Categories
мэдээ нийгэм

Ц.Цогзолмаа: Нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах хамгийн гол хүмүүс нь багш нар

БСШУСЯ, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Ахмад багш нарын холбоотой хамтран ахмад багш нарт хүндэтгэл үзүүлэх дурсамж, уулзалтыг Олон улсын багш нарын болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Төрийн ордонд зохион байгууллаа.

Тав дахь жилдээ зохиогдож буй уг арга хэмжээнд аймаг, сум бүрээс төлөөлөн болон 1000 багш хүрэлцэн ирсэн. Дурсамж уулзалтын нээлтэнд УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ахмад багш нарын холбооны тэргүүн, гавьяат багш Д.Амар нар үг хэллээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Нийгэм бүхлээрээ эерэг, сайн өөрчлөлтийг хүсэж, хүлээж байна. Энэ өөрчлөлтийг авчрах хамгийн гол хүмүүс нь багш нар. Хүүхдийг бага наснаас нь, залуучуудыг оюутан байхад нь нийгэмдээ ямар оролцоотой хүн болгож төлөвшүүлэх нь багшийн ажлаас ихээхэн шалтгаална Товчхондоо сайн багшаас сайн шавь төрнө. Тиймээс ахмад багш нар нь залуу багш нараа халамжлан хүмүүжүүлэх ажлыг салбар яам Ахмад багш нарын холбоотой хамтран хийнэ. Туршлага гэдэг нэг өдөр бий болдоггүй. Насаараа ажиллаж байж бий болгосон туршлага, үнэт зүйлээ залуу үедээ өвлүүлэх нь боловсролын салбарын нэг зорилт байх юм” гэлээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ эх орон, ард түмнээ хүндлэн дээдлэх уламжлалт ёс заншлыг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд батжуулах эрхэм үйлсэд ахмад багш нар жинтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэсэн юм.

ДУРСАМЖ УУЛЗАЛТ БОЛ БИДЭНД ҮЗҮҮЛЖ БАЙГАА ТОМ ХҮНДЭТГЭЛ

Боловсролын Тэргүүний Ажилтан, Ахмад багш Л.ДАМДИНСҮРЭН:

-Монголын бүх багш нартаа багш нарын баярын өдрийн мэнд хүргэе! Ахмад багш нараа жил бүр цуглуулж, дурсамж уулзалт зохион байгуулж байгаа нь ахмад багш нартаа үзүүлж буй том хүндэтгэл гэж бид үздэг. Би 1972 онд Увс аймгийн Тэс сумаас ажлын гараагаа эхэлж байсан. Салбартаа 35 жил ажилласан хүн. Миний шавь нар бол миний амьдралын утга учир. Ариун цагаан сэтгэлт үе үеийн шавь нартаа мөн мэндчилгээ дэвшүүлье!
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛ МИНЬ ЯГ Л ХЭВЭЭРЭЭ

Боловсролын Тэргүүний Ажилтан, Ахмад багш О.ДУЛАМСҮРЭН:

-Би 1971 онд МУБИС-ийг Монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Цээл сумандаа очиж ажилласан. Тэтгэвэрт гарсан ч хүүхдийн төлөө гэсэн сэтгэл зүрх минь яг л хэвээрээ. Тийм ч учраас өөрийн ажиллаж байсан сумандаа албан бус сургалт явуулж, хичээл завсардсан хүүхдүүдийг хоцрогдолгүй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн ач зээ үр хүүхдүүддээ хөдөө аж ахуйн үр шим, ардын уламжлалт арга ухаан, ардын аман зохиол, үлгэр тууж зэргийг гэр сургалтаар зааж өгдөг. Энэ бүхнийг маань үнэлж өнөөдөр “Бүтээлч багш”-аар шалгаруулсанд баяртай байна. Бүх багш нартаа, мөн шавь нартаа Монголын багш нарын баярын мэнд хүргэе!
АНХНЫ ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ, ҮДИЙН ЦАЙГ МИНИЙ БИЕ САНААЧИЛЖ БАЙЛАА

Монгол Улсын Гавьяат Багш У.ДЭМБЭРЭЛНЯМБУУ:

-Боловсролын салбарт 40 жилийн амьдралаа зориуллаа. Миний аав Тогоочийн Уртнасан 1961 онд Завхан аймгаас Монгол Улсын Гавьяат Багш цол хүртсэн. Үүнээс хойш 50 жилийн дараа буюу 2011 онд би Гавьяат Багш цол хүртэж аав хүү гавьяатууд тодорсон түүхтэй. Багшийн алдар гавьяа гайхамшигтай юм. Би анх Их-Уул сумандаа өдөр өнжүүлэх бүлэг сумандаа ажиллуулж, сурагчдаа хооллож “үдийн цай” хөтөлбөрийг анх нэвтрүүлж байлаа. Өөрөөр хэлбэл өнөөгийн өдөр өнжүүлэх, үдийн цай хөтөлбөрийн анхны санааг миний бие гаргаж байсан түүхтэй. Энэ санааг минь 2008 онд Оюуны өмчийн газар баталгаажуулж 48 тоот гэрчилгээг өгч Оюуны өмчийн 3051 тоот Шинэ бүтээл, оновчтой санал патент өгсөн. Энэ гавьяагаараа бахархаж явдаг. Би иэтгэвэртээ гараад 30-аад жил болж байна. Ахмад багш нарын дурсамж уулзалтад тав дахь жилдээ оролцож байна. Бүх багш нартаа баярын халуун мэнд хүргэе! Багшийн алдар гавьяа гэдэг гайхамшигтай зүйл юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *