Categories
мэдээ спорт

Цагаан сарын барилдааны жил жилийн түүхээс (II)

“Өдрийн сонин”-д хэвлэгдэж байсан “Цагаан сарын барилдааны жил жилийн түүхээс” цувралын сүүлийн хэсгийг хүргэж байна.

Наян нэгэн он. Жигжидийн Мөнхбат аварга зургаа дахь удаагаа түрүүлж, Дашдоржийн Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт Х.Баянмөнх аварга, Говь-Алтайн Дугарын Нэмэхбаяр начин нар шалгарч байжээ. Тэр жилийн шуугианы эзэн мэдээж Говь-Алтайн Нэмэхбаяр. Тэрээр аймгийн арслан цолтой байхдаа сар шинийн барилдааны их шөвгийн дөрөвт гурван аваргатай тийнхүү тунаж байсан удаатай. Ж.Хайдав арслангаар гурав, Д.Долгорсүрэн заанаар дөрөв, Д.Галдандагва начингаар тав давсан байдаг. Бас л луугаруудыг л өвдөглүүлсэн байгаа юм. Түүнийг тэр жилийн наадмаар бас л хуйхлаад өгөх байх гэж үзэгч олон харж байсан ч улсын цолонд хүрч чадаагүй. Наян зургаан онд начин болсон байдаг шүү. Тухайн жилийн сар шинийн барилдааны үеэр залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон байдаг. Түүнд зодоглосон залуус цагаан сарын барилдаанд хүч үзсэний нэг нь Д.Нэмэхбаяр юм. Түүнээс гадна Өмнөговийн Дашдуламын Багахүү, Булганы Жамцын Бор нар л бас үймээн тарьсан байдаг. Д.Багахүү хоёрын даваанд Д.Лхагвасүрэн зааныг өвдөглүүлж, гуравт Ховдын Адуучийн Баатархүү начинтай тунаад унасан байна. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начинг Булганы Борыг, Ендонгийн Ишгэн Жанцангийн Чулууныг амлаж Баатархүү, Багахүү нар тунаж байжээ. Тэдний хооронд гал маналзсан барилдаанууд гарсан нь тодорхой. Адуучийн Баатархүү дөрөвт Мядагийн Мөнгөн арсланг заан цолтой байхад нь өвдөглүүлж Баянаа аваргад тахимаа өгсөн байна. Сонирхуулахад, Д.Дамдин аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг магнайлан барилдаж байсан Ж.Мөнхбат аваргыг амлаж Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт “араажав”-аа чагнаад сууж байсан түмнийг алмайруулсан гэдэг. Данигай аваргын тэрхүү шийдвэрийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Зарим нэг нь “Мөөеөгийн түрүүлэх замыг нь эртнээс зассан” гэдэг бол, зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барин тавин хэлдэг юм.

Наян хоёр он. Хорлоогийн Баянмөх аварга найм дахь удаагаа түрүүлж, Мядагийн Мөнгөн арслан үзүүрлэсэн. Их шөвөгт Д.Мягмар, З.Дүвчин нарын заанууд үлджээ. Д.Мягмар заан дөрөвт Данзандаржаагийн Сэрээтэрийг, тавд Чогдовын Амартүвшин зааныг хүч бярын илүүгээр өвдөглүүлсэн бол Зэвэгийн Дүвчин, Д.Дашжамц, О.Бахыт, А.Баатархүү нарын үе тэнгийн шилдэг хүчтэнүүдтэйгээ даваа бүрт тунаж, тунасан бүхнээ орхижээ. Дүвчин тухайн үед начин цолтой байсан билээ. Түүнийг хөлөөрөө олон сүлжээ мэх хийдэг уран барилдаанч бөх гэдгийг манайхан мэднэ. Дээрх хүчтэнүүдтэйгээ адуу шиг л тачигнасан гэдэг шүү. Адуу шиг гэснээс наяад оны эхээр боодогны чулуу шиг атгаж боломгүй нэгэн үеийн хүчтэнүүд гарч ирсэн нь Рэгжийбуугийн Давааням, Бандийн Ганбаатар, Дамдингийн Баяраа, Өлзийн Тулгаа, Зэвэгийн Дүвчин, Содномын Эрхэмбаяр, Однойн Бахыт, Довдонгийн Дашжамц, Жамцын Бор, Адуучийн Баатархүү, Дашдуламын Багахүү нар юм. Тэдний хооронд л бөхчүүдийн хэлдгээр гал авалцсан барилдаанууд болдог байж. Дэндэвийн Амгаа заан тухайн барилдааны гурвын даваанд Төмөрийн Артаг начинг амлаж барилдаад унасан байдаг. Заан цолыг аваад удаагүй, жинхэнэ торгон ирэн дээрээ байсан Амгааг тахимаа өгөхөд олон түмэн “Ясны сайн бөх гэдэг ямар ч үед эвгүй дээ. Артаг бол хэвээрээ л байна. Харих болоог үй юм байна” гэцгээж байсан дуулддаг юм.

Наян гурван он. Дашдоржийн Цэрэнтогтох аварга түрүүлж, Дэндэвийн Амгаа заан үзүүрлэсэн жил. Д.Амгаа заанаа түрүүлчихэж юуны магад хэмээн Булганыхан бараг л хамт барилдсан удаатай. Үндсэндээ Цэрэнтогтох аваргатай их олон хүн барилдсан байх. “Араажав”-аа сонсоод л байгаа. Давах бүрт нь бөөн дуу болж хотлоороо баярлаад л. Хамгийн их баярласан нь зургаагийн давааны шөвгийн дөрөвт Баянаа аваргыг хаяхад гэдэг юм билээ. Аргагүй л дээ, өнгөрөгч жил нь түрүүлсэн хүчтэнийг орхиж түрүү үзүүр булаалдах сайхан. Тэр жил их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, хүчит заан Сарангэрэлийн Хүрэлбаатар шалгарч мөн л хоймор нутгийнхаа олон түмнийг догдлуулаад авсан. Дамдин, Бээжин аваргуудаас хойш Хөвсгөлийн хүчтэнүүд сар шинийн барилдаанууд тэр бүр өнгөлөөгүй байв. Яг л тийм ахуй цагт Хүрлээ заан гараад ирсэн байгаа юм. Тэрээр алдарт бусгаа мэхээрээ хатуухан учраануудаа өвдөглүүлснийг мэдэх хүмүүс нь хэлдэг юм. Хүрлээ зааны бусгаанд тогтож үлдсэн бөх ховор гэх юм билээ. Наян гурван оны сар шинийн барилдаанд өнөө л “гайхал”-ууд бас л шуугиулжээ. Гайхлууд гэдэг маань миний дээр овог нэртэй нь цоллосон бөхчүүд дээ. Тэднээс “Алдар”-ын тамирчин Жамцын Бор ус нутгийн ах Сэрээтэрийн Цэрэн аваргаар гурав, Д.Долгорсүрэн заанаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад тахимаа өгсөн байдаг. Цэрэнтогтох аваргаас өөр хүн Булганы Борыг тогтоохооргүй байсан гэдэг. Мань хүн тэр жилээ шууд зургаа давж өсөх идэр чимэгтэй начин, одоогийнхоор харцага цолны болзол хангасан билээ. Санжжавын Сүхбаатар заан залуу бөх зодоглож хоёрын даваанд Ө.Эрдэнэ-Очир арсланг, гуравт Д.Дашжамц начныг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоос үрэн зааныг орхиж дунд шөвөгт шалгарч байж. Зааныг бөхийн хүрээнийхэн “нам Сүхбаатар” гэдэг байж билээ. Бие жижгэвтэр хэрнээ жин ихтэй, уран дайчин барилдаантай бөх байсан. Залуудаа жин багатай байсан ч баргийн хүнд бярдуулдаггүй, хатуу боорцог байж шүү. Ө.Эрдэнэ-Очир урьд өмнө үзээгүй залуу бөхөд уначихаад Сосорбарам нарын үе тэнгийнхэн дээрээ ирээд “Би чинь ямар хүнтэй учраа таарчихав даа” хэмээн толгой сэгсэрсэн гэдэг ээ. За тэгээд гурвын давааны төгсгөлд Ё.Ишгэн С.Эрхэмбаяр, Д.Баяраа О.Бахыт, Д.Нэгдэл Бандийн Ганбаатар, Г.Пүрэв-Очир Р.Даваанямтай тус тус хүч үзэж тахимаа өгсөн байдаг. Сонирхуулахад, Увс аймгийн Тэс сумын харьяат Довчингийн Нэгдэл начин хөгжмийн зохиолч Цэцэрлэгийн төрсөн ах билээ.

Наян дөрвөн он. Олон түмний хайртай бөх Дагвацэрэнгийн Хадбаатар аваргын түрүүлдэг жил. Тэрээр эхний даваанаас үзэгчдийг шуугиулсан байдаг. Өөрөөс нь хамаагүй жижиг, өнөө тарваган Бадарч найз шиг нь бөх эхний даваанд таарч л дээ. Тугийн мандлын өмнө дэвээ шаваагаа гүйцэтгэчихээд өмнөө зогсоо учраагаа анзааралгүй дээгүүр харж олныг инээлгээд авчээ. Тэгээд зогсохгүй өнөөхөө дух руу нь хүчтэй алгадсан байгаа юм. Тэр том хүний гарын аяыг өнөө залуу яаж даахав дээ, уулын уруу хүч алдан арагшаагаа өнхрөх машин шиг хойшоо хэд харайлгаснаа тас гэдрэгээ саваад унажээ. Үзэгчид бас л бөөн инээдэм. Хадаа аварга түүнийг нь сайн мэдэж байгаа учир улам алиалж дэвээд л. Түүнийг хэдийн даваанд ч юм бэ учраа бөхтэйгээ хүч үзэж байхад үзэгчдийн суудлаас нэг нь “Хадаа дүүгүүрдээрэй” хэмээн орилжээ. Тэгж хэлэхийг нь л хүлээж байсан мэт тэр зүгт анхаарал нэгэнтээ хандуулснаа учраагаа сүнгэнэтэл дүүгүүрдээд хаячихаж. Бас л бөөн шуугиан. Залуус “Хадаа, Хадаа” хэмээн шүгэлдээд л. Олны тэрхүү дэмжлэг, сэтгэлийн хөөрлийг хөсөрдүүлэлгүй хүчит аварга их шөвөгт Д.Цэрэнтогтох аваргыг, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхин түрүүлсэн байна. Байнд ирсэн монгол гутлаа өөрт нь таарахгүй учир “Алдар” нийгэмлэгийн тамирчид, дүү нартаа өгснийг тэд зах дээр аваачиж зарснаа нэн бахархалтайгаар дурсдаг юм билээ. Наян дөрвөн он ийнхүү Хадаатай цагаан сар болжээ. Тэрхүү барилдааны өөр сонин хачнаас хүргэе. Д.Дамдин аварга гурвын даваанд Л.Сосорбарам арсланг амлаж барилдаад барал гүй унасан байдаг. Мөн нэг хачирхалтай зүйл нь дөрвийн даваанд хүч үзсэн арслан М.Мөнгөн, заан Ч.Гочоосүрэн нар удаан барилдсан учир хасагдаж тавын даваанд бөх сондгойрон Баянаа аварга гоц мөргөж байжээ. Бас сонин шүү. Гочоо заан хасагдчихаад уяа бөхөд амлагдсандаа харамссан болов уу. Тухайн цагаас Мөнгөн арсланг “Уяа Мөнгөн” гэж нэрийдэх болсон байж ч мэдэх юм. Хоёрын даваанд Уламбаярын Мижиддорж арслан үл таних нэгэн залууд дүүгүүрдүүлж унажээ. Тэр нь хожмоо улсын начин цол хүртсэн Булган аймгийн Сайхан сумын харьяат Мягмаржавын Болдбаатар начин байсан байна. Мөн хоёрын даваанд Сүхбаатарын Дахын Одсүрэн харцага Увсын залуу бөх Ж.Ганболд (улсын заан)-д, Төмөрийн Артаг начин залуу бөх Лу.Энхбаяр(улсын начин, гавьяат тамирчин нэрт бөх)-т тус тус унажээ. Бас тэмдэглэлгүй өнгөрч боломг үй нэг барилдаан байна аа. Тэр нь Увсын Ө.Тулгаа, Ховдын Р.Даваадалай нар. Гурвын давааны төгсгөлд хүч үзэж Равдангийн Даваадалай начин давсан байна.

Наян таван он. Дагвацэрэнгийн Хадбаатар аварга гурав дахиа түрүүлсэн жил. Ард түмэн бас л шавайгаа ханатал баярласан нь мэдээж. Үзүүрт Д.Цэрэнтогтох аварга үлдэж, С.Хүрэлбаатар заан, М.Мөнгөн арслан нар шөвгөрчээ. Тэр жилийн барилдаанд бас л сонин сайхан дурсамжууд бий. Тухайлбал, С.Цэрэн аварга гурвын даваанд Ө.Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Л.Сосорбарам арслан мөн л амлаж барилдаад унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад “ЭрдэнэОчирыг хоёулаа элбээд ч барсангүй дээ” гэж хэлээд олныг хөгжөөж байжээ. Олон түмнээ “дүүгүүр” хэмээн алдаршсан Дандарын Гомбосүрэн начин нас нэлээд ахисан хойноо зодоглож нэгийн даваанд хорьдугаар зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээд унажээ. Дүүгүүр Гомбосүрэн зодоглосон гэснээс тухайн үед хамгийн ахмад бөх нь ГовьАлтай аймгийн харьяат, аймгийн арслан Ядамжавын Мөнхөө. Олон түмнээ “цахилгаан Мөнхөө” хэмээн алдаршсан тэрээр жаран насандаа зодоглож байсан гэдэг шүү. Мөнхөө арслантай холбоотой нэгэн хуучийг Элчин сайд Дагвын Цахилгаан гуай хэлсэн юм. Түүнийг энд шигтгэе. Мөнхөө арслан амьдралынхаа сүүлийн жилүүдэд хотод аж төрдөг байжээ. Тэгээд л жилийн жилд цагаан сарын барилдаанд ёс юм шиг зодоглодог байж. Хүмүүс “Мөнхөө гуай энэ жилээс болих юм биш үү. Хөгширсөн хойноо шалны алчуур болж гүйцлээ” гэх утгатай үг цухуйлгахуйд хариуд нь ингэж хэлсэн байгаа юм. “Би хаа хол Говь Алтай аймгийн Халиун суманд суугаа хөгшин ижийдээ сар шинээр очиж золгож чадахгүй. Тийм болохоор амьд мэнд сайн яваагаа араажаваар дуулгах гэж л зодоглодог юм даа” гэж хэлээд олны амыг тагласан гэх. Мөн айхтар үг шүү.

Наян зургаан он. Д.Цэрэнтогтох аварга түрүүлж, М.Мөнгөн арслан үзүүрлэсэн юм. Их шөвгийн дөрөвт хөдөлмөрийн баатар, дархан аварга Бадмаанямбуугийн БатЭрдэнэ улсын начин цолтой үлдэж байж. Тэрээр Жамцын Бор, Зэвэгийнүвчин зэрэг аваргуудын зүрхэнд шар ус хуруулдаг хүчтэн үүдийг дөрөв, тавын даваануудад тунаж орхисон байдаг. Өнгөрөгч хоёр жил дараалан түрүүлсэн Хадаа аварга маань Ч.Гочоосүрэн заанд гурвын даваанд унаж олон түмнээ гомдоосон бол тэр жилийнхээ наадамд арван жилийн зайтай хоёр дахиа түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ. Дасрангийн Мягмар заанд Өвөрхангайн Эрдэнэбат хэмээх өндөр залууд хоёрын даваанд тахимаа өгсөн нь хожмын заан Дашзэвэгийн Эрдэнэбат байжээ. Жараад оны дунд үед цалгиатайхан барилдаж байсан “өмсдөг” хэмээх Цанлигийн Дамдиндорж заан тэр жил зодоглож нэгийн даваанд унасан байдаг. Сонин болгож өгүүлэхүйд, гурвын давааны төгсгөлд Р.Давааням заан начин цолтой байхдаа гурван бөхөөс ам сонсчээ. Тэд нь Б.БатЭрдэнэ (одоогийн аварга), Ж.Бор(харцага), С.Эрхэмбаяр нарын начингууд байсан гэнэ. Тэгээд Борыг амлаж барилдаад яалт ч үгүй тахимаа өгсөн дуулддаг.

Наян долоон он. Одвоогийн Балжинням аварга начин цолтойдоо түрүүлж шуугиан дэгдээсэн. Тэрээр С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л тунасан байна. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Д.Цэрэнтогтох аваргыг давжээ. Ерэн нэгэн онд том Сүхбат гарьдыг давж түрүүлчихээд шидсэн чулуу шиг тугийн мандал руу гүйсэн шигээ Цэрэнтогтох аваргыг давчихаад ихэд баярлаж догдолжбайсан билээ. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн гэхэд болно. Ухаандаа, Дүгэржавын Хишигдорж заан залуу бөх зодоглож Дүвчин, Мягмар нарын хүчтэнүүдийг гурав, дөрвийн даваанд орхиж байлаа даа. Агвааны Тэгшээ агсан Ундрав Пүрэв заан, С.Цэрэн аварга хоёрыг нэг, хоёрын даваанд тэнгэр харуулчихсан байдаг шүү.

Наян найман он. Б.БатЭрдэнэ аваргын анх удаа түрүүлдэг жил. Өнөө арван гурав түрүүлсний эхнийх нь юм. Үндсэндээ монгол бөхийн түүхэнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнийн үе эхэлж байгаа нь тэр ээ. Тухайн барилдааны үзүүрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул “Алдар” нийгэмлэгийн бөх Бандийн Ганбаатар шалгарсан байдаг. Дөрвөн аваргыг цувуулан орхиж төрийн наадам (1985 он)-д түрүүлж байсан түүнд бөх сонирхогч олон ихээхэн найдлага хүлээлгэж байсан ч нэг их дээшээ яваагүй. Харин тэр жилийн цагаан сараар анх удаа түрүү үзүүрт үлдсэн байдаг шүү. Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлэхдээ заан цолтой байсан. Гурвын даваанд Өвөрхангайн өндөр Д.Эрдэнэбат зааныг, дөрөвт Баян-Өлгийн Бахыт начинг, тавд Д.Мягмар зааныг, зургаад О.Балжинням аваргыг начин цолтойд нь тунаж орхисон байдаг. Д.Мягмар заан тавын даваанд таван бөхөөс ам сонсохдоо Бат-Эрдэнийг амласан. Бөхчүүд болоод олон түмний яриагаар бол тунаанаас гаргаж, ялангуяа Дамдингийн Баяраатай тунахаас нь урьтаж даваа ахиулсан гэх юм билээ. Тэр нь ч үнэн байх. Учир нь өнгөрсөн жилийнх нь цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ дөрвийн даваанд Д.Баярааг амлаж барилдаад унаж байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ аваргын хатуухан учраануудын нэг Баяраа гарьд байсан байгаа юм. Мягмар заан хэрвээ амлааг үй бол Баагий аварга Баяраа гарьдтай яалт ч үгүй л тунах байж. Баяраа гарьд, Ишгэн зааныг тунаж хаян шөвгөрсөн байдаг. Баяраа тэр жилийнхээ наадамд одтой сайхан барилдаж заанцол хүртсэн байдаг шүү. Наян найман оны барилдаанд хоёр бөх бусдаасаа жаахан онцгой байлаа. Нэг нь гавьяат тамирчин Жамцын Даваажав. Тэрээр Өвөрхангайн С.Дамдинбазар начин, Ч.Гочоосүрэн заан, П.Дагвасүрэн арслан нарыг өвдөглүүлж тавын даваанд Б.Ганбаатар арсланд унасан билээ. Даваажав ч аргагүй ясны бөх дөө. Ид үедээ улсын наадамд цөөхөн зодоглосон. Гадагшаа дотогшоо тэмцээн уралдаан гэж яваагүй бол ядаж л заантай шүү гэх яриа гарч байв. Нөгөө нэг нь Увсын Тэсийн Дэчингийн Жавзанжамьян начин. Арван найм, есөн настай залуу идэрчүүдийн улсын аваргад оролцож мөнгөн медаль хүртээд цагаан сарын барилдаанд Н.Бүрэнзэвсэг, Д.Баатаржав, Д.Амгаа нарын хүчтэй заан, начингуудыг дараалуулан орхиж бага шөвөгт шалгарч байлаа. Мань хүн улсын цолтнуудын аманд гарахаасаа л Амгаа зааныг ноёлдог байж. Сонирхуулахад, ерэн хоёр онд Амгаагаар тав давж начин болсон юм.

Наян есөн он. Б.Бат-Эрдэнэ аварга хоёр дахиа түрүүлж, Х.Баянмөнх аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт М.Мөнгөн арслан, С.Сүхбаатар заан нар үлдсэн. Баянаа аварга Сүхээ зааныг амлаад, Мөнгөн Бат-Эрдэнэ хоёр тунасан юм. Мөнгөн арслан ирэн дээрээ байгаа залуу хүчтэнд одоогийн хэллэгээр бааварласан гэдэг шүү. Бат-Эрдэнийг хүчээр түлхэж хананд аваачиж наагаад л, үзэгчдийн суудал руу хэд хэд аваачаад л. Мөнгөн арслан маань арай л харьчихаагүй, омогтой байж дээ. С.Сүхбаатар заан начин цолтойгоо их шөвөгт үлдсэн. Тэрээр ерэн оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Нууц товчооны ойгоор заан болсон билээ. Наян есөн онд хоёрт нэг нутгийн Ж.Ганболд зааныг, гуравт мөн л нэг нутгийн Г.Намсрайжавтай тунаж, дөрөв, тавд П.Дагвасүрэн, Б.Ганбаатар нарын арслангуудыг орхисон байна. Тэр жил шуугиулсан бөхчүүдийн нэг нь Сэлэнгэ аймгийн арслан Жүрмээгийн Ганзориг. Бие галбир, гараа дэвээ, уран хурц дайчин барилдаан, хэлбэр хийцээрээ А.Сүхбат аваргатай төстэй гэгддэг, бас чиг үймээний л эзэн байлаа даа. З.Дүвчин, Д.Мягмар нарын хүчтэй заануудыг хоёр, гурвын даваанд өвдөглүүлж Ц.Баярсайхан зааныг начин байхад нь тунаж унаж байсан. Ц.Баярсайхан заан гурвын даваанд Балжаа аваргаар давсан. Үндсэндээ Балжаа аварга заан цолтойдоо түүнийг амлаад унасан юм. Учир нь тухайн сар шинийн барилдааны өмнө үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж Бат-Эрдэнэ түрүүлэн, Балжаа хоёрт орж заан, Баярсайхан гуравт орж начин цол хүртсэн. Балжаа ердөө хоёрхон унаатай байв. Бат-Эрдэнэ, Баярсайхан хоёрт л унасан. Тиймийн учир даагаа нэхэж Баярсайханаа амласан байдаг. Тэр жилээс хойш улсын аваргад амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол өгөөгүй билээ.

Ерэн он. Б.Бат-Эрдэнэ аварга гурав дахиа түрүүлж, Д.Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн. Их шөвөгт Б.Ганбаатар арслан Ө.Тулгаа заан нар үлдсэн юм. Өлзийн Тулгаа зааны “Увсын Хархираагийн сангийн аж ахуйн бөх” хэмээн дуудуулан ид барилдаж байсан он жилүүд нь гарцаа байхгүй ерээд он юм. Тээврийн тэрэгтэйгээ Увсаас битүүний өдөр давхин ирж Спортын төв ордны өмнө зогсоод аяны тоосоо ч гөвж амжилгүй зодоглож байсан жилүүд нь. Тулгаа заанд ард түмэн ямар их хайртай байсан гэж санана. Ерэн оны цагаан морин жилийн сар шинийн барилдаанд идэрхэн заанаа шөвгөрөхөд Монгол даяараа л баярласан даа. Тэрээр Цэдэндамбын Баярсайхан зааныг гурвын даваанд амлаж унагасан байдаг. “Тулгаа ч хатуухан ам авч байна даа. Өнөө жил ч өнгөтэй байгаа юм байна” гэх яриа ихээ эрт чих дэлсэж байсан дуулддаг. Дөрөвт Мядагийн Мөнгөнийг, тавд Хорлоогийн Баянмөнх аваргыг өвдөг шороодуулсан.Өнгөрсөн жилийнх нь барилдаанд түрүү үзүүр булаалдсан Баянаа аварга “Тулгаагаа арай ч намайг туучихгүй байх гэжбодоод авсан чинь буруудлаа” хэмээн амаа барьсан удаатай. Тэрхүү барилдаанд Говь-Алтайн Энхжаргал, Завханы Нармандах, Дармаабазар, Хэнтийн Баяраа, Дорнодын Чимэддорж гээд аймаг, цэргийн дэрсхэн арслангууд туйлж өгсөн байгаа юм. Ухаандаа, хоёрын даваанд Энхжаргал нь С.Хүрэлбаатар зааныг, Чимэддорж нь Ишгэн зааныг, Нармандах нь Баяраа заан (одоогийн гарьд)- ыг, Баяраа нь Агвааны Норов начинг, Дармаабазар нь Гүсэмийн Жалаа начинг өвдөглүүлсэн байх жишээний. Бас болоогүй Тэрбишийн Нармандах Д.Амгаа, С.Сүхбаатар нарын заануудыг гурав, дөрвийн даваанд шороодуулж Б.Бат-Эрдэнэ аваргад унажээ. Мань хүн тэр жилийнхээ наадмаар зургаа давж өсөх идэр чимэгтэй начин, одоогийнхоор харцага цолны болзол хангасан бол Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Цанжидын Энхжаргал ерэн нэгэн онд Р.Давааням заанаар тав давж начин, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Монхорын Дармаабазар ерэн гурван онд Жамбалын Ганболдоор зургаа давж бөхийн шинэчилсэн дүрмээр харцага цолны, Дорнодын Мягмарын Чимэддорж ерэн дөрвөн онд Дамдингийн Баяраагаар тав давж начин цолны болзол тус тус хангасан байдаг аа. Тэр хэдээс улсын цолгүй үлдсэн нь Хэнтийн “дэгээ” Г.Баяраа юм. Дэгээгээ нэг л ороовол хэнийг ч гэсэн хэвтүүлж байж санаа нь амардаг аавын хүү байлаа.

Ерэн нэгэн он. Тэр жилээс сар шинийн барилдаанд 256 бөх зодоглож эхэлсэн түүхтэй. Монгол Улс ардчиллын замналаар замнасан он жил үүдийн эхлэл. Нэгдэлчдийн баярт зориулсан гэдэг ч юм уу, эс бөгөөс Монголын радио, телевизийн улсын хорооны нэрэмжит гэх албаны соц үг, ойлголтууд гээгдэж “Билгийн тооллын арвандолдугаар жарны цагаагчин хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан” хэмээн бөхийн тайлбарлагч Шагдарын Чанрав, Агвааны Ганбаатар нар цээлхэн хоолойгоор ард түмний сэтгэлд нэг л дотнохон хүргэж эхэлсэн дээ. 256 бөхөөс Б.Бат-Эрдэнэ аварга найм даван манлайлж, Бандийн Ганбаатар арслан үзүүрлэсэн. Их шөвөгт дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын заан С.Сүхбаатар үлдсэн байдаг. Улсын цолгүй хоёр бөх тав давж дунд шөвөгт шалгарсан нь Дуламжавын Мөнх-Эрдэнэ, Гунгаасамбуугийн Бат-Амгалан нар байлаа. Д.Мөнх-Эрдэнэ арслан тэр жилийн цагаан сараар цэргийн арслан цолтой зодоглож гуравт Нэргүйн Түмэннаст начинг, дөрөвт Болдын Жавхлантөгс харцагыг, тавд онжав Ч.Бямбадоржтойгоо тунаж орхисон юм. Мөнх-Эрдэнэ Бямбадорж хоёрын хооронд тухайн цагаас галтай барилдаанууд эхэлсэн түүхтэй. Улсын наадамд ч тэр, цагаан сарын барилдаанд ч тэр мань хоёр олон удаа тунасан. Ихэвчлэн Бямбадорж заан унаад шарандаа уйлдаг байлаа. Ерэн гурван оны наадам байна уу даа, өнөө усан бороотой жил мань хоёр бас л тунаад. Мөнх-Эрдэнэ Бямбадоржийгоо устай хонхор руу палхийтэл нь шидээгүй юу. Заан цолонд зүтгэж байсан Бямбадорж уйлчихсан монгол гутлаа тайлаад хөлийнхөө жийргийг мушгиж байсан даа. Их шөвөгт үлдсэн улсын цолгүй нөгөө нэг бөх нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Гунгаасамбуугийн Бат-Амгалан. Тэрээр гурвын даваанд Сэлэнгийн Ж.Ганзоригтой тунаж, дөрөвт аварга О.Балжиннямыг, тавд Дамдингийн Баярааг өвдөглүүлсэн байна. Бас л хатуу учраанууд. Ж.Ганзориг тухайн үед хэрхэн шуугиулдаг байв, за тэгээд Балжаа аваргын төрийн наадамд түрүүлдэг жил, Баяраа гарьд ч ид байсан үе. Ийм л ланжгарууд Бат-Амгалан начин залуу бөх байхдаа цувуулж хаясан байгаа юм. Тухайн үеийн “Спортын мэдээ” зэрэг сонинуудад Г.БатАмгалан, Д.Жавзанжамьян нарын тухай их гардаг байв. Цаашаа хол явна гээд л. Харамсалтай нь, тэр хоёр начнаар л тогтсон доо.

Ерэн хоёр он. Б.Бат-Эрдэнэ аварга тав дахиа түрүүлж, О.Балжинням аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт Баянаа аварга, Баяраа гарьд нар үлдсэн байна. Тухайн барилдаанд том, жижиг хоёр бөх цойлчихсон байдаг. Том нь Жигмэдийн Оргилболд начин. Жижиг нь Агваансамдангийн Сүхбат аварга. Ж.Оргилболд начин залуу бөх зодоглож Пунцагийн Сүхбат гарьдыг заан цолтой ид байхад нь хоёрын даваанд, Булганы Равдангийн Лхагвасүрэн начинг гуравт, Дуламжавын Мөнх-Эрдэнээр тунаж дөрөв, Говь-Алтайн Содномын Эрхэмбаяр начингаар тав давж их шөвгийн наймд Дамдингийн Баяраатай тунаад унасан байна. Өндөр нам хоёр залуу үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж тэр жилийн яриа хөөрөөний эзэн болжээ. Оргилболд том Сүхбат хоёрын барилдаан их удаан үргэлжилсэн гэдэг. Дараагийн даваа нь эхэлчихээд байхад давалцаагүй байжээ. Гол нь Оргио байж байгаа нь өөрөө содон. Унасан ч, давсан ч инээж байдаг гарьд маань хоёр метр хол гаран өндөр товарищид яах аргагүй унаж тахимаа өгчих өөд инээж нэг, ярвайж нэг үзсэн сураг бий. Төрийн наадамд дөнгөж үзүүрлэчихсэн арслан, аварга цол л нүдэнд нь харагдаж байсан Пунцагийн Сүхбат заан (одоогийн гарьд)-ыг Оргилболд үнэндээ тамласан байгаа юм. Ёстой уйлах ч биш, инээх ч биш болгосон гэдэг. Даян аварга Агваансамдангийн Сүхбат мөн л залуу бөх зодоглож нэгийн даваанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, аймгийн арслан Бямбын Шаравдоржийг, хоёрт улсын заан Ж.Ганболдыг, гурав, дөрөв, тавд Тэрбишийн Нармандах, Лүндэгийн Бадарч, Гэлэгийн Намсрайжав нарын хүчтэй харцагуудыг дараалуулан орхижээ. Биеэр жижиг хэрнээ уран дайчин барилдаантай, шөрмөстэй залуу эхний даваанаас олны анхаарлыг татсан байна. Улсын цолонд хамгийн ойрхон бөх гэгддэг Шаравдорж арслангийн баруун хөлийг нь авч ард нь гараад хаяжээ. Ганболд заан, Нармандах, Бадарч нарын өндөр биетэй хүчтэнүүдийг ч хөлд нь ганцхан сууж бужигнуулаад л тэнгэр харуулчихаад байж. Тавын даваанд Намсрайжав харцагыг тийм жижиг биетэй хэрнээ нохой мордоод хаячихсан гэдэг. Үзэгч, сонсогч олон шавайгаа ханатал баярласан нь мэдээж. А.Сүхбат аварга Намсрайжавыг нохой мордож унагахдаа хөлөө эвгүй гишгэн доголчихсон байна. Ингээд түүнийг зургаагийн даваанд Баянаа аварга амласан түүхтэй. Тэрхүү барилдаанд монгол бөхийн нэгэн үеийн хүчтэнүүд анх зодоглож байжээ. Тухайлбал, Дамирангийн Бумбаяр заан Увсаас дөнгөж ирээд байсан залуу зодоглоод Б.Батхуяг начнаар хоёр, Очирын Одгэрэл заан Дүвчин заанаар хоёр давсан байх жишээний. Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд Р.Даваадалай начинд, Ишдоржийн Доржсамбуу гарьд аймгийн арслан П.Сумъяагаар нэг давж Р.Давааням заанд тус бүр хоёрын даваанд тахимаа өгчээ.

Ерэн гурван он. Тэр жилийн сар шинийн барилдааны нэг онцлог Хадаа аварга байлаа. Хүчит биетэй ч балчир хүүхэд адил гэнэн цайлган аваргаа зодоглосонд бөхөө дээдэлдэг ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж байв. Шүтэн бишрэгчид нь бүр мэлмэр үүлж ч байсан нь тодорхой. Мань хүн тухайн үед алдаж онож л явсан билээ. Тиймийн учир олон түмэн Хадаагаа гэм хийсэн хүүхэд адил, буурал толгойгоо илсээр гарч ирэхэд Спортын төв ордныг доргитол алга нижигн үүлсэн юм даг. Үндсэндээ тэрхүү барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга зургаа дахь удаагаа түрүүлснээс илүү Хадаа аварга зодоглосон нь сонин сайхан байсаан. Эгэлгүй хүчит аварга тухайн жилийн наадмаар нутгийнхаа дэвжээн дээр, бөхийнхөө тоосон дунд л хальсан. Тэгэхээр ерэн гурван он бол Хад аваргын зодоглосон сүүлийн цагаан сар байв. Нэгийн даваанд залуу бөх С.Гүндсамбууд тахимаа өгснийг санаж байна. С.Гүндсамбуу нь Булган аймгийн Могод сумын харьяат Луузангийн Нямжав зааны ач хүү байж билээ. Б.Бат-Эрдэнэ аварга зургаа дахиа манлайлахад Х.Баянмөнх аварга дөчин есөн насандаа үзүүр булааж байсан. Д.Лхагвасүрэн, Д.Цэнд-Аюуш, Д.Эрдэнэбат гээд заануудыг цувуулж орхиод их шөвөгт О.Балжинням аваргыг амлан хаяж үзүүрлэсэн. Тавин насны босго алхах гэж буй аварга идэр залуухан Бат-Эрдэнэтэй бас чиг удаан барилдсан байх шүү. Хөдөөгийн хүүхэд, битүү- ний орой “араажав”-аа чагнаж байгаад бөхөө дуусгаж чадалгүй унтчихаад шинийн нэгний өглөө ааваасаа асууж байлаа. Бодоод байх нь ээ, бөх их орой дуусдаг байжээ. “Араажав” шуугиад явчихаар гэрт байгаа хүмүүс хэн нь давчихав аа гээд л зэрэг зэрэг асуудаг сан. Аглаг буйдхан хөдөөдөө “араажав”-аа чагнаад битүүний орой бөхөө “үзэж” байсан минь бас л кайфтай байж шүү. Ийм мэдрэмж бүх л хүнд төрдөг байх даа. Тэр жил хоёрын даваанд их олон заан годройтсон байдаг шүү. Тухайлбал, манлай заан Д.Долгорсүрэн залуу бөх Ц.Адъяахүүд, Д.Мягмар залуу бөх Д.Сумъяабазарт, З.Дүвчин залуу бөх Ц.Баянмөнхөд, Ж.Ганболд залуу бөх И.Доржсамбууд тахимаа өгч байв. Догоо заан (Д.Долгорсүрэн) Адъяахүү гэж Архангайн залууд элэг бүсээ тайлаад зогсож байхад арван естэй хүү нь Мягмар зааныг өвдөглүүлээд шуугиулж байж. Тэр хүү бол Монгол Улсын аварга Д.Сумъяабазар л даа. Дүвчинг өвдөглүүлсэн Увсын Хяргасын Цогт-Очирын Баянмөнх ерэн таван оны наадамд Чогсомын Батзоригтой тунаж начин болсныг манайхан мэднэ. Буур Жамьян аваргын зээ хүү Өсөхбаяр гэж гозойсон өндөр бор залуу тухайн жил анх зодоглож нэг даваад том Сүхбат гарьдад унасан бол Б.Гантогтох гарьд мөн л анх зодоглож Санжжавын Сүхбаатар заанд хоёрын даваанд унасан байна. Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд залуу бөх зодоглож Т.Нармандах харцагаар гурав, Ширмэнгийн Батхуяг начингаар тунаж дөрөв давсан байдаг. Их шөвөгт Дуламжавын Мөнх-Эрдэнэ арслан заан цолтойдоо шалгарсан юм. Тэрээр шөвгийн наймд том Сүхбаттай тунасан. Тэр хоёрын хооронд жаахан маргаантай барилдаан болсон санагдана. Мөнх-Эрдэнэ барьцгүй хавирдгаараа хавирч Сүхбатыгаа өвдөглөчихлөө гээд дэвээд явчихсан. Гэвч Сүхбатын өвдөг газар хүрсэн эсэх нь тодорхой биш. Үзэгчид “унасан, унаагүй, дахин барилд” гээд л. Мөнх-Эрдэнэ гүрийж, Сүхбат болохоор инээгээд л. Инээсээр байгаад л тахимаа өгчихөөд явчихсан даа. Ерэн гурван оны бас нэгэн онцлох зүйл нь Тувагийн хүчит бөх Аяс Мангуш зодоглосон явдал байв. Тэрээр сүүлд бас нэг ирж барилдсаныг манайхан мэдэж байгаа. Аяс Мангуш аймгийн заан цолтой зодоглоод хоёрын даваанд өнөөгийн тод манлай уяач, улсын начин Цэвээнжавын Дуламсүрэнг, гуравт Дамирангийн Бумбаяр зааныг аймгийн заан цолтой байхад нь тунаж даваад Б.Жавхлантөгс харцагад унаж байлаа.

Ерэн дөрвөн он. Б.Бат-Эрдэнэ аварга долоо дахиа түрүүлж, О.Балжинням аварга үзүүрлэсэн. Их шөвөгт Пунцагийн Сүхбат, Чадраабалын Бямбадорж нарын луужилтнүүд үлдсэн юм. Бямбаа зааны иртэйхэн барилдаануудыг хүмүүс одоо хэр нь дурсдаг. Өөрөөсөө хамаагүй өндөр Бумбаярыг тэр холоос давхар ачиж тонгороод гэдэг ч юм уу, эсвэл тухайн цагаан сараар өмнө нь олон унасан Мөнх-Эрдэнийгээ тавын даваанд хэрхэн уран мэхээр өвдөглүүлснийг мартдаггүй. Д.Мөнх-Эрдэнэ тэрхүү барилдааны тавын даваанд гурван бөхөөс ам сонссон байдаг. Ц.Баярсайхан, А.Сүхбат, Ч.Бямбадорж нараас. Тэгээд л Ховдын зааныг амлаж Төв аймгийн хоёрыг үлдээчихэж. А.Сүхбат аварга начин цолтой зодоглон гуравт залуу бөх Д.Сумъяабазарыг, дө- рөвт Ренчинхүүгийн Гансүх зааныг начин цолтой байхад нь тунаж орхин дараа нь Баярсайхан заантай тунаад өвдөг шороодсон. А.Сүхбат аварга гурвын давааны төгсгөлд бас л гурван бөхөөс ам сонсчээ. Тэд нь Д.Бумбаяр, Б.Гантогтох, Д.Сумъяабазар гурав. Сумъяагаа аваад Бумбаяр Гантогтох хоёроо тунагаж Бумбаяр нь давсан удаатай. Харин тухайн жилийнхээ наадмаар мань хоёр зургаагийн даваанд байна уу, бас л тунаж Гантогтох нь давж, долоод том Сүхбат гарьдыг өнөө олны сайн мэдэх уран барилдаанаараа орхиж заан цолны босго алхсан билээ. Ерэн гурван оны сар шинийн барилдааны зүүний магнайг Д.Дамдин аварга магнайлан зодоглосон байдаг. Гурвын даваанд цолоо дуудуулчихаад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бөхийн тайлбарлагч Агвааны Ганбаатарт элэг бүсээ тайлсан юм. Дамдин аварга А.Ганбаатарыг улсын цолонд хүргэж байсан. Тэрхүү ач буяныг бодож аварга Ганбаатарыг амлалаа, гар хөнгөн гуравдавах нь дээ гэж байтал Ганбаатар начин аваргыг өвдөгл үүлчихсэн юм.

Ерэн таван он. Б.БатЭрдэнэ аварга найм дахиа түрүүлж, О.Балжинням аварга үзүүрлэсэн жил. Ерэн дөрвөн оны цагаан сараар ч, улсын наадмаар ч тэр хоёр л үзүүр түрүү булаалдаж байв. Тэр жил мөн л үлджээ. Их шөвөгт Д.Мөнх-Эрдэнэ арслан, залуу заан Ц.Цэрэнпунцаг (одоогийн гарьд) нар үлдсэн байдаг. Пунцагаа гарьд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, улсын заан Ренчинхүүгийн Гансүхээр тунаж тав, том Сүхбат гарьдаар зургаа давж их шөвөгт Балжаа аваргатай тунасан. Тэрээр ерэн дөрвөн оны наадмын наймын даваанд Р.Гансүх заантай, есийн даваанд Балжаа аваргатай тунаж хүч үзсэн билээ. Цэрэнпунцаг гарьдын аархаж барилдсан он жилүүд эхэлж байгаа нь тэр. Ерэн дөрвөн оны наадмын өмнөхөн Пунцагаа гарьд Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн доктор Довдонгийн Данзан гуайтай автобусанд таарчээ. Тэгэхэд начин цолтой байж. Данзан доктор Цэрэнпунцагт хандан “Дүү хүү өнөө жил дор хаяж долоо давна шүү” гэхэд, би юу гээд толгойгоо илж байсан гэдэг. Үнэхээр ч тэр жил Пунцагаа хүү, төрийн наадамд хоёр жил дараалан үзүүрлээд байсан Дуламжавын Мөнх-Эрдэнийг долоогийн даваанд, Р.Гансүх зааныг наймын даваанд орхиж их шөвгийн гуравт Балжаа аваргатай тунаж байсан түүхтэй. Ерэн таван оны сар шинийн барилдааны өмнө нэг их өндөр бооцоотой бөхийн таавар явж байсныг санаж байна. Тэр нь 1994 онд шинээр улсын начин цол хүртсэн бөхчүүд хэд давах вэ гэсэн таавар байв. Долгорсүрэнгийн Сумъяабазар, Пүрэвсүрэнгийн Ганбаяр, Түвдэнжамбын Бат-Эрдэнэ, Цэндээгийн Анхбаяр, Ишдоржийн Ганбаатар, Хэнмэдэхийн Түвшинсанаа, С.Дангаасүрэн нарын арван начин тэр жил шинээр төрсөн. Тэднээс Дорнодын Мягмарын Чимэддорж л Жанчивравдангийн Намжилдорж харцагаар гурав давсан байдаг. Д.Амгаа, Д.Цэнд-Аюуш, С.Хүрэлбаатар, Ж.Ганболд, Д.Хишигдорж нарын заанууд хоёрын даваанд унасан. Хөвсгөлийн Элбэг хэмээх элбэгхэн залуу Хишигдорж зааныг өвдөглүүлсэн нь одоогийн харцага Гунгаагийн Элбэг л дээ. “Оны шилдэг найман бөх”-ийг бүтэн жилийнх нь амжилтаар шалгаруулж шагнал өгдөг уламжлалтай. Бүр төрийн тэргүүн шагналыг нь өгдөг байсан байх шүү. Д.Хишигдорж заанд Пунцалмаагийн Очирбат гуай шагнал өгөхдөө гишгэгдэл алдаад дор даваанд хэрхэн унасныг өөрөө биетээр үзүүлж олныг хөгж өөж байв. Цолгүй ганцхан бөх тав давж шуугиан тарьсан Ишдоржийн Доржсамбуу байсан. Тэрээр Чогсомын Батзоригоороо тунаж гурав, М.Мөнгөн арслангаар дөрөв, Д.Эрдэнэбат заанаар тав давж Бат-Эрдэнэ аваргад шороодож байв.

Ерэн зургаан он. Төрийн наадамд таван удаа түрүү үзүүрт шалгарсан “хоёр Эрдэнэ” буюу Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нар цагаан сарын барилдаанд анх удаа түрүү булаалдсан нь тэр жил юм. Мэдээж ноёлж сурснаараа Бат-Эрдэнэ нь давж ес дэх удаагаа түрүүлсэн түүхтэй. Их шөвөгт Балжаа аварга Б.Гантогтох гарьд нар үлдсэн байдаг. Баянаа аварга хүүгээ тавын даваанд амлан элэг бүсээ тайлсан. Хорьдугаар зууны манлай бөх, дэлхийн зуун жилийн бөх од хүчит аварга маань цагаан сарын барилдаанд тийнхүү хүүдээ тахимаа өгснөөр зодог тайлсныг манайхан санаж байгаа. Ааваараа тав давсан Гантогтох заан (гарьд) зургаагийн даваанд Д.Сумъяабазар заан(аварга)-тай тунаж хүч үзээд давсан билээ. Өнөө залуу зургаан зааны хоёр нь тийн хүч үзэж бөх сонирхогчдыг ёстой нэг өнд өлзүүлсэн дээ. Ерэн зургаан оны цагаан сараар сайн барилдсан бөхчүүдийн нэг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Жанцангийн Чулуун начин юм. “Ерөнхийлөгчийн бөх” гэгддэг тэрээр Р.Давааням заанаар дөрөв, Б.Ганбаатарарслангаар тав давж дунд шөвөгт шалгарсан. Басхүү тэмдэглэлгүй өнгөрч боломгүй нэгэн барилдаан бий. 1995 оны наадмаар шууд долоо даван заан цол хүртсэн Гэлэгжамцын Өсөхбаяр хоёрын даваанд өвдөглөсөн. Түүнийг Төв аймгийн Заамар сумын харьяат, Монгол Улсын начин Дуламсүрэнгийн Намдаг залуу бөх байхдаа шороодуулчихсан. Бас л бөөн шуугиан болж байлаа.

Ерэн долоон он. Зургаан залуу зааны үе эхэлж буйг дуулгаж Цэдэндамбын Цэрэнпунцаг Бат-Эрдэнэ аваргатай түрүү үзүүрт үлдсэн. Пунцагаад Бат-Эрдэнэ аваргыг хаях боломж бүрэн байсан гэдэг. Гэвч дотнын ахын хувьд Баагий аварга Пунцагаа дүүдээ учир байдлаа хэлж цагаан сарын баярт завсаргүй арав түрүүлсэн удаатай. Ер нь Баагий аварга Цэрэнпунцагийг ид үед нь олон буулгасан даа. Ерэн долоон оны наадмын их шөвөгт, 2001 оны есийн даваанд тус бүр амлаж унагаж байсан. 2001 онд наян жилийн ойгоор түрүүлчих бодолтой байна гээд бас л буулгуулсан гэх яриа бий. За тэр яахав, дотнын ах дүүгийн хоорондын явдал биз. Гэхдээ Пунцагаа гарьдын өмнөөс харамсдаг хүмүүс олон байдаг. Улсад дор хаяж нэг, хоёр түрүүтэй бөх байсан хэмээн одоо хэр нь ярьдаг, басхүү зодоглохыг нь хүлээдэг. Пунцагаа тэр жил зургаан залуу зааных нь нэг болох Гэлэгжамцын Өсөхбаяраар тунаж зургаа, Д.Мөнх-Эрдэнэ арслангаар тунаж долоо давж Бат-Эрдэнэ аваргатай үлдсэн. Олны хайртай Оргилболд начин тухайн цагаан сарын барилдаанд бас л шуугиан тарьсан. Залуу бөх зодоглоод тав давчихсан. Мань хүн тэр жилээ Зэвэгийн Дүвчингээр улсын цолонд хүрсэн байдаг. Мөн Хэнтийн Батжаргалын Одхүү гялалзсан цагаан залуу Ө.Тулгаа, Д.Цэнд-Аюуш нарын заануудыг гурав, дөрвийн даваанд орхиж олны хараанд өртсөн бол До.Ганхуяг арслан мөн л хорь орчим настай залуу зодоглож Г.БатАмгалан начингаар гурав давж байсан байна. Өлзийн Тулгаа заан дүү Сумъяа начны хамт тэр жилийн цагаан сараар Увсын хязгаараасаа ирж зодоглосон юм аа.

Ерэн найман он. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын заан Б.Ганбат аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж цагаан сарын бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн билээ. Улсын цолгүй бөх түрүү үзүүрт шалгарсан тохиолдол 1998 он хүртэлх хугацаанд байгаагүй юм. Хэрвээ Бат-Эрдэнэ аваргыг өвдөглүүлсэн бол дараалсан олон түрүүг нь зогсоох байлаа. Аварга тэр жил арван нэг дэхээ түрүүлсэн билээ. Б.Ганбатын хувьд өмнөх жилийнх нь сар шинийн барилдаанд хоёр давж, гуравт Ч.Батзориг начин (заан)-тай тунаад өвдөглөж байсан. Түүнийг ерэн долоон оны наадмаар улсын цолонд баталгаатай хүрнэ, начнаар тогтохгүй гэгдэж байв. Гэтэл яалаа, гурвын даваанд Ц.Цэрэнпунцаг заан (гарьд) амлаж аваад хаячихсан. Олны нүд орой дээрээ гарна гэдэг л болсон. Ямар сайндаа Баянаа аварга “Сайхан л наадам боллоо, Сүхбат маань заан цол хүртлээ. Ганбатыгаа бас л заантай даа гэж байтал гурвын даваанд Цэрэнпунцаг аваад хаячихлаа. Залуу байхад аатай омогтой, аль болох хатуу ам авъя л гэж боддог. Гэхдээ Цэрэнпунцаг арай л хатуу ам авлаа даа” гэж толгой сэгсэрч байсныг санаж байна. Аймгийн арслан Б.Ганбат үзүүрлэхдээ Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн, Гэлэгжамцын Өсөхбаяр нарын нэгэн үеийн шилдэг хүчтэнүүдийг дараалуулан орхиж, их шөвөгт Д.МөнхЭрдэнэ арсланг давсан юм. Тэр жил Ганбаттай адил бас л сайн барилдсан бөхийн нэг цэргийн начин Ц.Цэрэнчимид (одоогийн начин) байлаа. Улсын наадмын начны даваанд хэд хэд бүдэрсэн тэрээр И.Доржсамбуу, О.Одгэрэл нарын ид гарч ирж буй залуу хүчтэнүүдийг хаяж дунд шөвөгт шалгаран Балжаа аваргад тахимаа өгч байв.

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *