Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Уянга: Дөрвөн настай охинд зориулсан зул өргөх ёслол бие биеэ хайрлах нийгмийн сэтгэл зүйг сэдрээлээ

Харамсалтайгаар амиа алдсан дөрвөн настай охинд зориулсан цагаан жагсаал, зул өргөх ёслол болсон билээ. Зайсан дахь Бурхан багшийн цогцолборт болсон зул өргөх ёслолыг твиттерчид зохион байгуулсан. Энэ талаарЭлийрэгчнэрээр жиргэдэг “M.A.D Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Ц.Уянгатай ярилцлаа.

Дөрвөн настай охинд зориулсан зул өргөх ёслол өнгөрсөн бямба гаригт болсон. Зайсан дахь Бурхан багшийн цогцолборт твиттерчдийн зохион байгуулсан ёслолд олон хүн оролцсон байна билээ?

-Бүгдээрээ цочир хүлээж авсан, гэнэтийн зүйл байсан шүү дээ. Энэ үйл явдалд бүгдээрээ, нийгмээрээ бухимдсан. Зүрх сэтгэл шимширмээр, эрүүл ухаантай хүн зүгээр байж боломгүй. Энэ нь зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал байгаагүй.

Ийм хэрэг гарсныг нэгэн­дээ ч хэлж зүрхлэхээргүй хүнд байсан шүү дээ?

-Энэ хэргийн тухай хоорондоо ч ярихдаа цэрвэмээр байсан. Гэнэтийн ийм үйл явдлын талаар сошиалаар шуугисан. Сошиал чинь эвгүй шүү дээ. Үнэн, худлаа юу, хэн нэгэн нь өөр нэгнийг хохироох гэж тарааж байна уу, жаахан хүүхдүүд дэмий сенсаацилж байна уу гэдэг нь мэдэгддэггүй учраас харзнасан л даа. Энэ асуудал худлаа ч бай, үнэн ч үүний талаар сошиалаар битгий тараагаачээ, уламжлалаа бодсон ч гэсэн тэр хүүхдийн сүнсийг тайван байлгах хэрэгтэй, зургийг нь битгий тараагаач гэсэн байр суурьтай байсан. Бид ийм муухай, аймаар юм хармааргүй байна гээд өнгөрчихдөг асуудал биш. Тэгж болохгүй. Хэн ч хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Яг жилийн өмнө хоёр хүүхдээ хазсан эцгийн хэрэг, тэр хэргээс бас яг жилийн өмнө хүүхдээ заазуурддаг аав, тэрнээс бас жилийн өмнө хойт эцэгтээ дөрвөн цагийн турш зодуулж хөршийнхөө тусламжтайгаар аврагдсан найман настай хүүхдийн хэрэг гарч байсан. Жил дараалан хүний сэтгэлд багтамгүй, зэрлэгийн зэрлэг үйлдэл гаргасан ийм нийгэмтэй байж болохгүй. Үүнийг бид цочроор хүлээн авах нь үнэн. Зөвхөн нэг системийг буруутгаад ч юм уу, хуулиар л үүнийг зохицуулна гээд юм уу, төрөөс гэр бүлийн гишүүдийг гэр бүлийнхнээ хайрлахыг сургана гэдэг хийсвэр ойлголт. Хүний ухамсрын түвшинг муу муухай байлгахгүйн тулд нийгмийн оролцоо бий болж байж ядахдаа хязгаартай болно. Уг нь энэ нь ямар ч нийгэмд байж л байдаг үзэгдэл. Гэхдээ хэр хэмжээтэй байна гэдэг дээр харьцуулалт хийвэл бид хэтэрхий цөөн хүн амтай. 60, 70 сая хүн амтай улс орнуудад болж байгаа тэр тохиолдлуудаас элбэг, тогтмол юм шиг байдалтай байгаа нь манай нийгэм хаашаа явж байна гэдэг том дохио болж байна. Тийм болохоор үүнийг ямар ч эрүүл ухаантай хүн хүлээн зөвшөөрч болохгүй. Дөрөв, тав дахь жилдээ дараалан тохиолдлоо. Нийгэм өөрөө ийм хүлээн зөвшөөрөлттэй, найдах юмгүй, энэ бол бидний асуудал биш гэсэн байр суурьтай явж ирсэн нь бас нэг том гажуудлын илрэл. Бид болохгүй гэдгийг нь мэдэж байгаа мөртлөө бид өөрсдөө оролцох ёстой гэхгүйгээр заавал ямар нэгэн юманд даатгаж, хэн нэгэн хүнд хариуцуулж, ганцхан систем нь дийлэхгүй юмыг тэрэнд нь хариуцлага тооцуулах гэж зүтгэдэг. Цаазын ялыг хүнлэг бус юмыг эсэргүүцэж, зэвүүцэн халахыг хүсдэг мөртлөө хүнлэг бус шийтгэлийг шаардаад ирнэ гэдэг нь нийгэм дээд зэргээр өвчилснийг харуулж байгаа явдал л даа.

Энэ хэрэг нийтийн чихэнд хүрэнгүүт зарим хүмүүс талбайд цуглая. Эцэг, хойт эхийг нь ол­ны нүдэн дээр хатуу шийт­гэе гэх мэтээр нийтийн сүлжээгээр үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байсан

-Олон нийтийн нүдэн дээр цочроо өгөх ёстой гэцгээгээд л. Наад зах нь гэхэд манайхан улс төржөөд. Хямралтай энэ үед бухимдлаа янз бүрийн юм руу гаргаад, илэрхийлж мэдэхгүй байгаа байхгүй юу. Цаазын ялыг халсан, янз бүрийн хүнийг өршөөж байгаа тэр Элбэгдоржийг гаргаж ир гэсэн иймэрхүү хөрсөн дээр бүгдээрээ талбай дээр гарч ирвэл тэр охины төлөө биш зөвхөн нэг өш хонзонг нөгөө өш хонзонгоор л тайлах талбар болоод дуусах байсан. Сүүлдээ талбайгаа гороолъё болоод, Ноён уул муул гээд замбараагүй юм болчих юм бол утгагүй болно. Жагсаал хийх зөвшөөрөл нь олдохгүй бол буян л үйлдье, Бурхантай хөшөөн дээр очоод чин сэтгэлээсээ зул өргөөд, охины төлөө эмгэнэн гашуудаад, хойтохыг нь даатгаад, дараагийн төрлөө олоод эдэлж амжаагүй жаргалаа эдлэхэд нь зам мөрийг нь гэрэлтүүлэхийн тулд бүгдээрээ нэгэн цагт улс орон даяараа сүсэглэн залбиръя гэдэг мессежийг өгье гэцгээсэн. Юу юуг нь мэдэхгүй буруутанг нь хайхаасаа өмнө ингэх нь зүйтэй.

Ийм жагсаал болж байгааг улс орон даяар шууд дамжуулж, цахим ертөнцөөр мэдээлэл нь цацагдаж байсан. Үүнийг хараад хүчирхийлэл үйлддэг хүмүүс бага ч гэсэн цочроо авч, айдас нь төрсөн болов уу гэж санагдсан?

-Хэцүү шүү дээ. Хэний ч уур хүрч байгаа юм. Би ч гэсэн очоод зодчихмоор санагдаж байсан. Гэхдээ хүн төрөлхтний ангид байх ёстой үзлийг өөр ямар нэгэн юмаар зөвшөөрүүлнэ гэж байж болохгүй. Тийм учраас бухимдаж байгаа нийгмийн бухимдлыг улам дэвэргэх хэрэггүй. Хамгийн хүчтэй мессеж бол дуугүй байх. Чимээгүй, зогсолтоор, тэр олон мянган зулаар.

Энэ бол бидний төрөлх араншин биш. Монголын нийгэм ийм тартагтаа тулчихсан биш. Энэ бол зохиомол. Саяхнаас биенээ үл хайхарсан, хажуу дахиа хайрлахаа больсон, хиймэл арилжааны нийгэмд ухаан мэдрэлгүй орсны алдааны гор гарч байгааг бүгд сэхээрцгээ гээд өөрсдийнхөө сэтгэлд нээж байгаа зул байхгүй юу. Ийм утгаар нь бид зултай жагсаалыг хийх ёстой юм гэдгийг ярилцсан л даа.

Би нэг зүйл дээр баярласан. Хүмүүс юм бүхэн дээр бухимдаж байна шүү дээ. Углуурга нь гарч ирдэггүй болохоор л уурлаад байдаг. Бүх асуудал дээр л буруутныг нь хайдаг болчихсон. Энэ үйл явдлын өмнө улс төрийн янз бүрийн үйл явдал болж, өлсгөлөн зарласан. Ар араасаа ийм зүйлс болсон болохоор их бухимдалтай болсон. Өнөөдрийн нийгмийн байдал хүнд байгаа. Шударга бус, төрийн хямралтай, улаан цайм авлигатай, зориу­дын буруу удирдан чиглүүлэх бодлого явсан гээд хэлбэл зөндөө юм бий. Хамгийн муухайгаар хүнийг илрүүлээд хамгийн ариунаар алдаг ойлголт байхгүй. Тэр бол ариун зүйл биш. Тийм болохоор манай нийгэм эрүүл ухаанаар хараад, түр тайвшраад юунаас болж болохгүй байна вэ гэдэг дээр дуу хоолойгоо нэгтгэх цаг нь болчихсон байсан. Тэгэхгүй бол бид өдөр бүр л бие биенийгээ үгүйсгээд дотор нь бурхан гарч ирсэн ч үгүйсгэх шалтгаанаа олчихоод байгаа байхгүй юу. Ийм хөрсөн дээр ямар ч юмтай тэмцээд нэмэргүй. Дандаа буруу тал руугаа, улс нийгмийг буруу зүйл рүү түрээд аваад явчихдаг түүхтэй. Тийм учраас бид эхлээд буруутныг хайхаасаа өмнө зүрхний дуудлага, дуу хоолойгоо сонсоод авъя гэсэн. Их сайхан нэгдэцгээсэн, өргөн цар хүрээтэй оролцсон. Хүмүүс байрныхаа гадна зул өргөөд л Улаанбаатар хот даяар, улс даяар зул барьсан. Лам нар ном хурж, маанийн ерөөл айлтгасан. Хүний хөл тасраагүй. Шөнийн 12 цаг болж бид цэвэрлэгээгээ хийгээд явж байхад зөрөөд хүмүүс ирж зул барьж байсан.

Талбай, Зайсанд болсон цагаан жагсаал монголчуудыг нэгэндээ хайртай, биенээ хайрладаг юм шүү гэдгийг мэдрүүлж чадсан?

-Айж л байсан. Зуугаас дээш хүнийг хянахад хэцүү. Тэрийгээ асаа, энийгээ унтраа гээд л бүгд хашгирвал яанам билээ. Наад зах нь гэхэд гал ус алдвал яана. Бидний зохиосон цуглаанд оролцоно гээд 600 гаруй хүн бүртгүүлчихсэн байсан. Хууль номын дагуу зөвшөөрлийг нь авч ОБЕГ, ЦЕГ-тай хамтарч ажилласан. Бүгд сайхан хүлээн авч гадна дотно хяналтаа сайн тавьсан. Залуусын, бидний үнэн төрх тэнд л илэрсэн. Тэнд хуурч, ямар нэгэн дүр илэрхийлэх шаардлага байгаагүй. Хүний гэмшил харуусал, гашуудал эмгэнэл, ухаарал мэдрэгдсэн. Хогоо ч хаяагүй, огт танихгүй хүмүүс бие биетэйгээ хүнлэг хандаж байсан. Хүмүүс хүнлэг байдлыг хүсч байна. Хүсч байгаагаа бүгд илэрхийлсэн. Бид соёлт нийгмийн, хүний ёсыг дээдэлсэн ийм нийгэмтэй болохыг хүсч байна. Ийм баймаар байна гэдгээ үйлдлээрээ илэрхийлцгээсэн. Бид ингээд зогсч болохгүй. Араас нь явах ёстой. Огт танихгүй, зүс царай, нэр усыг нь мэдэхгүй залуус сайн дураараа үлдээд цэвэрлэгээ хийж, бүгдээрээ инээмсэглэж, биедээ “Тусалсанд баярлалаа” гээд чанга тэврэлдэж байсан. Бидэнд тийм халуун юм алдагдчихсан байжээ. Хүн байгаагаа мартчихсан ийм нийгэм бий болгочихсоноо ухаарцгаасан. Ухаарлын маш том давалгаа үүсгэсэнд баярлаад байна. Замын хөдөлгөөнд биенээ дайрчих гээд цухалдаад байдаг хүмүүс чинь уужуу, ноён нуруутай, бусдадаа хүндэтгэлтэйгээр хандаж байсан. Бас залуусын авто клубүүд гэрэлт цуваа зохион байгуулсан. Их сайхан болсон. Цуглаан эхлэхэд цогцолборын хашаа хүнээр дүүрчихсэн байсан. Шөнийн 12 цаг болоход ч хүний хөл тасрахгүй л байсан шүү.

Энэ цуглаан хэдий нэг охины төлөө боловч цаагуураа асар их зүйлийг өгүүлжээ?

-Манай нийгэм аврагдахаасаа өнгөрчихсөн, хамгийн сүүлчийн итгэл найдварын утсаа таслахад бэлэн байсан нийгэм саяхнаас сэргэж байна, бид чадах юм байна гэдэгт итгэж эхэлсэн. Бид жаахан л юман дээр гацчихаад байгаа хүмүүс юм байна шүү дээ. Тэрэн дээрээс биенээ хүлээн зөвшөөрч чадахгүй, хар яр гээд л. Нэгнийхээ үгийг бүтэн сонсч чадахгүй. Юун дээр алдаад, ямар учраас галзуу солиотой юм шиг нийгэм, материаллаг орчин руу орсноо ухаараагүй, харгисжсанаа ойлгохгүй л байгаа байхгүй юу. Хүн болгонд хүсэл байна. Тэр бүү хэл хүчирхийллийн эсрэг хүчирхийллийг дэвэргэдэг гэж нацистуудыг зарим нь үзэн яддаг. Гэтэл нацистууд нацист хувцастайгаа хүрээд ирчихсэн, зул барьж байсан. Нэг эрх чөлөөг нөгөө эрх чөлөөгөөр олохын тулд буруу аргаар илэрхийлээд байгаа болохоос биш тэд ч Монгол Улсын маань иргэд, сайхан улстай болохсон гэсэн бодолтой, төөрөлдөж яваа бидний нэг хэсэг шүү дээ. ТҮК-ийн ажилчид их хөөрхөн. Бөөнөөрөө ирчихсэн зул барьж байсан. Сэтгэл их хөдөлсөн. Тэнд чи, би, танайх, манайх гэх юм байгаагүй.

Хөдөө орон нутгуудад ч лаа, зултай цуглаан болсон байна лээ?

-Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Өмнөговь гээд бүх аймагт өрнөсөн. Аймгийн төвүүдэд. Бүгд зургаа тавиад шейрлээд л. Гэртээ ирээд үзтэл үнэхээр сэтгэл хөдөлсөн. Талбай дээрх цуглаан их сайхан болсон байна лээ. Бүгд зургаа оруулж мэдээлэл хүргэж байсан. Тэр бүү хэл хотын Буянт-Ухаа хорооллынхон,III, IV хорооллынхон гээд хороолол хорооллоор яаж цуглаж зул барьсан тухайгаа мэдээлж зургаа оруулсныг хараад өөрийн эрхгүй мэлмэртэл уйлсан шүү. Монгол Улс даяар нэгдсэн. Гадаадад суугаа монголчууд ч өөр өөрийн барьсан лааныхаа зургийг оруулж байсан. Энэ бол дохио. Долдугаар сарын нэгний аймшигт явдлын дараа нэг нэгэндээ ч итгэхгүй болчихсон байсан. Гэтэл яав олимпийн наадмын тэр торгон агшин дутагдаж байсан хайрыг өгч, танихгүй хүмүүс тэврэлдэж байсан шүү дээ. Хүнд ийм юм дутагддагийг тухайн үед ойлгочихоод гүйцэд хийгээгүй орхичихсон байна лээ. Сая тэрнээс ч илүү өргөн хүрээтэй юм боллоо. Баярлаж хөөрөх асуудал биш ч бүгд дөлгөөн уужуу тайван, хүлээцтэй болчихлоо.

Гэр бүлийн тухай хуу­лийг батлахыг шаар­даж, гэр бүлтэй холбоотой Монголын уламжлалуудыг хүмүүс шүүмжлэх боллоо. Мөн хөршийн харилцаа гэдэг зүйлийг онцлох болов?

-Монгол хүмүүс л муухай юм шиг бодож болохгүй л дээ. Иймэрхүү жигшүүртэй хэрэг ямар ч газар гарч л байдаг. Гэхдээ тэнд нийгэм нь оролцдоггүй байсан бол хамаагүй замбараагаа алдаад манайхаас аймаар юм болох байсан. Нийгэм нь тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Өчигдөр юу ч болоогүй байсан ч иргэний үүргийг байнга сурталчилж, оюун санаанд нь өдөр тутамд давтамжтайгаар хүргэж байдаг. Манайд болсон хойно нь шуугицгаагаад байдаг. Хууль нь манайд байхгүй байна. Гэхдээ хууль үүнийг зохицуулж чадахгүй. Хуулинд болохгүй тохиолдлын дээд хязгаарыг зааж өгдөг. Хэрэв чи ийм ийм хязгаарыг давах юм бол ийм шийтгэлтэй гэдгийг зааж өгдөг.

Хүүхдийг удаа дараа бархируулаад байхад нь ямар нэг арга хэмжээ авсан хөрш, ах дүү хамаатан садан байхгүй л байгаад байна. Энэ бол эмгэнэл. Хүүхэд тэнд бүтэн жил зодуулж, орилж хашгирч байхад мэдсээр байж манайхан оролцохгүй байна. Иргэний энэ үүргийг хуулинд зааж өгөх ёстой. Бас тэр мэдээллийг өгч байгаа гэрчийг хамгаалах ёстой юм. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, хүүхэд хамгаалал болон хүчирхийллээс ангид системүүд нь хоорондоо уялдаатай байх хэрэгтэй.

Хүчирхийллийг юугаар зогсоох юм бэ?

-Хатуу чанд цээрээр ч юм уу арилгахгүй. Хүчир­хийллийг хайраар л арилгадаг байхгүй юу. Нийгэм бие биенээ хайрлах ёстой гэдгийг ухамсарлуулах л ёстой. Таны эрхэнд хөндлөнгөөс ороод уурыг чинь хүргэх гээд байгаа юм биш.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *