Categories
гадаад мэдээ

Цаазлуулсан Лю Ханы нийт хөрөнгө 6.4 тэрбум ам.доллараар тоологдож байжээ

БНХАУ-ын шүүхийн шийдвэрээр тэрбумтан Лю Ханыг цаазаар авсан. Шүүхээс түүнийг 1993 оноос эхлэн Сычуань мужид гэмт хэргийн шинжтэй ажлууд хийх болсон, улмаар түүний бүлэглэл мужийнхаа эдийн засгийн хэд хэдэн салбарт хууль бус хяналт тогтоож, үүгээрээ нийгэм, эдийн засгийн эмх журмыг зөрчиж асар их орлого хуримтлуулсан гэж үзжээ.

БНХАУ-ын Хубэй мужийн Ардын дээд шүүх Лю Ханы дөрвөн хамсаатныг мөн цаазаар авах шийдвэр гаргав. Лю Ханьтай холбоотой хэргээр нийтдээ 36 хүнийг шүүж, тэднээс таван хүнийг шүүхийн шийдвэрийн дараа цаазалж, өөр таван хүнийг хоёр жилийн дараа цаазлахаар болжээ. Мөн дөрвөн хүнийг бүх насаар нь хорьж, үлдсэн хүмүүсийг зохих хугацаагаар хорих ялаар шийтгэв. Лю Ханьтай хамт түүний ах Лю Вэй, хамсаатан Тан Сяньбину, Чжан Дунхуа, Тянь Сяньвэй нарыг цаазаар авч, ялыг гүйцэтгэхийн өмнө гэр бүлийнхэнтэй нь уулзуулжээ.

Лю Хан нь тус улсын “Sichuan Hanlong Group”-ын тэргүүн байсан бөгөөд түүний нийт хөрөнгө 6.4 тэрбум ам.доллараар тоологддог аж. “Sichuan Hanlong Group” нь харилцаа холбоо нарны эрчим хүч, химийн бодис, уул уурхай, ашигт малтмалын хайгуул, үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас зэрэг олон салбар чиглэлээр үйл ажиллагаа өргөжүүлсэн тэлсэн байжээ. Нийт 70 гаруй компанитай бөгөөд уул уурхайн “Sichuan Hongda” охин компани нь 2011 онд Танзанийн нүүрс төмрийн уурхайд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, энэ нь Зүүн Азид хийсэн томоохон хөрөнгө оруулалт байсан гэнэ. Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Лю Хан нь “Rolls Royces”, “Bentleys”, “Ferrari” зэрэг 100 гаруй тансаг зэрэглэлийн машинтай байсан аж.
Тэрбээр Сычуань мужийн депутатаар гурван удаа сонгогдсон бөгөөд 20 гаруй хүндэт цолтой байсан гэнэ. Нэгэн үе Хятадын Нийгмийн аюулгүй байдлын сайд асан Чжоу Юнканы ууган хүүгийн туслахаар ажиллаж байсан байна. Чжоу Юнкан бол Хятадын түүхэн дэх хамгийн том авлигын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан юм.

Ц.БУЛГАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *