– САЛБАРЫН УДИРДЛАГУУД МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ НУУН ДАРАГДУУЛСААР 300-ГААД ГОЛОМТ ҮҮСЧИХЭЭД БАЙГАА –
Монгол Улсын малын гавьяат эмч, Монголын мл эмнэлгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Өлзийтогтохтой малын гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Малын шүлхий өвчин 15 аймгийн 158 голомтод бүртгэгдэж, 97 голомт нь цуцлагдаад байна гэсэн сүүлийн үеийн мэдээллийг З.Мэндсайхан сайд манайд ярилаа. Мал аж ахуйн орны хувьд гоц халдварт өвчинд анхаарах нь зүй ёсных учраас мэргэжлийн хүний хувьд та энэхүү нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна?
-Хөдөө аж ахуйн сайдын малын гоц халдварт өвчний голомттой холбоотой ярилцлагыг уншсан. Сайдаа, Засгийн газраа Мал эмнэлгийн ерөнхий газрынхан маш буруу мэдээллээр хангаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар улс орны хэмжээнд малын гоц халдварт өвчний нөхцөл байдал маш хүнд байна. Зүгээр мэргэжлийн хүн санаа зовоод суух асуудал биш, улс орны аюулгүй байдлын хэмжээнд санаа зовох байдалд хүрчихсэн байна. Яаман дотор байгаа мэргэжилтнүүд, хажууд нь байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч Мал эмнэлгийн ерөнхий газрын нөхдүүд сайдаа, Засгийн газраа зөв мэдээллээр хангах ёстой. Учир нь өнөөдөр 21 аймгийн 18-д нь гоц халдварт өвчин буюу шүлхий, бог малын мялзан, цэцэг, үхрийн арьс товруутах дөрвөн төрлийн өвчний голомт үүсчихээд байгаа. Эдгээр бүгд вирусийн өвчин. Вирус хэдийд идэвхждэг вэ гэхээр хүйтний улиралд. Одоо яг идэвхжих үе дээр байгаа. Орон нутгаас мэдээлэл авахад зарим пост дээр шилжих хөдөлгөөн дээр хяналт байгаа гэдэг ч нөгөө талд нь хурдан морь ачсан машин явж л байна, мах нийслэл рүү орж байгаа юу гэвэл орж байгаа. Шүлхийтэй айлаас мал нядлагдсан уу, тийм.
Та бүхэн анзаараарай, зүүн аймгуудад өнгөрсөн 20 жил тасралтгүй шүлхий гарлаа. Тэндээс мах орж ирдэггүй л гэдэг. Гэтэл тэндээс малаа нядлаагүй малчин байхгүй. Бүх айл хүнсээ авсан. Шүлхийгээс болоод борлогдохгүй хэцүү байна гэсэн нэг ч малчин гарч байсангүй, тийм сум аймгийн удирдлага ч байсангүй. Аман дээрээ ингэж ярьдаг, бодит байдал дээрээ ямар хуурамч байдлаар энэ өвчнийг түгээж тархааж явж ирсэн бэ гэдэг нь харагдана. Энэ өвчинтэй тэмцэх арга хэмжээг Засгийн газар болон ард түмэнд тайлагнаж ирсэн нь харагдаж байгаа байх. Ганц энэ жишээнээс харахад ойлгомжтой. Ийм л нөхцөл байдал өнөөдөр бий болчихсон байна.
-Үхрийн арьс товруутах өвчин шинэ төрлийнх гэж байна. Вакцин байхгүйгээс хонины цэцэг өвчний вакциныг тарьж байгаа юм байна. Энэ өвчний талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Онцолж хэлэхэд, хонины цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг үхрийн арьс товруутах өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглээд амжилтад хүрэхгүй.
Энэ өвчин өмнө нь Монголд бүртгэгдэж байгаагүй нь үнэн. Гэхдээ судалгаа мэдээлэл байсан уу гэвэл байсан. 2010-аад оны үед Австралийн судлаач Филиппа бөэрд гэх эмэгтэй Монголд ирж ажиллаад буцсан. Тэр үед үхрийн арьс товруутах өвчний талаар яригдаж байсан. Энэ нь нэг талаараа хонь, ямааны цэцэг өвчинтэй адилхан. Энэ гурван өвчин үүсгэгч хоорондоо ойролцоо. Гэхдээ аймшигтай өвчин биш, яах вэ өмнө нь бүртгэгдэж байгаагүй, халдвар хурдан тархдаг. Одоогоор манайд 1700-гаад үхэр устгасан бололтой. Гэтэл саяхан Төв лабораторийн захирал байсан хүнтэй уулзахад “Зүүн гурван аймагт 20-иод голомт гарсан” гэж байсан шүү. Өөрөөр хэлбэл, салбарын яам бол худлаа хэлж байна. Энэ өвчин хэдийнэ тархчихсан гэсэн үг.
Манайд нэг гажуудал байдаг юм. Халдвар нэг хотонд гарлаа. Тэр хотонд 100 үхэр байлаа гэхэд тэндээс шинж тэмдэг илэрсэн 30-ыг нь устгачихаад 70-ыг нь орхиод халдварын голомт дарагдлаа, үлдсэн 70-д нь вакцин тарьчихсан гэдэг. Ийм мэргэжлийн ойлголтгүйгээр тэмцэх арга хэмжээг өнгөрсөн 20 жилийн турш, ялангуяа сүүлийн гурван жил бүх халдварыг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Улсын мал эмнэлгийн газар хоёр бүх халдварыг нуун дарагдуулсан. Энэ нь гэмт хэрэг. Нэг ёсондоо өвчнийг нууж байгаад цаашаа тараадаг гэмт хэрэг. Энэ чинь хуультай. Дээр нь манайх Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад 1979 онд элсчихсэн орон. Аль алинд нь халдварын мэдээллийг 48 цагийн дотор мэдээлж байх үүрэгтэй.
-Нуун дарагдуулсан гэдгээ тодруулахгүй юу. Үхрийн арьс товруутах өвчний голомт бодит байдал дээрээ маш олон байгаа юм байна гэж ойлголоо. Өөрөөр та ингэж хардах ямар үндэслэл байна вэ?
-Шүлхий өвчин 158 голомтод бүртгэгдсэн гэсэн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, 158 хот айл дээрээс дээж ирээд оношлогдлоо гэсэн үг. Гэхдээ 15 аймаг, 18 аймаг гээд л янз бүрийн тоо гарч байна. 18 аймагт шүлхий гарсан талаар УИХ-ын чуулган дээр 10 дугаар сарын сүүлчээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн З.Мэндсайхан сайдаас тайлбар авч байсныг сонссон. Түүн дээр 18 аймагт шүлхий гарсан гэж сайд ярьсан. Халдвар гараагүй бүс нутаг Увс, Хөвсгөл, Булган гурав үлдсэн. Бусад бүх аймагт голомт бүртгэгдсэн гэсэн үг. Нуун дарагдуулсан гэж хэлсэн учир нь Мал эмнэлгийн ерөнхий газар өмнө нь Мал эмнэлэг үржлийн газар гээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байсан. 2017 онд Мал амьтны эрүүл мэндийн хууль 2017 онд батлагдаж, Засгийн газар Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулж үйл ажиллагааг нь өргөтгөсөн. Энэ газар байгуулагдаад мал эмнэлэг сайн сайхан болно, бие даасан үйл ажиллагаа явуулна гээд байсан чинь “Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг болж байх шиг байна.
Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсанаас хойш л тэнд ажиллагсад нь гоц халдварт өвчнүүдийн мэдээллийг зарлахгүйгээр нууцалж эхэлсэн. Хамгийн аюултай нь сүүлийн жилүүдэд халдварт өвчин тасралтгүй гарсаар ирсэн. Хэдийгээр 158 голомт гэж байгаа ч түүний цаана 200, 300 голомт байгаа. Хүрээгүй газар байхгүй. Хамгийн сүүлд гэхэд, гурав хоногийн өмнө Төв аймгийн Цээлээс малчид утас цохиж байсан. “Хотонд шүлхий гарчихлаа. Шүлхий гарсан хотонд малын эмч нар вакцин тарихгүй байна. Халдвар гараагүй айлын хотоор тарьж явна гээд манайхыг хаячихлаа. 100-гаад үхэртэй, бүгдийг нь хашаалчихсан байна. Одоо яах вэ” гэж байна лээ. Ойрын бүх хотон дээр нь халдвар гарчихсан гэж байсан. Ийм тохиолдол орон нутгаар зөндөө байна. Тэгэхээр энэ бүхэн нуун дарагдуулсны илэрхийлэл. Голомтолсон хэлбэрт байсан халдварыг улс орон даяар тараагаад хаячихаж байна. Энэ байдал чинь халдварыг нуун дарагдуулаад түүний үр дүнд тархаагаад өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгэгдээд оношлогдсон нь 160-аад голомт байна, албан бусаар 300 гарсан байгаа гэсэн үг. Ер нь эдгээр худалдааны хорио цээрт гоц халдварт өвчнүүдийг дотооддоо болон гадаадаас нууцалсны гол зорилго нь вакцины наймаа хийхтэй холбоотой нь тодорхой.
-Сүүлийн гурван жилд малын гоц халдварт өвчний эсрэг улсаас 60 гаруй тэрбум төгрөг зарцуулагдсан мэдээлэл байна. Гэвч өнөөдөр халдвар бүрэн хумигдаагүй хэвээр. Хаана нь хийдэл гарчихав?
-Энэ хөрөнгөөс малчдад нэг ч төгрөгийн нөхөн олговор олгоогүй гэсэн. Тэгэхээр энэ дүн бол зөвхөн вакцины үнэ, вакцинжуулалтын хөлс, оношлогоо, ариутгал халдваргүйтэл, хорио цээр гэсэн арга хэмжээнд л зарцуулагдсан байх нь. Мэдээж энэ бол их мөнгө. Би вакцины үйлдвэрийг 18 жил удирдсан. Тэр хугацаанд вакцинд жилд 2-5 тэрбум төгрөг л зарцуулж байсан. Би өмнө ч олон удаа ярьж, хэлж, бичиж байсан. Манай салбарын яам, Мэл эмнэлгийн ерөнхий газар дотор байгаа хоёр, гурван хулгайн бүлэглэл халдварт өвчнийг үргэлж гаргаж, вакцин авчирж их хэмжээгээр тариулах сонирхолтой. Малын эмч нар нь ч ялгаагүй, тосч авч вакциныг нь тариад үйлчилгээний хөлсөө авч амьдардаг сүлжээнд орчихсон. Энэ бол дэндүү бүдүүлэг, улс орноо хорлосон үйлдэл. Гадагшаа бүтээгдэхүүн зардаггүй шахуу учраас л нэг юм болж байна. Түүнээс биш Бразил, Аргентин, Шинэ Зеланд шиг мал аж ахуйн бүтээгдэхүүн зардаг оронд бол улс орноо сүйрүүлж байгаа хэлбэр.
-Ард түмний эрүүл хүнс хэрэглэх асуудал хөндөгдөх нь ээ?
-Ер нь мал эмнэлгийн үндсэн үүрэг бол амьтны эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, мөн худалдааны чөлөөт байдлыг хамгаалах байдаг. Учир нь энэ өвчнүүд бол худалдааны хорио цээртэй. Уг нь хатуу ном журмаар яривал шүлхий, мялзан гарсан тэр айл малаа зарах ёсгүй. Өнгөрсөн 20 жил халдварт өвчин тасралтгүй гарлаа. Тэгсэн хэрнээ гомдол гаргасан Засаг дарга, малчин сонсоогүй. Бодит байдал дээрээ бүгд худлаа. Мах, малаа зарсаар ирсэн. Ийм тогтолцоо өнөөдөр хүртэл бугшчихсан байгаа юм.
Ер нь анзаарч байхад Монгол Улсад мал эмнэлгийн талаар төрийн бодлого бараг байхгүй. Байгаа жаахан нь алдаатай, алсын хараагүй, мал эмнэлгийн шинжлэх ухааны орчин үеийн мэдлэг, мэдээлэлийг төрийн бодлогод тусгадаггүй, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалгүй. Сайн засаглалын шинж чанарууд огт байхгүй, хүний нөөцөө мерит зарчмаар бус, спойл зарчмаар бүрдүүлсэн нөхцөл байдалд байгаа тул энэ салбарт сэргэх найдлага байхгүй.
-Мал эмнэлгийн салбарт мерит зарчим алдагдсан гэлээ. Байсхийгээд л вакцинтай холбоотой маапаан дэгдэж дуулддаг. АТГ-т энэ салбараас шалгуулж байсан албан тушаалтнууд цөөнгүй. Та үүнийг хэлээд байна уу?
-Манай мал эмнэлгийн салбарт төрийн албаны мерит буюу мэдлэг, чадавхын зарчим дээр суурилсан, дээр нь тогтолцоог ажиллуулдаг олон талын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр явдаг тогтолцоо алга болчихсон учраас шинээр байгуулагдсан Мал эмнэлгийн ерөнхий газар жинхэнэ цүнх баригчид очсон. Жишээ нь, шоронд орох болзлоо хангачихсан Д.Түмэндэмбэрэл гэх нөхөр 2018 оны зургадугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл ажиллаад халагдлаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28.6-д Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нь мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан хүн байх ёстой гэтэл нэг ч өдөр мэргэжлээрээ ажиллаагүй Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга тэр хүнийг авчраад тавьчихсан. Тэр нь ажлаа ч хийж чадахгүй, ангийн найзуудтайгаа нийлсэн вакцины наймааных нь зарим авлига илэрч эхэлсэн нь АТГ-ынханы мэдээллээс харагдаж байна лээ. Энэтхэгээс зөвхөн богийн мялзангийн вакцин оруулж ирэхэд 500.000-800.000 долларын авлигал авсан нь тогтоогдсон байна. Бусдыг нь тэр жишгээр шалгахад амархан илэрнэ л дээ. Ийм маягаар Мал эмнэлгийн ерөнхий газар цус ойртолтын эмгэгийн хүнд хэлбэрт нэрвэгдсэн. Шалтгаан нь нөгөөх л хулгай, луйврын бүлэглэл. Тэнд Мал амьтны эрүүл мэндийн тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэх мэт хууль огт үйлчилдэггүй. Ангийнхан, нутгийнхан, үндэсний холбооныхон гэх мэт ашиг сонирхол, эзэн нэгтэй бүлэглэлийнхэн олонхыг нь бүрдүүлсэн. Бусад нь спойл зарчмаар төрийн албанд шургалагсдаас бүрдсэн.
Ядаж л үүн дээр салбарын яам, сайд хуулиа бариад явахад л болох юм. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28.6-д 15-аас доошгүй жил ажилласан гээд, Төрийн албаны хууль, Ашиг сонирхлын зөрчлийн хуулин дээр шалгуур тавьчихсан байгаа шүү дээ.
-Энэ салбарт манайх эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар салбарынхан ихээр ярьж байна. Мэргэжлийн хүний хувьд та үүнийг хэрхэн хардаг вэ. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, улс орон ашиг олох боломж нөөц хэр байдаг юм бол?
-Манайд 1923 оны дөрөвдүгээр сарын 6-нд Ардын Засгийн тогтоолоор мал эмнэлэг байгуулагдсан байдаг. Түүнээс хойш 100 жил болох гэж байна. Энэ бүх хугацаанд манайх эрчимжсэн мал аж ахуй ярьж байна. Гэтэл одоо 1000 үхэр битгий хэл 500 үхэртэй фермер ч байхгүй шүү дээ. Эрчимжсэн мал аж ахуй гэдэг махных нь шүдлэн, хязаалан гэхэд 500-600 кг татдаг, сүүний үнээ нь 20, 30 литр гаргадаг үхрээр сольё гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цэврээр нь буюу үнээ нь, бух нь ч тэр чиглэлийн нарийн үүлдрийнхийг авч ирээд үржүүлэхийг хэлж байгаа юм. Харамсалтай нь өнгөрсөн 100 жилийн хугацаанд ийм тохиолдол хэзээ ч байгаагүй. Манай мал үржүүлэгчид метр, жин хоёр бариад л яваад байдаг юм. Монгол 300 кг-тай үнээн дээр 500 кг-тай бух харайлгаад дундаас нь 350 кг-тай үхэр гарахаар бид шинэ үүлдэр бий болгочихлоо гэдэг. Гаднаас хурдан удмын азарга авч ирээд монгол гүүн дээр харайлгаад нэгдүгээр үеийн эрлийз адуу гарахаар шинэ монгол адуутай болчихлоо гэдэг юм. Ийм солиорол, тэнэгрэл байхгүй. Эвалюцийн шинжлэх ухааны үндсэн дээр цэвэр үүлдрийн мал амьтан бий болгох гэдэг маш том судалгаа шинжилгээтэй ажил.
Ер нь шулуухан хэлэхэд боломжгүй. Эрчимжсэн мал аж ахуйг зөвхөн цэврээр нь, яг төрөлх газар нутагтаа ямар орчин нөхцөлд байсан яг л тэр янзаар нь хөгжүүлбэл болно. Монгол Улсын өнгөрсөн 100 жилийн туршлагаар метр, жин хоёроор хэмждэг аргаар цаашид явуулбал ямар ч амжилтад хүрэхгүй. Зөвхөн нүүдлийн, хагас суурин маягийн, экологийн цэвэр мал аж ахуйгаа л зөв удирдлага, менежмэнтээр хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл амжилтад хүрнэ. Гахай, тахиа, бусад шувууны аж ахуйг мөн л байнгын суурин маягаар хөгжүүлж болно.
Манай Г.Төмөрхадуур докторын судалгаа байдаг юм. Энэ газар нутаг дээр дөрвөн улирал нь цельсийн 100 градусын хэлбэлзэлтэй, өдөр шөнийн хооронд цельсийн 20-30 градусын хэлбэлзэлтэй, ийм салхины хурдтай бүс нутагт зөвхөн монгол мал тэсч үлдэх боломжтой гэсэн байдаг. Тиймээс цаашид гайхамшигт экологийн цэвэр монгол малаа яаж өсгөж үржүүлж авч явах вэ гэдэг л асуудал байгаа юм.
Мөн З.Мэндсайхан сайдын ярианд “Мал эрүүлжүүлнэ” гэх улиг болсон дэмийрэл явж л байна лээ. Ийм солиорол сүүлийн 30 жилд тасралтгүй явагдаж байгаа юм. Өөрсдөө өвчин тараачихаад түүнийгээ вакцин тарьдгаа эрүүлжүүлнэ гэж ойлгоод байна. Энэ чинь нэмж бузарлаж байгаа хэрэг. Тэр угаалга хийж байгаа, туулга хийж байгаа, вакцин тарьж байгаа чинь эрүүлжүүлэг биш бохирлож бузарлаж байгаа хэлбэр юм. Сайд асан Б.Батзориг, Ч.Улаан нар химийн хортой бодисоор “Мал угаалга” гэгчийг хийчихээд малын амьдын жин 20-30 хувиар нэмэгддэг гэж соёлт хүн төрөлхтний шившиг болохоор юм яриад Сүхбаатар, Архангай аймгуудад давхиж явсан удаатай. Би малчин айлын хүүхэд. Биднийг бага байхад нэгдлийн хонь, ямааг угаадаг л байсан. Тэгж 20-30 хувиар жин нь нэмэгддэг байдалтай нэг ч удаа тааралдаагүй. Тийм мэдээ ч сонсоогүй байснаа 2017-2018 онд тэр хоёр сайд асангаас сонссон. Мал эрүүлжүүлэх гэдэг бодлого, нэр томьёо огт ашиглаж болохгүй. Дэлхийд ийм ойлголт байхгүй. Ер нь мал эмнэлгийн үндсэн үүрэг бол эрүүлжүүлэх биш, эрүүл гэдгийг баталгаажуулах юм аа. Энэ мал, энэ хот айл, энэ сүрэг эрүүл гэдэг баталгаа гаргах ёстой. Үүний төлөө тэр оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх бусад мал аж ахуйн менежмэнт, бэлчээр сэлгэлтийн ажлууд явах ёстой юм.
-Малын өвчлөл рүүгээ эргээд оръё. Халдварт өвчин сүүлийн жилүүдэд тасраагүй, гэсэн ч тэндээс мах бэлтгэн нийлүүлэлт байсаар ирсэн гэлээ. Гэтэл өнөө жил л гэхэд халдваргүй бүсээс махаа бэлтгэнэ гээд сайд мэдэгдчихлээ. Үнэхээр энэ өвөл эрүүл махаар иргэдээ хангаж чадах уу?
-Онигоотой л юм. Хот айлаар нь түүвэл л болох байх. Зөвхөн оношилсон нь 158 голомт болохоос биш оношлогдоогүй нь хичнээн байх вэ гэж би түрүүн хэлсэн. Халдвар 100 суманд гарсан гэдэг худлаа. Дахиад 100 суманд хүрчихсэн байгаа. Тэгэхээр халдваргүй бүсээс мах бэлтгэнэ гэдэг боломжгүй. Одоо бүх хүмүүс хүнсээ авч байна шүү дээ. Тэр мах нь шүлхийтэй мал байсан уу, эсвэл шүлхийтэй хавьтсан байсан уу гэдгийг хэн ч мэдэхгүй.
Ер нь манайх вакцинжуулалтаар тэмцэх ямар ч утгагүй. Нэгэнт халдвар тархчихсан үед вакцин тарьж яах юм. Халдвар аваад өвчлөх нь өвчлөөд эдгэсэн. Шүлхий дээр эрхбиш аль хэвшил байгааг оношилж байгаа байх. Ямар вакцин хэрэглэж байгааг малын эмч нараас асуухад Оросын Владимирын институтэд үйлдвэрлэсэн шүлхийн А, О вирусээс сэргийлэх вакцин хэрэглэж байна гэсэн. Байгалийн жамаараа өвдөөд эдгэчихэж байгаа нь ямар ч вакцин тарьснаас илүү сайн дархлаатай болчихсон байгаа гэсэн үг. Ингэсэн тохиолдолд яах юм бэ.
Саяхан гэтэл Засгийн газар зургаан тэрбум төгрөг баталж өглөө, түүний гурван тэрбум орчмоор нь вакцин авна гэсэн мэдээлэл дуулдлаа. Ер нь вакцин гэдэг өвчний халдвараас сэргийлж эрүүл малыг угтаж тарьдаг юм. Түүнээс биш халдварын араас хөөж тарьдаг юм биш. Тэгэхээр шүлхий нэгэнт улс орон даяар тархсан тул араас нь хөөж вакцинжуулах аргаар тэмцээд үр дүнд хүрэхгүй. Энэ нь халдварыг тараана, бас нуугдмал хэлбэрт оруулна. Уг нь вакцин тариад байгаа юм бол хамгаалах ёстой биз дээ. Тариад байдаг, өвчин дэлгэрээд байдаг. Одоо дахиад ч вакцины наймаа дэлгэрнэ. Тэгэхээр тэмцэх арга хэмжээгээ буруу сонгочихоод байна шүү дээ. Энэ арга хэмжээгээ эргэж үзэх ёстой.
Манайд зөвхөн вакцины наймаагаар тогтохгүй эмийн наймаа ч дэлгэрч байна. Дайны хажуугаар дажин гэж, шүлхийг эмчилдэг ямар ч эм байхгүй. Гэтэл аймгийн эмч нар антибиотик тарь, хажууд нь ийм ариутгал халдваргүйтэл хийгээд бай гэж малчдад хэлж байна гэнэ. Паразитын эсрэг хэрэглэдэг эмийг хүртэл шарханд цацлага хэлбэрээр хэрэглүүлж байна гэнэ лээ. Малчид хоёр, гурван сая төгрөгөөр эмчилгээний эм авч тарьсан гээд ярьж байна. Уг нь “Ямаан дээр тэмээний гарз” л юм байгаа юм.
-Ямартаа ч мал аж ахуйн салбар маань энэ өвөл дундаас дээгүүр үзүүлэлттэй өвөлжих нь гэсэн төсөөллийг салбарын сайд ярьсан байсан. Энэ хэр сайн төсөөлөл вэ?
-Яах вэ, энэ халдварт өвчнүүд мал үхүүлдэггүй, хоёрт халдвар аваад эдгэчихнэ. Байгалийн халдварын дархлаа зургаан сар явчихна. Байгалийн жамаар дархлаа тогтчихсон учраас өвчин гарахгүй сайхан өвөлжчихнө гэж төсөөлсөн хэрэг байх.
-Шинжлэх ухаан талаасаа харахад?
-Би түрүүн хэлсэн шүү дээ. Энэ бол вирусийн өвчнүүд, өвлийн улиралд идэвхжинэ. Улам тарж улам л бат бөх амьдарна. Яагаад гэвэл энэ гоц халдварт өвчнүүд улс орныг хамарсан хэмжээнд оччихлоо. Сайд нийт халдварын голомтын 65 хувь нь чөлөөлөгдлөө гэсэн байсан. Яг ингэдэг юм, эд нар. 30 хоног хөл хорио тогтоогоод вакцинаа тарьчихаад аюулгүй болчихлоо гэдэг. Гэтэл нөгөө вирус үхрийн хамар дотор, худаг, бэлчээрт хэвтэж л байдаг. 70, заримдаа 90 хоног, түүнээс ч урт хугацаанд амьдрах нь бий. Хорио цээр суларлаа, хөдөлгөөн нээлээ. Тэгээд л халдвар тархаад эхэлнэ. Ийм байгаа тохиолдолд өвөлжилт маш хүнд болох нь ойлгомжтой. Сайдын хэлж байгаагаар мал бэлтгэлийг халдвар гарсан 158 сумаас авахгүй байх ёстой. Авахгүй байж чадах уу, авч л таарна. Өнөөдөр ч гэсэн 158 сумаас хот руу мах, үхрийн ширээ аччихсан л явж байгаа шүү дээ.
Б.ЭНХЗАЯА