Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийг Монгол орон даяар зохион байгуулж байгаа юм. Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдөр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс “Цагаан туузатны хөдөлгөөн” аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд манай улс “Эерэг бол гоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор уг аяныг зохион байгуулж байгаа. “Цагаан туузтан хөдөлгөөн”-д нэгдсэн хэн бүхэн “Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийлж энгэртээ цагаан тууз хатгаж оролцох юм байна.