Categories
мэдээ цаг-үе

Цагаан зудтай аймгуудад фондны өвс, тэжээлийн хүрэлцээ муу байна

Таван ес эхэлсэн байгаа өнөө үед өвөлжилтийн байдал хөдөө, орон нутагт хүндхэн хэвээр байна. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь зэрэг аймгууд болон Багануур дүүрэгт нягтарч хатуурсан зузаан цасны улмаас цагаан зудтай байна. Эдгээрээс зарим аймаг, сумд руу холбогдож бодит нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

ОТРЫН МАЛЫГ 20-30 КМ ХӨӨЖ ТУУЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн хувьд Хархорин, Бүрд, Есөнзүйл гэсэн гурван суманд өвөлжилт хүндэрсэн. Тус аймагт 16 мянга гаруй малчин өрхийн 5.7 сая толгой мал өвөлжиж байгаа. Харин хамгийн сүүлийн мэдээллээр Бүрд сум найман мянга, Өлзийт сум дөрвөн мянга, Есөнзүйл 12 мянган толгой малаа тус тус алджээ. Өвөлжилт хүндэрсэн шалтгаан нь зуны улиралд гандуу, гантай байснаас мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүйтэй холбоотой. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд бороо орж, цас шуурснаас хойш зарим хэсгийн газрын хөрс мөстжээ. Түүнээс хойш нийт 30 гаруй удаагийн цас орж, шуурсан нь өвөлжилт хүндрэх шалтгаан болжээ. Өвөлжилт хүндэрсэн сумдад цас тал газартаа 20-40 см, гуу жалга хэсэгтээ 90-130 см-ийн зузаантай байгаа учир малын бэлчээрлэлтэд хүндрэл үүссэн байна. Тиймдээ ч Бүрд сум руу очих боломжгүй байгаа аж. Одоогоор аймгийн Онцгой байдлын газраас ГАЗ-66, ЗИЛ-131 маркийн машиныг зам даваа гаргах зориулалтаар сумд руу илгээжээ.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Б.Бэхбаяр “Энэ сарын 17-оос эхлэн их хэмжээгээр хүйтэрсэн. Үүнээс болж нийт 17 суманд өвөлжилт хүндхэн байна. Бүрд, Есөнзүйл зэрэг сумдад өвөлжилт бүр ч хүндэрсэн. Говийн бүсийн таван сумын нутгаар отор нүүдэл ихээр орж ирснээр туурайн зуд болох эрсдэл үүссэн. Улсаас малын өвс, тэжээлийн тусламж үзүүлсэн. Гэсэн ч хавар хүртэл хугацаа байгаа учир өвс тэжээлийн дэмжлэг их хэрэгтэй байгаа. Хүйтнээс болж бие биенээ дарах, осгох, хээл хаялт зэрэг нэмэгдсэнээр малын хорогдол ихэссэн. Малчид хэрхэн хаврыг давна даа гэж халаглаж байна даа. Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор бэлчээрийн даац нийт нутгийн 90 орчим хувьд хоёроос гурав дахин нэмэгдсэн. Тиймдээ ч малчид ихээр оторлож байгаа. Отроор явж байгаа малчдын нөхцөл байдал тун хүнд байна.

Малын саравч хороо байхгүй, өвс тэжээлийн нөөц нь дуусч байгаа учир малын хорогдол их байгаа талаар бидэнд мэдээлэл ирсээр байна. Манай малчид Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ихээр оторлож байгаа. Гэтэл тус аймгийн зарим сумдын засаг дарга, багийн дарга нар отрын мал, малчдыг хөөж туусан асуудал гарсан. Отрын малыг 20-30км хөөж туудаг гэнэ. Энэ нь мал ядраахаас гадна адуу, үхэр сүргээсээ тасарч, сарниад байгаа тохиолдол цөөнгүй гарсан. Над руу маш олон отрын малчин утасдаж энэ асуудлыг шийдэж өгөөч, адуугаа олохоо байлаа гэж байна. Тэртээ тэргүй өвс хайж тогтохгүй байгаа ядарсан адуу, малыг ингэж хөөж туух нь ихээхэн хүнлэг бус байна. Дээрээс нь отрын малчдын нийгмийн асуудал зэрэг нь бүр хаягдсан. Байгаа хөрөнгө нь мал учраас онд мэнд оруулах гэж өөрсдийнхөө эрүүл мэндийг ч үл хайхран зүтгэж байна. Ямартай ч бидний хувьд отрын бүсэд хоёр штаб байгуулан ажиллаж байна” гэлээ.

БҮРД СУМЫН 60 ӨРХ ЦАСАНД БООГДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Бүрд суманд 364 мянган толгой мал өвөлжиж байгаа аж. Мөн 200 гаруй малчин өрх Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, өөрийн аймгийн Баянгол, Сант, Зүүнбаян-Улаан сумын нутагт отроор өвөлжиж байгаа юм байна. Ингээд тус сумын Засаг дарга Г.Баярмөнхтэй холбогдож өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Тэрээр “Бид малчдадаа өөрсдийн нөөц бололцоогоор өвс нийлүүлсээр байгаа. Засгийн газрын хөнгөлөлтийн үнээр хорголжин тэжээл, хивэг авсан. Мөн Засгийн газрын шийдвэрээр өвс, хивэг тэжээл үнэгүй авахаар болсон. Нэг өрхөд хоёроос гурван боодол хивэг, тэжээл ногдохоор байна. Хүйтэрснээс шалтгаалж осгох, бээрэх тохиолдол элбэг байна. Ерөнхийдөө манай суманд битүү зузаан цасан бүрхүүл тогтсон. Зудын хүнд нөхцөлд өвөлжиж байна. Их хэмжээний цас орсны улмаас даваа, гүвээ хаагдаж хоёрдугаар багийн малчдадаа хүрч чадахгүй байна. Туулах чадвар сайтай жийп машин байсан ч очиж чадахгүй байна. Сумын хэмжээнд цасанд боогдсон 60-аад өрх бий. Эдгээр өрхийн хоол хүнс, өвс тэжээлийн нөөц дуусах тун дөхсөн. Ямартай ч бид аймгаас ирүүлсэн ЗИЛ-131 машинаар зам гаргахаар ажиллаж байгаа” гэлээ.

БУЛГАН АЙМГИЙН ДӨРВӨН СУМАНД ФОНДНЫ ӨВС ДУУССАН ГЭВ

Булган аймагт мөн л зузаан цасан бүрхүүл үүсч, өвөлжилт хүндэрсэн. Тус аймгийн 16 сум, нэг тосгон аюулгүйн фондны өвс, тэжээлээ гүйцэд базаасан байна. Харин одоогоор Хангал, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон зэрэг сумд аюулгүйн фондны өвс дууссан, дахин сэлбэх шаардлагатай байгаа аж. “Бид өвс худалдан авч эдгээр сумдад нийлүүлж байгаа. Мөн бусад сумдад ч өвс, тэжээл тараагдахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Засгийн газрын тогтоолоор өвс, тэжээл үнэгүй болон хөнгөлөлттэй олгож эхэлвэл бид сумд руугаа шуурхай хүргэхээр бэлэн байдалд байгаа. Ерөнхийдөө манай аймгийн хэмжээнд өвөлжилт тэр чигтээ хүндэрсэн. Тэр дундаа Рашаант, Гурванбулаг, Орхон, Дашинчилэн зэрэг сумдад өвөлжилт маш хүнд байна. Малын хорогдол ч их байна. Мөн Рашаантад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Одоогоор шүлхийн хоёрдугаар тунгийн вакцинжуулалтын гүйцэтгэл 80 хувьтай байна. Зэргэлдээх сумдад хяналтын пост гарчихсан ажиллаж байгаа. Нийтдээ 31 өрхийн 402 малыг бүрэн устгалд оруулсан” гэж Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Ш.Баасандорж мэдээллээ.

ЗАВХАН АЙМГИЙН 15 СУМАНД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧЭЭ

Завхан аймгийн 15 суманд цагаан өвөлжилт хүндэрчээ. Одоогийн байдлаар нийт 30 гаруй мянган мал хорогдоод байгаа аж. Мөн аймаг, сумдын хэмжээнд өвс, тэжээлийн нөөц дууссан байна. Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа н.Болд “Засгийн газрын тогтоолоор үнэгүй олгосон өвс, тэжээлийг хуваарилалт хийн олгож байна. Манай аймгийн говийн сумдад зун бэлчээрийн ургамал ургаагүй, гантай байсан учир өвөлжилт хүндэрч байгаа. Ерөнхийдөө хойд сумдын нутгаар цас маш их орсон. Бид 450-иад км-т зам гаргалаа. Томоохон даваа гүвээ хаагдаагүй ч гөлгөр, мөстсөн гадаргуутай учир гулгаа үүсэх аюултай байна. Хүйтэрсэнтэй холбоотойгоор машин нь эвдэрсний улмаас осгож бээрсэн гэх дуудлага ч цөөнгүй ирсэн. Гэхдээ хүний амь нас эрсдээгүй. Мөн отроор ирсэн айлууд зутруу байна. Түлш түлээ ч хомс байгаа нь ажиглагдсан. Бид боломжоороо эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа” гэсэн юм.

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН 115 ӨРХ ОТОРТ ГАРЧЭЭ

Төв аймгийн Угтаал, Заамар, Батсүмбэр, Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Аргалант, Дэлгэрхаан зэрэг сумдад зудархуу байна. Алтанбулаг сумын хувьд одоогоор 3070 малын хорогдолтой байгаа аж. Үүний ихэнх хувь нь саяны их хүйтрэлийн үеэр хорогджээ. Сумын засаг дарга Г.Батсуурь “Гурван мянга давсан мал хорогдсон нь өмнөх жилийнхтэй харьцуулахад том тоо юм. Манай сумын 115 өрх долоон аймгийн 27 суманд отор нүүдэлд гарсан. Сумын урд хэсгээр цасны зузаан ихтэй, хөрөлчихсөн байдалтай байна. Тал газраа 28 см, хунгарласан газраа 50-иас дээш см-ийн зузаантай. Иймд малчдын хувьд хүндрэлтэй байгаа. Мал бэлчлээч гэсэн идэх юм олдохгүй л байдалтай байна даа. Сумын хэмжээнд өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн. 1800 боодол өвс, 1000 тэжээл, хорин тонн хивэг бол бий. Малчид ноос, ноолуурын мөнгө буух хүртэл зээлээр авъя гэсэн хүсэлт их ирүүлж байгаа. Зээлээр тараачихаар нөөцөө хангах боломжгүй болчих болов уу гэсэн байдалтайгаар харзнаж байна. Өвс 6500 төгрөг, хивэг 11 мянган төгрөг, боодлын ногоон тэжээлийг 7000 төгрөгөөр тус тус худалдаалдаг. Ямартай ч гурван ч ажлын хэсэг гарган малчидтайгаа уулзаад явж байна гэв.

АРХАНГАЙ АЙМГИЙН ДӨРВӨН СУМ РУУ МАШИНААР ЯВАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА

Архангай аймгийн Хотонт, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ердийн тээврийн хэрэгслээр явж алслагдсан малчдад хүрэх боломжгүй байгаа аж. Харин Төвшрүүлэх сумын хувьд 100 гаруй мал хорогдсон байна. “Нийт нутгаар цасан бүрхүүл тогтчихсон. Зам даваа хаагдчихсан. Өвс тэжээл хомсхон л байна. Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор өвс тэжээл ирсэн. Айл бүрт нэг, нэг ширхэг боодол өвс ногдох юм шиг байна” хэмээн тус сумын Засаг дарга Г.Болормаа ярьсан. Хотонт сумын хувьд гурван багт өвөлжилт хүндрээд байгаа аж. Гэхдээ малын хорогдол бага байгаа гэсэн. Одоогоор өвс, тэжээл байгаа боловч хаваржилт хүндрэхтэй холбоотойгоор дахин бэлдэх шаардлагатай талаар мөн дурдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *