Малын өвчин хүнд халдаж эхэлжээ. Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.
-Монгол Улсын мал өсөхийн хэрээр түүнийг дагасан бизнес, бүлэглэлүүд бий болоод байх шиг байдаг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа танд ийм хандлага ажиглагдсан уу?
-Мал өсөхийн хэрээр мал эмнэлэг өөрөө хөгжөөд, шинжлэх ухаан дээр суурилсан бизнес өргөжөөгүй хумигдсан. Саяхан мал аж ахуйн талаарх төрөөс баримтлах хөтөлбөрийн талаар мэргэжилтнүүд ярилцлаа. Тэр уулзалт дээр нэг мэргэжилтэн “Малын мах экспортлох бизнес зогсчихлоо.
Малын махыг мал эмнэлгээр шинжлүүлж, баталгаажуулж олон улсад гаргана гэдгийг төр засаг, яам нь ойлгодоггүй, бизнесмэнүүд ч мэддэггүй” гэж байна билээ. Энэ бол бодит үнэн шүү. 2014 оны тавдугаар сарын байдлаар ОХУ руу таван тонн мах экспортолсон дүн мэдээтэй байх жишээтэй. Хэдэн жилийн өмнө мал эмнэлгийн салбарт жилдээ 5-6 тэрбум төгрөг эргэлддэг байсан юм билээ.
Сүүлийн жилүүдэд 20 гаруй тэрбум болж нэмэгдлээ гээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны нөхөд баяртайгаар яриад байна лээ. Харин миний хувьд мал эмнэлгийн нэрийг ашиглаж төрөөс мөнгө “сааж” суудаг бүлэглэлүүдийн халаас л түнтийсэн гэж боддог.
Мал эмнэлэг болон энэ салбарынханд өгдөг мөнгө гэж байхгүй. Яагаад гэвэл тэр хэдэн тэрбум төгрөгөөр гадаадаас вакцин оруулж ирээд малчдад өгч байгаа юм. Бүх мал хувийн өмч болчихоод байхад төр засаг үйлчилгээний хөлсийг төлсөөр байна. Зах зээлийн эрүүл системээр малчид үйлчилгээ, эмийн төлбөрөө төлж, малаа эрүүл байлгах дээр анхаарах ёстой юм.
-Малчдын өмнөөс төр засаг ажиллаад байгаагийн цаана нөгөө мөнгө олох гэсэн бүлэглэлүүд бий юу?
-Мал эмнэлгийн нэрийг ашиглан бизнес хийдэг тогтолцоо олон жилийн өмнөөс бий болсон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны томхон мэргэжилтнүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт шургалсан нөхөд хийгээд байгаа юм. Хуучин цагт тендерээ зарладаг, техникийн үзүүлэлтээ ил болгодог байлаа. Өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсад бүртгэлгүй, орос, өвөрмонгол хоёроос вакцин оруулаад ирсэн. Сайд, Төрийн нарийн бичгийн даргатайгаа нийлээд үнэ зохиогоод гурван хоногийн дотор авч байгаа юм. Тэр эм мал эмнэлэгт хэрэглэж болох уу, бүртгэлтэй юу гэдгийг анхаарах хүн байгаагүй. Хамгийн гол нь оруулж ирэх нь чухал байсан юм билээ. Оросуудын вакциныг чанаргүй гээд хаясан шүлхийний вакцин гэх “хогийг” авчирч ирээд хэрэглэсэн дээ.
-Гаднаас эм зөөгөөд монгол мал эрүүлжих үү. Хэдэн хувь нь эрүүл болсон гэх тооцоо судалгаа бий юу?
-Монгол мал өвчингүй гээд хэлчихэж болно. Их өвчтэй гэж цуурхал тарааж, мөнгө хийдэг л байхгүй юу. Гадныхан болохоор өвчтэй гэх яриаг дэвэргэж малын махны нэр хүнд, үнэд нөлөөлдөг юм шүү дээ. “Соц” нийгмийн үед тууврын малаа ялгаж аваад эм тариагаа хийж эрүүл болгодог байлаа.
Түүнтэй адилхан оросод өгөх малаа ялгаж аваад вакцинжуулчихсан байхад болно шүү дээ. Таван тонн гаргахын тулд зарлага гарган 60 сая малыг тарих шаардлагагүй шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд Монголын малыг судалдаг, доктор хамгаалдаг нөхөд олширлоо. Олонх нь Монгол мал өвчтэй, эмгэгтэй гэж зарлах юм.
-Ямар ч мэргэжилгүй нэг нөхөр Швейцарь улсаас ирээд Монголын бруцёллозыг судлаад доктор хамгааллаа л гэнэ. Гадаадаас төсөл авч мөнгө хусах гэхдээ Монгол Улсын мал аж ахуй бруцёллозын гал голомт гээд дэлхийгээр нэг зарлачихлаа. Тэгээд монгол мал дээр туршилт хийгээд явж байна. Би үүнийг хараад тэвчилгүй биотерроризм гэж хэлсэн. Осама Бин Ладений тараасан халдвар үүсгэгч нунтгийг мал дээр хийж байна. Нөгөө вакцинаа зарахын тулд монгол малыг өвчлүүлж байна шүү дээ.
-Баримт нотолгоо бий юу?
-Байлгүй яах вэ. 2012 оноос эхлэн сайд дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн. Миний хэлсэн бүхнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүлээн зөвшөөрсөн ч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Арга хэмжээ авахгүй байгаагаас болоод ямар ч мэргэжилгүй, мэдлэггүй цагаач этгээд монгол малд халдвар тараасаар явна. Халдвар тараасан 120 мянган малаас хээл хаяж бруцёллоз өвчин хүнд халдаад эхэллээ. Дорнод аймгаар явж байхдаа хүсэлт тавьж эмч нарыг бруцёллоз шинжилгээнд хамруулсан. Тэгэхэд малын эмч нарын тавь гаруй хувь нь малаас халдварт өвчин авчихсан нь тогтоогдлоо. Ийм аймаар зүйл хийчихсэн этгээд аймгуудад вакцин нийлүүлсэн гэсэн хуурамч гэрээ хэлцлээр 720 сая төгрөг авсан болохыг тогтоосон. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дотоод аудит, мониторинг хариуцсан дарга Сауле “125 сая төгрөгийн вакцин нийлүүлсэн байна. Харин нийлүүлээгүй вакцины үнэ болох 591 сая төгрөгөө буцаагаад авчихлаа” гэсэн хариу өгсөн. Хэн хариуцлага тооцох юм бэ. Хуурамч гэрээ хэлцэл хийсэн нөхөд хүртэл инээгээд л сууж байна.
-Тэр нөхрийн халдвар тараасан 120 мянган малын мах сүүг идвэл яах вэ?
-Хамгийн их хордлого авч байгаа иргэд бол Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийнхан юм. Тухайн үед мал эмнэлэг үржлийн газрын дарга байсан Дамдиндорж, орлогч Батсүх, Биокомбинатын захирал Баттогтох гэсэн нөхдийн хамтын үйлдэл шүү дээ.
-Малын өвчин хүнд халдлаа гэдэг аюул шүү?
-Бруцёллоз гэдэг өвчин чинь сүүний тослогт байдаг. Сүүгээ буцалгалгүй уух, машиндаад цөцгий гаргаж байгаа малчид их өвчилж байна. Нэг аймагт жилдээ 200 гаруй хүн бруцёллозоор өвчилж байгаа юм. Үүнийг ил болгохыг нуугаад байх сонирхолтой нөхөд бүүр ч аюултай.
-Өнгөрсөн жил малын шүлхий гарч их хэмжээний вакцин авсан шүү дээ. Энэ хэр оновчтой шийдвэр байв?
-Миний тооцоолж байгаагаар 2-3 тэрбум төгрөгөөр дарчих бололцоотой шүлхийг арав гаруй тэрбум болгож хөөрөгдлөө шүү дээ. Зүүн гурван аймгийн 3-4 суманд гарсан шүлхийтэй тэмцэх хэрэгтэй байсан юм.
Сүхбаатар аймгийн Онгон суманд гарсан шүлхийтэй 20 үхрийг вакцинжуулаад хорио цээр тогтоочих юмыг бусад аймаг руу хадуурах хэрэг байсан уу. 2011-2013 оны хооронд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, мал эмнэлгийн газар 17 тэрбум төгрөгөөр 37 сая тун авчирч малд тарьсан. Зүүн гурван аймагт 500 мянган толгой мал бий. Ингээд тооцоод үзэхэд зүүн гурван аймгийн 80 жил хэрэглэх вакциныг гурван жилийн дотор авчирч асгалаа. 1400 литр вакциныг л гэхэд Говьсүмбэр аймагт хөлдөөгөөд хаяж байх жишээтэй. Хадгалах хугацаа нь дуусчихсан вакциныг тариад дуусгаж байсан тохиолдол олон бий.
-Малын эрх ашиг хөндөгдөөд байна уу гэх нь хаашаа юм. Гэхдээ дуртай нь өвчлүүлж, бүлэглэлүүд эм тариа шахдаг, ямар ч хяналтгүй орон зай болчихжээ дээ?
-Монголын мал эмнэлгийн холбооны дүрэм дээр “Малын эрх ашгийг хамгаална” гэж заасан. Энэ нь нийтийн эрх ашгийг хамгаална гэсэн үг юм. Малын мах, сүүгээр дамжин хүнийг өвчлүүлж эхэллээ. Хэчнээн өвчин эмгэг үүсэхийг хэлэхэд бэрх.