Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цолмон: УИХ-ын гишүүдтэй цуг орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон: Өнөөдөр Д.Сүхбаатарын талбай дээр жагсаал болж байгаа. Жагсаалд УИХ-ын гишүүд оролцож байна. Түрүүн жагсагчид болон УИХ-н гишүүд УИХ-ийн даргатай ирж уулзсан. Энэ талаар товчхон мэдээлэл хийх гэсэн юм. Ямар нэгэн улстөрийн өнцгөөс ярихгүй. УИХ-ын Тамгын газар бол төрийн захиргааны байгууллага. Мэдээлэл хийж байгаа зорилго маань би УИХ-ын даргатай хамт байсан. УИХ-ын даргын өрөөнд яг юу болсон талаар товч мэдээлэл өгье. 14:30 цагт над руу Т.Аюурсайхан гишүүн залгасан. Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна гэсэн. УИХ-ын гишүүд хэзээ ч УИХ-ын даргатай уулзах эрх нээлттэйг би хэлсэн. Бид гишүүдээрээ ормооргүй байна. Жагсагчдын төлөөлөлтэй хамт ормоор байна гэсэн шаардлага тавьсан. Түүний дараа би Т.Аюурсайхан гишүүнтэй таван удаа утсаар ярьсан. Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй бас хоёр удаа холбогдсон. УИХ-ын даргад танилцуулаад УИХ-ын гишүүн, ТББ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл есөн хүн ирснийг та бүхэн мэдэж байгаа. Гарч ирээд юу ярьсныг би мэдэхгүй байна. УИХ-ын даргын өрөөнд яг юу болсныг ярья. УИХ-ын даргад нэг хуудас бүхий шаардлага хүргүүлсэн. Тэр шаардлагуудад тодорхой үндэслэлүүд байсан. УИХ-ын дарга үндэслэлүүдийн хариуд тодорхой хариулт бэлдэж, албан ёсны хариугаа гардуулж өгөөд ярилцаад гарах бодолтой, төлөвлөгөөтэй орсон. УИХ-ын даргын тайлбарыг хүлээж аваагүй. Гурван хуудас бүхий албан хариу байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүдтэй цуг орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд энэ үйл ажиллагааг таслан зогсоосон. Энэ нь төрийн тусгай хамгаалалт, ордон дотор үйлчилж байгаа тодорхой дүрэм журмыг зөрсөн үйлдэл болсон гэж бид дүгнэж байна. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцох эсэхийг би мэдэхгүй байна. УИХ-ын дарга төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг. Тэгэхээр харьяаллын дагуу ямар байгууллага ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй. Ямар ч байсан энд баривчлах саатуулах үйл ажиллагаа явуулаагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *