“Даншиг наадам хүрээ цам” шашин соёлын наадам Хүй долоон худагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо Хүрээ цам харайх ёслолын үеэр олны өмнө Цагаан өвгөн цамнаж байна. Сүсэгтэн олон эрт дээр үеэс хүрээ цамын дундаас Цагаан өвгөний цамнахыг үзэж, тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг уламжлалтай билээ. Тиймээс Хүй долоон худагт цугларсан олон Цагаан өвгөний цамнахыг үзэн, даган баясч байна.
Цагаан өвгөн хурсан олон ламтай хөөрөг зөрүүлэн, мэнд мэдэж, зан ааш сайтай байна. Цамаас өмнө Хүрээний зурхайч нар жилийн цаг уурын байдлыг урьдчилан мэдсэнийг олон түмэнд дохиолон мэдээлэхдээ энэхүү Цагаан өвгөний бүжиг цамыг ашигладаг байжээ. Хэрэв тэр жил өнгөтэй сайхан өвөл болж өнгөрөх бол Цагаан өвгөн их найрсаг зантай, Хашан хааны хүүхдүүдтэй тоглон нааддаг гэж үздэг. Харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутайгаар цамнадаг байна.