Categories
мэдээ цаг-үе

Ц.Туваан: Төсвийг ялгавартай хуваарилах нь гэмт хэрэг

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.

-УДШ-д нэр дэвшигч Х.Батхүлэгийг ашиг сонирхлын зөрчилтэй, “Голомт”-ын Д.Баясгалангийн хүн гэж гишүүд үзэж, дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ. Ер нь ямар нэг байгууллагад ажилласнаар нь хүнийг “гадуурхах” нь зөв үү?

-Хаана, ямар ажил хийж байснаас нь шалтгаалж ямар ч хүнийг алагчилж хандах ёсгүй. Өөрөөр хэлбэл, “Голомт” банкинд ажиллаж байсан гэдэг үүднээс хандаж, ялгаварлах нь буруу. Ер нь энэ байтугай Монгол улсын иргэн ямар нэгэн байдлаар ял эдэлж, хуулийн хариуцлагаа хүлээн, ялын хугацаа нь дууссан тохиолдолд аль ч байгууллагад ажиллах эрх нь бүрэн нээлттэй байдаг. Тиймээс ийн ялгавартай хандаж байгааг гайхаж байна.

-Ирэх оны төсвийн тухай хуульд та ямар байр суурьтай байна вэ. Төсвийн хуваарилалт тэгш бус байна шүү дээ…?

-Монгол улсыг айлаар зүйрлэж ярья. Ямар ч айл “Манайх ирэх онд тэдэн төгрөгийн орлого олно. Үүнийхээ тэдэн төгрөгийг нь ийм зүйлд зарцуулна, үлдсэн мөнгийг нь хуримтлуулна” гэж төлөвлөдөг шүү дээ. тиймээс Монгол улс ч мөн ийм байдлаар явах ёстой. Гэтэл төсвийн алдагдлыг жирийн зүйл мэтээр ойлгож, жил бүр төсвийг алдагдалтай баталдаг болчихсон. Ер нь төсөв алдагдалтай батлагддаг эмгэнэлт байдалд орчихоод байна. 2020 оны төсвийг хасах 4.8 их наяд төгрөгөөр тодотгосон. үүн дээр нэмж 2021 оны төсөв хасах 2.2 их наяд төгрөгийн тодотголтой гэхээр нийтдээ долоон их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа юм. Энэ алдагдал нь эргээд өр болж байна. Энэ бол жирийн зүйл биш. Өр нэмж байгаа юм.

Төсвийг том зургаар харвал халамжид чиглэсэн, ямар нэгэн баялаг бүтээх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ашиг орлого олох чиглэлд, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн зүйл байхгүй байна. Ийм эмгэг харагдаж байна.

Мөн төсвийн жигд бус хуваарилалт газар авсан. Аль аймаг нь дээгүүр албан тушаалтан, сангийн сайдтай байна гэдгээс шалтгаалж төсөв арав дахин зөрүүтэй байна. Үүнийг би гэмт хэрэг гэж харж байна. Учир нь Монгол Улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхтэй. хуулиар газар нутгийн байрлал, яс үндсээр ялгаварлагдах ёсгүй. Гэтэл төсвийн хуваарилалтаар хүртэл ялгавартай хандаж байгаа нь гэмт хэргийн шинжтэй харагдаж байна. Яагаад Сангийн сайд, Ерөнхий сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Уих-ын даргатай аймгуудад илт илүү төсөв хуваарилж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жилээс эхлэн Увс аймагт зориулж, 73 төрөл зүйлд 223 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байна. Увс аймаг чинь нийслэл Улаанбаатар хот биш шүү дээ. Гэтэл зарим аймгуудад 10 хүрэхгүй тэрбум төгрөгийн төсөв төсөвлөсөн байх жишээтэй. Ийм гаж үзэгдэл Монголд бий болчихоод байна.

Гуравдугаарт, төсөв урсгал зардал руу чиглэсэн царцааж, хойшлуулж болох, төр захиргааны бүтэц, орон тоог тэлсэн, хурал зөвлөгөөн хийх гэх мэт шаардлагагүй хөрөнгө оруулалтуудад төсөв тавьсан байна. Бүхэлд нь дүгнэж хэлэхэд энэ удаагийн төсөв бүтэхгүй, ихээхэн алдагдалтай төсөв баталж байна. Угтаа төсвийг алдагдалгүй батлахад чиглэсэн, баялаг бүтээгчид, хувийн хэвшил, үйлдвэрлэгчдээ дэмжсэн, халамжийг хавтгайруулж бус халамж зайлшгүй шаардлагатай иргэдэд хүрсэн төсөв байх ёстой. Үүнд би болон АН-ын гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Ерөнхийлөгч болон Засгийн газраас Шүүхийн тухай хуулийг өргөн барьсан. Гэвч МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хууль санаачлагчид нь буцаалаа. Та Шүүхийн тухай хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгч хуулиар олгогдсон хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Шүүхийн тухай хуулийг өргөн барьсан. Мөн засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Нэг хуульд хоёр өөр субьект нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьж байгаа тохиолдолд нэгтгэж аль зөв зүйтэй давхардсан, заалтуудыг авч хэлэлцэх ёстой. Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг хаалттай хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг буцаах улс төрийн шийдвэр гаргасан. үүнийг “Ерөнхийлөгч улстөржлөө, АН-ыг дэмжлээ” гэсэн улс төрийн өнцгөөс хандаж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

Хоёр хуулийн төслийг нь харьцуулаад харахаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд зөв зүйтэй шийдлүүд олон байна лээ. үүнийг бүлгийн хурлаар ярьсан. Тухайлбал, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийнх нь тоо тав байсныг нь арав болгох. ингэхдээ бүрэлдэхүүнийг томилохдоо Монголын бүх хуульч, шүүгч, өмгөөлөгч, прокурорууд орсон Монголын хуульчдын холбооноос шүүгчийг оруулна гэж заасан байгаа юм. Гэтэл засгийн газрын өргөн барьсан хуулийн төслөөр оруулахгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өргөн барьсан хуульд байнгын хороо болон хууль зүйн сайд шүүгчийг оруулна гэж заасан байна. Гэтэл Байнгын хороо ч УИХ-ын гишүүдээс бүрддэг, Хууль зүйн сайд нь ч Уих-ын гишүүн буюу давхар дээлтэй байна. Нэг чиглэлээс хоёр хүн оруулж байгаа нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна уу гэж бид хардаж байгаа.

Аль ч улс оронд төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх гэсэн ерөнхий зарчим бий. Бэлээхэн дотор нь байгаа Монголын Хуульчдын холбооныхон өөрсдийн хүнээ дэвшүүлэх зэрэг саналыг хасч байгаа нь хардлага төрүүлж байна.

-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэтгэвэр бол маш чухал асуудал. Тухайн иргэн залуу, халуун насандаа хийж бүтээгээд хөдөлмөрийн чадвар муудсан ахмад насандаа залуу байхдаа төлсөн шимтгэлийнхээ дагуу тодорхой хэмжээнд тэтгэвэр авч амьдардаг биз дээ. Үүнд хариуцлагатай хандах ёстой. Тэтгэвэр нь тогтолцооны хувьд олон янз байдаг. Тухайлбал, эв санааны зарчимд болон нэрийн дансны хуульд тулгуурласан зэргийг дурдаж болно. Манай улсын хувьд энэ хоёр хууль хоёулаа байгаа. Мөн Хувийн тэтгэврийн тухай хууль гэж яригдаж байна. Би үүнийг дэмжиж байгаа юм. Учир нь тэтгэврийн энэ олон тогтолцооны хамгийн зөв бөгөөд олон эх сурвалжаас орлого орж байвал тэр хүний амьжиргаа, эрүүл мэнд, ая тухтай байдал хангагдана.

-АН-аас тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоно хэмээн мэдэгдсэн. Сөрөг хүчний зүгээс үүнийг “450-500 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалд орох эрсдэлтэй, тэтгэврийн ялгамжтай байдалд ч мөн нөлөөлнө” гэсэн байр суурьтай байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Энэ бол амьдралаас урган гарч ирсэн хууль. Учир нь АН засаг барьж байгаад 2016 онд засаг хүлээлгэж өгөхөд нэг ам.доллар 1960 төгрөгтэй тэнцэж байсан. Харин өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2850 төгрөг болж өссөн байна. Хоорондын зөрүү нь худалч хүнд бараг 50 хувиар монгол төгрөгийн ханш суларсан байна. Тэгвэл одоо авч байгаа тэтгэврийг ам.доллар луу шилжүүлбэл хэд болох вэ. Маш их багассан. Манай улс импортоос хамааралтай. Бүх барааг ам.доллараар худалдаж авдаг. Тиймээс иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Тиймээс тэтгэврийг нэмэхээс өөр аргагүй болж байгаа юм.

500 мянган төгрөгийг өнөөдрийн ам.долларын ханшаар бодохоор 200 мянган төгрөгт хүрэхгүй. Тиймээс энэ нь хүний амьдралаас урган гарсан шийдвэр л дээ. үүнд ихээхэн тооцоотой хандаж байгаа. Ер нь АН тэтгэврийн асуудалд тэр дундаа ахмадуудын нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлд ихээхэн анхаарал хандуулдаг. Тиймээс үүнийг би дэмжиж байгаа. Тэтгэврийг нэмнэ гэж лоозогнохгүй. Тооцоололтой хандсан. Тайлбарлая. Цагаан суваргын орд гэж бий. 2014 оны үед тухайн үеийн Уих-аас Таван толгойн ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл одоо нөхөл байдал шал өөр болчихсон. Учир нь нэгдүгээрт, коронавирустэй холбоотойгоор эдийн засаг ихээхэн хүндэрч байна. Манай улсад дотоодод “Covid-19” гараагүй байхад ийм байгаа юм чинь гарчихвал яах вэ гэдэг асуудал үүснэ. эдийн засгийг эрчимжүүлэх, төсөв, улсын орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай болчихож байгаа юм. Тиймээс боломжтой байгаа орд газруудаа хувийн хэвшлээс авах бус хувийн хэвшилтэй хувиа тохирч хамтарч зүтгэе гэж байгаа юм. Ер нь ч энэ орд ашиглагдахгүй удах тусам, хувийн компанидаа ч улсад ч ямар ч ашиггүй. Тиймээс ширээний ард суугаад хамтарч хувиа тохироод улсдаа ч, хувьдаа ч хөрөнгө оруулъя гэж байгаа юм. ингээд ашиглалтад орчихвол ордоос олох өгөөж нь төсөвт хүндрэл үзүүлэхгүйгээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох боломжтой гэж харж байна. Тэтгэврийг нэмэхэд 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Ер нь тэтгэврийн доод хэмжээг нэмэх бодитой зүйл. Эрх баригч намын өөрсдийнх нь хийсэн алдаа. Учир нь инфляци өндөр хувьтай болж ам.долларын ханшийг барьж чадаагүй. Тэтгэвэр авч байгаа хүмүүсийн амьжиргаа доошилж байна шүү дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *