Цагаан ордны компьютерийн сүлжээнд хакерууд нэвтэрчээ. “Вашингтон пост”-ийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн гүйцэтгэх албаны ажилчдын ашигладаг нууц бус сүлжээнд хакерууд нэвтэрсэн байна. Нууц бус сүлжээний зарим нэг бүрэлдэхүүн хэсэг халдлагад өртсөн хэдий ч компьютерийн сүлжээнд ямар нэгэн гэмтэл учраагүй гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ. Уг халдлагыг шалгаж байгаатай холбогдуулан ажилчдын компьютерийн сүлжээг түр хаасан байна. Цагаан ордны албаны хүмүүсийн мэдээлснээр сүлжээнд хакерууд нэвтэрснийг 2-3 долоо хоногийн өмнөөс анзаарсан бөгөөдажилчдын сүлжээнд саатал учирч эхэлсэн байна. АНУ-ын засгын газар уг хууль бус үйлдлийг аль нэг улсын эрх баригчдын явуулга байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ халдлагын цаана байх хамгийн их магадлалтай улс нь ОХУ гэжээ. Энэхүү хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Үндэсний аюлгүй байдлын агентлаг шалган ажиллаж байгаа юм байна.
Б.Анужин