Categories
мэдээ цаг-үе

Цаг хугацааны хайчин галаас айхгүй ганц хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн

Монголын төрд шийдвэр гаргах улс төрийн хүчин байхгүй болчихлоо. Аль бүлэглэл нь хүчтэй вэ гэдэг асуудал л яригдах болох нь. Үүнийг Ерөнхий сайдыг томилсон УИХ-ын чуулганаас тодорхой харлаа. УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын гишүүд дундуураа хоёр хуваагдаж 33 гишүүнтэй У.Хүрэлсүхийн бүлэг, 32 гишүүнтэй М.Энхболдын бүлэглэлүүд албан ёсжив. Үүн дээр АН-ын бүлгийн найман гишүүн, эдэн дээр МАХН-ын Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар нэмэгдэж, Д.Эрдэнэбатаар толгойлуулсан АН-ын “10-ын бүлэг” бий боллоо. Ийнхүү Монголын төр засгийн толгойд гурван том бүлэглэл ойлголцож чадахгүй, ойлголцоогүйгээр барахгүй бүр ноцтой байдалд хүрснийг ард түмэн харж байна.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТОЛГОЙЛСОН “33-ЫН БҮЛЭГ”

Эдгээр гурван бүлэглэлийн хамгийн том нь эднийх. Хэн хэн багтдаг тухайд нэрс нь олонтаа гарч, хэн хүнгүй мэддэг болсон. Энэ бүлэглэлд хүч өгсөн фракц бол Сү.Батболдынх юм. Сая Засгийн газар огцруулах үйл хэрэгт эднийхэн томоохон үүрэг рольтой оролцсон. Сү.Батболдын фракцын гишүүн, нэр бүхий 10 орчим хүн УИХ-ын чуулганы танхимд бий. Тэднээс лавтай 2-3 хүн сайдын суудал горилно. Д.Цогтбаатар Барилга хот байгуулалтын, Ч.Хүрэлбаатар Сангийн яам… гэхчлэн. Сая У.Хүрэлсүхэд хүчээ өгсөн энэ фракц нь мөнгөтэй, боловсролтой, бас дээр нь огцорсон Засгийн газрын үед хүмүүсээ төрд нэлээн сайн байршуулж, хөл сайтай болчихсон фракц юм. Ер нь бол Хү-д их л нэмэр боллоо, цаашид ч нэмэр болох байх. Эдэн дээр Ерөнхий сайдын өөрийнх нь хэсэг хүн байгаа. Жишээ нь Ж.Энхбаяр байна. “Алив хэрэг тохиолдвол надад дуулгаарай, жадны чинь үзүүр, сэлэмний чинь ир болж явна” гэж аль эрт Хү-д хэлсэн хүн юм гэнэ лээ. Саяын намын бага хурал дээр харж байхад Ж.Энхбаяр гишүүн өөрийнх нь бүрэн нөлөөнд байдаг Говь-Алтайгаас сонгогдсон бага хурлын гишүүдээ дагуулж гарч ирээд, тэдгээр хүмүүс нь ил цагаан хэнд дугуйлснаа түүнд харуулаад саналын хайрцаг руу хийж байгаа харагдсан гэдэг. Ингэж зүтгэсэн хүн нэг “юм”-тай сална байх. Энэ мэт их багаасаа У.Хүрэлсүхтэй хөтлөлцсөн нэлээн хэдэн гишүүн “33-ын бүлэг”-т бий учраас эднийгээ улам нягтаршуулахаа улс төрийн тогоонд олон жил махаа зулгаасан У.Хүрэлсүх мэдэхгүй өөр хэн мэдэх билээ. Ерөнхий сайд бол Ерөнхийлөн захирагч л байх ёстой. Ерөнхийд нь тэгсгээд явчих нь гэдэг хүн бол унадаг юм шиг байна. Тодорхой хугацааны дараа 33 хүн нь 43 болчихсон явахыг үгүйсгэх аргагүй. Хүнд хувийн эрх ашиг л хамгийн нэгдүгээрт байдгийг бүгд мэднэ. Эхнэрийн чинь дүүг агентлагийн даргаас нь хуслаа гэхэд л салгалаад явчих хүн “32-ын бүлэг”-т идэвхийлж явааг нь харахаар инээд хүрэх юм байна шүү дээ. Тэр хүнд Ард түмний эрх ашиг-Авгайдаа ганжиндуулах хоёрын аль нь илүү жин дарахыг мэдэх хүмүүс нь мэднэ шүү дээ. Үүнээс улбаалаад М.Энхболдын тэргүүлж буй “32-ын бүлэг”-ийн талаар бичье.

М.ЭНХБОЛДЫН ТОЛГОЙЛСОН “32-ЫН БҮЛЭГ”

Уг нь бол энэ бүлэглэл харьцангуй тогтвортой, үнэнч, нягт байх магадлалтай л даа. Өнөөдрийг хүртэл туулж ирсэн замналыг нь харахаар. Гэхдээ эдний бүлэглэлээс Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ нар чуулганы хуралдаанд оролцсон. Цаанаа ямар учиртай нь удахгүй тодорхой болох биз. Энэ бүлэглэлийн гол толгойлогчдын нэг болж хувираад байгаа Ө.Энхтүвшин гишүүний хувьд “У.Хүрэлсүх бидэнтэй зарчмаа тохирч чадсангүй, Эхлээд АН-ын бүлэгтэй уулзсан нь зарчимгүй асуудал. Уг нь бол манай бүлэгтэй эхлээд уулзах ёстой байсан. Тийм учраас бидний 30-аад гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй” гэж төрийн ордонд албан ёсоор мэдэгдлээ. Тэгэхээр эдний бүлэглэлийн яриад байгаа тэр зарчим нь чухам юу юм бэ. Энгийн иргэн Доржид ч сонсогдож байгаа нэгэн мэдээлэл бол “Сайдууд дээрээ тохирч чадаагүй л юм байна ш дээ” гэсэн яриа хөөрөө. Эх сурвалжуудын хэлж байгаагаар эдний бүлэглэлийн зүгээс Засгийн газрын суудлын 50 хувийг манайд өгчих гэж Хү-д хэлсэн, тэр нь үгүй гэжээ. Ингээд л эдний бүлэглэл тэмцэлд мордож байгаа нь энэ юм шиг байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 14 сайдын талыг нь манайх авъя гэсэн нь л энэ бүлэглэлийн яриад байгаа зарчим бололтой. Энэ бодит үнэнийг л худлаа гэж битгий хэлээрэй дээ.

АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТЫН ТОЛГОЙЛСОН “10-ЫН БҮЛЭГ”

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол энэ удаагийн чуулган дээрх тоглолтыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат найруулж байгаа бололтой. Учир нь тэрбээр яг нэг жилийн өмнө МАН-ын “65-ын бүлэг”-т хандаж өнөөдрийн болж буй процессыг урьдчилан хэлж, сануулж байсан нь манай сонины хуудаснаа үлджээ. Өнгөрсөн намрын чуулган дээр Д.Хаянхярваа гишүүн “Бурхан чи битгий хуц гэсэн үг байдаг байхаа, энэ үгийг АН-ын та нарт хэлье” гэж чанга дуугарч байж. Түүнийх нь хариуд Д.Эрдэнэбат гишүүн “МАН-ынхаан, та нар өнөөдөр үнэмлэхүй олонх болчихсон АН-ыг баалж байна. Миний үгийг битгий мартаарай, АН-ын явсан замаар МАН хүссэн хүсээгүй явна. Бидний үзсэн зовлонг та нар үзнэ. Та нар татвар нэмэх гэж байгаа юм байна. Ард түмний хоолноос хумслах нь. Оюутны мөнгө, хүүхдийн мөнгийг та нар байхгүй болгох юм байна. Төрийн албан хаагч, багш, эмч нарын цалин хангамжийг та нар танах юм байна. Концессыг та нар бантан болгох юм байна. Энэ бүгдийн чинь хариуг ард түмэн та нарт өгнө. Хаянхярваа гишүүнээ, та АН-ыг хуц гэж хэлж байна. Наад үгийг чинь МАН-ын бүлгийн дарга Хаянхярваа танд болон танай намынханд ард түмэн удахгүй хэлэх болно оо” гэжээ. Эндээс харахад энэ удаагийн Ерөнхий сайдын томилгоонд АН-ын бүлгийн 8 гишүүн идэвхтэй оролцсон нь учиртай юм байна. Тэд улс орны маргаашийг бодож, нэг жилийн өмнө хэлж сануулж байхад олонхоороо хүч түрэн татвар нэмж, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дампууруулж, концессыг бантан болгосныг цаашид үргэлжлүүлж болохгүй, өнөөдөр цаг алдаж бүр ч болохгүй гэдэг үүднээс сая УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэмжжээ гэдэг нь харагдаж байна. Жилийн өмнө чуулган дээр МАН-ын 65 гишүүнд доромжлуулан, зүхүүлэн байж түүний хэлсэн “Концессыг та нар бантан болгох нь” гэсэн сануулга бодит хэрэг явдал болж сая огцорсон Засгийн газрын гишүүд өөрсдийн компанидаа 807.5 тэрбум төгрөгийн концесс өгсөн, татвар нэмж ард түмэн, аж ахуй нэгжийн нуруун дээр дааж давшгүй ачаа үүрүүлсэн, оюутны тэтгэлэг, хүүхдийн мөнгийг лөөлөө болгосон, нийгмийн хамгийн том масс болох багш, эмч нарын цалин хангамжаар оролдсон зэрэг нийгмийн суурь бүх үзүүлэлтийг дордуулсан шалтгаанаараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорлоо. Ийм цаг мөчид юу бодогдож байна гэхээр У.Черчиллийн “Улс төрч гэдэг бол маргааш юм уу, нэг сар, нэг жилийн дараа юу болохыг урьдчилан хэлж чаддаг байх ёстой. Дараа нь яагаад тэр бүх зүйл болоогүйг тайлбарлаж чаддаг байх ёстой” гэж хэлсэн алдарт үг л санаанд буугаад байна. Ер нь бол УИХ-д суугаа АН-ын гишүүд эрх баригчдын дэргэд ядаж л нэг жилийн дараахийг харж, мэдэрч байгаагаараа ялгарч байна. Тэгж чадаж байгаа учраас тэд Засгийг яаралтай солих хэрэгтэй гэж үзжээ. Тэд төр засаг тогтвортой байхын ач холбогдлыг яс махаараа мэдэрсэн хүмүүс. Тийм болохоор У.Хүрэлсүхийн Засгийн газраар тэд оролдохгүй нь тодорхой. Энэ удаагийн чуулганд АН-ын найман гишүүн ороогүй бол У.Хүрэлсүх унаж юу болж хувирах байв. Монголын төр төгс дампуурлынхаа зам руу орох байсныг ард түмэн анзаарсан байх. Эх орноо ийм л дампууралд оруулах сонирхол энэхүү 32 нөхөрт байгаа юм байх даа. Энэ байдлаараа М.Энхболдын тэргүүлсэн “32-ын бүлэг” шинэ Засгийн газрыг огцруулах үйлдэл хийж мэдэх юм байна. Тийм далд заналхийлэл, хууль бус тулгалт байгаа учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэсэн аймшигт үгийг төрийн индэр дээрээс хэлсэн байх. Өнгөрсөн түүхэнд төрийн гурван өндөрлөгийн амнаас ийм хатуу үгийг ард түмэн сонсож байгаагүй юм. Энэ хүн ийм үг хэлэхээс өөр аргагүй болтол нь намынх нь “32-ын бүлэг”-ээс дарамталжээ гэж ард түмэн ойлгож байна.

Үнэхээр үүндээ хүрсэн бол “32-ын бүлэг”-ийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шумуул хазахын төдий ч цочоо үзүүлж чадахгүй. Тэр намын дарга биш учраас намын өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй. Засгийн газрын өмнө ч хариуцлага хүлээхгүй. Тийм учраас У.Хүрэлсүхэд алдах зүйл байхгүй. Харин УИХ-ын гишүүн 32 хүнд алдах зүйл аймаар их байна. Үндсэн хуульд зааснаар УИХ нь Засгийн газраа байгуулж чадахгүй 45 хоновол бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна. Ерөнхийлөгч ч санал оруулж болох хуулийн зүйл заалт байгааг мэдэж байгаа нь цөөхөн байгаа даа, аягүй бол. Тэгэхээр УИХ тарна гэдгээс энэ 32 гишүүн үхтлээ айж байгаа. Тийм учраас ингэж дөвчигнөж байгаад Ерөнхий сайдтай ямар нэг тохироо хийхийг л зорино. Үүнийгээ л “Бидэнтэй зарчмаа тохирохгүй байна” гэж яриад байгаа юм. Харин У.Хүрэлсүх яг эсрэгээр нь өөрийнхөөрөө танхимаа бүрдүүлэх ёстой. Тийм боломжийг нь УИХ бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Энэ бүгдээс одоо юу харагдаж байна гэхээр хуулийн заалтаар тулгасан 45 хоногийн хайчин гал ажиллаж эхэлжээ. Цаг хугацааны энэ хайчин галаас айхгүй ганц хүн У.Хүрэлсүх мөн байгаа биз. Энэ л У.Хүрэлсүхийн давуу тал. Та 32-ын хувьд тарна гэдэг бол харин аймшгийн зүүд.

Авлигатай айхавтар тэмцэж буй Си Жин Пиний нэг үг бий, “Авлигатай тэмцэх юм бол нам сүйрнэ. Тэмцэхгүй бол эх орон сүйрнэ” гэж. Түүн шиг У.Хүрэлсүхийн хувьд “60 тэрбумтай тэмцэхийн бол нам нь сүйрнэ. Тэмцэхгүй бол төр нь сүйрнэ”. Ийм л нөхцөл байдал дунд байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *