээд тэр жил сумын сургууль нэгдүгээр ангийн гурван бүлэгтэйгээр хичээлээ эхлүүлж.

Нэгийн “А” бүлгийн багш нь Ч.Баатар. Дэндүү эелдэг зөөлөн зантай, хүүхдүүдийг ердөө аашилдаггүй өндөр нуруутай Ч.Баатар багшид хүн бүр элгэмсэг хандана.

Олон жил ардын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулсан түүнийг сумынхан нь хүндэтгэнэ. Нэг айлын ууган хүүхдээс отгон хүүхэд хүртэл нь бүгд Ч.Баатар багшаар хичээл заалгадаг байсан болохоор тэгэхээс ч аргагүй. Шавь нар нь “Багш маань гавьяатын тэмдэг зүүх л багш байсан даа” хэмээн одоо ч ярьцгаана.

Есдүгээр сарын 10 гэхэд сумын иргэд ирж, нүүдэл суудал татарна. Тэр хүртэл сурагчид сургуулийн байр багтаамж муутай болохоор сумын Улаан булан, Артелийн Улаан буланд түр амьдарна. Шалаар нь нэлэнхүйд нь эсгий дэвсчихнэ. Сурагчид эсгийн дээрээ хэвтэж, унтана. Гал тогооноос хоол өгөхөөр газарт хэвтэж байгаад хооллоно. Өөр яалтай билээ. Ширээ сандал гэж юм үгүй. Эхний хэдэн өдөр гэр орноосоо авчирсан ааруул, боов боорцгоо идэж гэдэс цатгалан байх ч дараагийн өдрүүдээс нь өлсч эхэлнэ. Сургууль, сумын ногооны талбай руу нууцаар орж лууван, манжин хулгайлж иднэ. Сумын сургуулийн хүүхдүүд бүгд л ийм үеийг туулжээ. Наймын “А” ангийнхан ч ингэж лууван, манжин хулгайгаар идэж гэдэс гардаг байснаа одоо хуучилж, хүүхэд насныхаа хөгтэй явдлуудыг дэлгэж байна.

Ангийн дарга гэдэг тэр үедээ ангийн багшийн дараа ордог чухал хүн. Хөмсөг зангидсан, чангахан дуутай, хүнд шаардлага тавьж чаддаг мундаг хүүхдийг ангийн даргаар сонгоно. Нэгийн “А” ангийн даргаар Ж.Чулуунцэцэгийг сонгожээ. Сурлага сайтай, багш нарын итгэлийг олсон Ж.Чулуунцэцэг буюу Чукагаас ангийн хөвгүүд нь эмээнэ. Үймүүлж сахилгагүйтдэг сурагчдыг багшийн указкаар зодно. Тэр үед ангийн даргаа бусад сурагчид нь багшаасаа дутахгүй хүндэлж, айдаг байж. Чука нэлээд ширүүн, шулуун зантай охин байсан болохоор ангийн сахилгагүй Х.Даваажав, Н.Давхардаваа, Х.Баатар, Г.Дүгэрсүрэн нарын хөвгүүдээ указкаар гөвж л явж. Ангийнх нь хөвгүүд “Манай Чука ч ширүүхэн дарга байсан шүү. Нуруун дундуураа гөвүүлж л явлаа. Ангийн даргаасаа нэг жавтий хүртчихээр нэг хэсэгтээ л томоотой суудаг байсан сан” гэж дурсан ярьж “Дарга хүн чинь даргаараа л байдаг юм билээ. Манай Чука одоо ч гэсэн удирдах албан тушаал хашиж яваа шүү дээ” гэж байлаа. Гуравдугаар ангид орох жил хүүхдүүд цөөрч 32-уулаа болсон учир сургуулийн захиргаанаас монгол хоёр бүлгийг нэгтгээд нэг анги болгожээ.

Дөрөвдүгээр ангиа төгсөөд бүгд пионер болж улаан галстук нэр төртэйгөөр зангидна. Пионер болно гэдэг сурагч хүний том бахархал, пионерийн эгнээнд орно гэдэг нэр хүндтэй явдал. Бүгдээрээ пионер болж бөмбөрийн дуунд жагсч явсан тэр мөч амьдралынх нь баяр жаргалтай мөчүүдийн нэг байжээ. Пионер болно гэдэг нь өөрсдийгөө том болж, том ангийн ах эгч нар болсонд тооцох цаг ирснийг нотолно. Ангиараа пионер болчихоод улаан галстукаа намируулан уралдаж гүйлдэнэ.

Тавдугаар ангиас Б.Отгонбаяр ангийн дарга болжээ. Чукаг бодвол арай л зөөлөн. Ангийн хөвгүүд нь пионер болчихсон болохоор урьдынх шигээ айхавтар үймүүлж анги танхимдаа ноцолдож тоос босгохоо байжээ.

Хичээлээ тараад Ховд голын мөсөн дээр очиж гулгана. Хөдсөн дээл, эсгий гуталтай, улаа бутарсан хацартай жаалууд хөлсөө гартал тоглоцгооно. Эсгий гутлынхаа уланд тэшүүр болчихмоор юу ч байсан хамаагүй бэхэлж байгаад л тэшнэ. Гэхдээ сумын төвд айлууд хүүхдүүдээ бараадаад нүүгээд ирчихдэг болохоор тэгж их сул чөлөөтэй тоглоод байхгүй. Хичээлээ тараад гэр гэр рүүгээ гүйлдэнэ. Гэр орныхоо ажилд тусалж, эцэг эхдээ дэм болох нь хөдөөний хүүхдүүдийн багаасаа хийж ирсэн ажил. Ус зөөж, түлээ оруулж, хоол цайгаа бэлтгэнэ. Оройны хоолоо идсэний дараа сая зав гарч хоймрын ширээн дээрх лаа руу дөхөж гэрийн даалгавраа хийнэ.

Өвлийн улиралд сургууль дээр хичээллэнэ гэдэг хүндхэн даваа. Ангидаа пийшин галлана. Тухайн өдрийн жижүүр хүүхэд ангийнхнаасаа түрүүлж ирж сургуулийн гадаа овоолсон бургас, улиас, хуснаас хормойлон авчраад пийшингээ галлана. Анги танхим дөнгөж бүлээцэж эхлэхэд сурагчид уван цуван ирнэ. Хүүхдүүд нэхий дээлнийхээ өвөрт бэхээ өвөртөлчихсөн ирцгээдэг байж. Тэр үед одооны тосон бал, үзгэн бал гэж байсан биш. Бэхэнд дүрж бичдэг үзэгтэй. Бэх нь хэрвээ царцаад хөлдчихвөл гарахгүй. Тийм болохоор бүгд бэхээ өвөртөлнө. Хичээлээ хийж суухад бэхээ царцаахгүй гэж халуун амьсгаагаараа төөнөж бүлээцүүлнэ. Ширээ сандал, дээлний энгэр, хормой, хуруу, гар нь бэхэн цэнхэр өнгөөр будагдчихна. Зарим нэг бүтэлгүй нь нүүр, амаа цэнхэртүүлчихээд ангийнхнаа инээлгэнэ.

Ийнхүү Хавцлын голын жаварт хацраа хайруулан байж бэхээ өвөртөлсөөр наймын “А” ангийнхан 1976 оны хавартай золгож. Ангийн ихэнх хүүхэд үргэлжлүүлэн сурахаар аймгийн төв рүү явсан бол үлдсэн нь ТМС-ийн хуваарь авч, амьдралын зам мөрөө хөөцгөөжээ.

Ингээд зургаан жилийн дараа ангийнх нь хөвгүүд цэргээс халагдаж ирсний дараахан ангийнхнаараа уулзсан бол түүнээс хойш 31 жилийн дараа буюу 2014 онд Улаанбаатарт удаахь уулзалтаа хийжээ. Уг уулзалтад Д.Дүгэрсүрэн, Л.Дуламсүрэн, Б.Ичинхорлоо, Ё.Мөнхжаргал, Г.Болдхаан, Б.Цэндээ, Н.Давхардаваа, М.Батжаргал, Н.Ичинхорлоо, Ц.Дармаа, Г.Мягмаржав, Б.Батнасан, Т.Туяа, Ц.Цэрмаа, Ц.Цэрэнханд, Ж.Чулуунцэцэг гээд хорь орчим хүүхэд цугласан байна.

Эдний ангийнхан барилга, авто зам, санхүү эдийн засаг, эрчим хүч, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр гээд бүтээн байгуулалтын бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж одоо эхнээсээ гавьяаныхаа амралтад гарч төрөлх Алтанцөгц сум, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Төв аймаг, Налайх дүүрэгт амьдран сууна. Өнгөрсөн зун Алтанцөгц сумын 90 жилийн ойн баяр наадмаар ангийн нөхөд цугласан бөгөөд тэр үеэр дараагийн уулзалтаа энэ Цагаан сарын баярын дараа шинийн наймны ерөөлтэй өдөр хэмээн товложээ.

Тэртээ тавиад жилийн өмнө Алтанцөгц сумын дунд сургуулийн босгыг хамтдаа алхан орсон нэг ангийнхан Цагаантүнгийн бэхэн цэнхэр өдрүүдээ санагалзан уулзалтын товоо бусдадаа дуулгаж “Хаврын тэргүүн сарын шинийн найманд уулзацгаая. Фэйсбүүкээс ангийнхнаа хайгаарай” гэснийг уламжилъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *