Categories
мэдээ цаг-үе

ЦАГААН САРЫН ЁСОН

Монголчууд билгийн улирлын тооллоор хуучин, шинэ он халалцах шинийн нэгний өдөр нийтээр тогтсон зан үйл үйлдэж, өргөн дэлгэр баяр ёслол хийдэг уламжлалтай. Энэ нь монгол хүн хатуу ширүүн өвлийг эсэн мэнд давж, урин цагийн түрүүч хавартай золгосны баяр, нэг нас нэмсний баяр юм. Цагаан сар гэдэг нь монголчууд эрт дээр үеэс цагаан өнгийг хамгийн ариун сайхан, аз жаргалын бэлгэдэл болгон үзсээр ирсэнтэй холбоотой аж.

Түүхэн баримт, эрдэмтдийн судалгаанаас үзэхэд монголчууд эрт дээр үед цагаан сарыг эдүгээгийнх шиг өвлийн сүүлч, хаврын эхээр биш харин цагаан идээ элбэг, мах хүнс элбэг, ан амьтан чадалтай намрын сард тэмдэглэдэг байжээ. Намар цаг нь мал маллаж, ан гөрөө хийж амьдардаг байсан анчин Монголчуудын хоол хүнсний хувьд жилийн хамгийн элбэг дэлбэг цаг юм. Ан ав их хийдэг байсан тул эрчүүд дайнд баатарлаг эр зоригтой бэлтгэл сайн байдаг байсан аж.

Уламжлал ёсоор цагаан сарын баярыг тэмдэглэхийн бэлтгэл болгон өвлийн сүүл сарын хорин есний өдөр айл бүр тоосоо арчиж, гэрээ цэвэрлэж бэлтгэдэг. Энэ нь шинэ оныг ямар ч муу муухай зүйлгүй угтахын бэлгэдэл болдог. Ингээд битүүний өдөр гэж нэрлэгдэх сарын сүүл буюу 30-ны өдөр ёслолын зууш болох хонины ууц болон бусад махыг чанаж, уламжлалт хэв загвараар бэлтгэн хийсэн ул боовыг олноор давхарлан тавагт өрж, чихэр жимс, амттанаар ширээгээ чимэглэн, мөн айраг цагаа тэргүүтнийг сөгнөж, тарган эр хонины чанасан ууцаа тогтсон дэгийн дагуу цар тавганд тавьдаг уламжлалтай.


Цагаан сарын идээний тухай:

Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ.

Бор идээнд: Бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи орно.

Цагаан идээнд: Бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна.

Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж ул боовоор засдаг.

Тавгын идээг гурван үеэр өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таван үеэр өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг юм.

Мах буюу ууц тавих ёсон

Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал.

Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам:
1.Толгой
2.Ууц
3.Өвчүү
4.Хаа
5.Гуя
6.Хүзүүний сээр

Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сэр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ.

Битүүлэх ёсон

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн 30-нд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн, хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гөвж, хог буртагаа цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлтгэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлддэг. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж сайн зүгийн тэнгэр сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаадаг. Ингээд шинэ сайхан хувцасаа өмсөцгөөн гал бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Битүүний зоог: Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юмуу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Битүүний орой зул, хүжээ өргөөд унших тарни: Битүүний орой, шинийн 1,2,3,8,15-нд зул хүжээ өргөөд “Ум намова гавади базар сараа брамадани дата гадая архади самъяа сам буддава дадъяата ум базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” тарнийг уншаарай.

Ууц хөндөх ёсон

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаастүшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

Шинийн нэгэн буюу шинэлэх-цагаалах ёсон

Гэрийн эзэгтэй эртлэн босч шинэ жилийн анхны, шинэ цайг чанаж тэнгэр хангай, эзэн сүлдэндээ өргөнө. Дараагаар битүүнд чанаж бэлтгэсэн толгойг эхнэр нь эрүүнээс, нөхөр нь толгойноос татан зааж, “Бүх юм дэлгэрлээ битүү юм нээгдлээ” хэмээн хошуунд нь шар тос түрхэн уураг сүүл, шагайт чөмгийн хамт бурханд тавина. Харин гадаадынханд сонин содон нэгэн зан үйл бол Шинийн нэгний өглөө эртлэн босож “Мөрөө гаргах ёс” байдаг. “Дөрвөн зүг найман зовхис” хэмээх зүг чигийн ойлголт нь буддын шашны цаглабар болох “Бунд хорло” буюу “Найман хөлөл”гэх зурган дүрслэл дээр байршуулан 12 жил, 28 одтой хамтатган махбодийн суудлаар нь зурхай зурж ээлтэй зүг болон цээртэй зүгийг тодорхойлж түүний эсрэг дом заслын чанартай үйлддэг энэхүү зан үйл нь Монголчуудын уугуул шашин болох бөө мөргөлтэй холбоотой. Улмаар найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг байна. Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Мөн хот айлын ахлагчид өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Тэд, нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио хүлэглэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишгийнхээ зүгээс гэртээ ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Орчин үед ч энэ зан үйлээ эрхэмлэдэг. Хот, суурин газрын оршин суугчид ч шинийн нэгний өглөө зүгээ гаргадаг. Монголчууд зүг мөрөө гаргахдаа эртнээс уламжилсан нэгэн зан үйл хийдэг нь жилийн цээр зайлуулах дом байдаг.

Золгох ёсон

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаадзолгохдоо мэндийг нь асууна.

Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор
талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

Хадаг барих ёсон

Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадаг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг барихад хэлэх үг

Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/
Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

Цагаан сараар цээрлэх зүйл

-Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.

-Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
-Эд мал зээлээр єгвєл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
-Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
-Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
-Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
-Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
-Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
-Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.

-Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.

Д.Отгонтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *