Categories
мэдээ эдийн-засаг

Цагаан сар ба цалин тэтгэвэрийн зээл

XIII зуун Эзэн Чингис хааны үеээс өвлийг өнөтэй давж урин цаг ирснийг билэгшээн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр”Цагаан сар” хэмээх баярыг тэмдэглэдэг болсон билээ. Монголчууд цагаан сард олон хоногийн өмнөөс бэлдэж , малын хашаа хороогоо цэвэрлэн, засварлана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, шинэ сардаа хир буртаггүй, өр ширгүй, ариун тунгалагбүхнийг билэгшээн шинэлэдэг сайхан уламжлалтай. Ерөөсөө энэ баярын утга учир нь л удаан уулзаагүй төрөл садантайгаа учран золгож, муу муухайг эцэс болгон, сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ амьдралыг өөдрөгөөр угтах юм шүү дээ. Харамсалтай нь өнөө үед тэр сайхан уламжлал, ширээнд зассан идээ, хүнд өгөх бэлэг сэлт, тамхилах хөөргөөрөө өрсөлдөх өрсөлдөөн болж, амьжиргааний түвшин доогуур өрхүүдэд дарамт учруулж байна. Эзэн Чингис хаан нэгэнтээ

“Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно

Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно

Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болно

Хожмийн үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа болмой, тиймээс энгийн даруу болго” хэмээн айлдсан байдаг.

Цагаан сард зориулан иргэд хичнээн төгрөг зардаг болохыг Статистикийн үндэсний хорооноос гаргасан тооцоололоор нэг өрх дунджаар зөвхөн идээний зардалд 696.1 мянга, гарын бэлгэнд 780.0 мянга нийтдээ 1.5 сая төгрөгний зардал гаргадаг ажээ. Гэтэл 2018 оны гуравдугаар улирлын байдлаар нэг өрхийн дундаж орлого сард 1.168.532 төгрөг, сард 500.0 мянга ба түүнээс доош цалинтай иргэд нийт ажилчдийн 63.5 хувийг эзэлдэг. Тэтгэвэрийн дундаж 342.8 мянга байдаг байна. Энэ нь хүн амын талаас илүү хувь сарын орлогоосоо давсан өртгийг долоо хоног тэмдэглэдэг баярт зарцуулах шаардлагатай тулгардаг гэсэн үг. Тэд энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг бол? Гол гарц нь цалин тэтгэвэрийн зээл.

Банкин дотор ар араасаа эгнэн зогсох урт дарааллын ихэнх нь хөгшчүүд байх юм. Тэднээс чухам юунд дуугарлаж байгааг асуухад – Цагаан сар дөхөөд тэтгэвэрийн зээл авахаар банкны бүгчим тасалгаанд суух ч сандалгүй зогсоогоороо ээлжээ хүлээн буй аж. Тэдбагадаа л 800.0 мянга, хамгийн ихдээ 1.200.0 мянга хүртэл зээл авах хүсэлт бүхий анкет барин зогсоно.

Үндэсний сайхан баяраараа банкны хамааралтай болоод, шинэ сардаа өрөнд баригдаж,өтөнд идэгдсэн, байдалтай орох гэж үү? Жилд ганц тохиох эдгээр өдрүүдэд цаг хугацаа яриа хөөрөө бэлгэлэж, санаа амар байгаагаараа л баярлаж сурцгаая.

Б.ЦЭНДСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *