Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цогзолмаа: Хүүхэд эрүүл, боловсролтой, аюулгүй, ёсзүйтэй байх асуудлыг эрэмбэлж байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан холбогдох яамдаас хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

Хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд цаасан дээр төлөвлөснөөс цаашгүй, хэрэгжилт хангалтгүй байгаа талаар зарим гишүүд шүүмжилж байлаа. Өнгөрсөн онд хүүхдийн эсрэг гэмт хэрэг өмнөх оныхоос өсчээ. Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо буурахгүй байгаад олон нийтийн оролцоог татан оролцуулах хэрэгтэй гэж үзэж байв. “Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжүүлснээр гэмт хэргийн тоо буурах хандлагатай болсон, эрсдлийг бууруулж байна гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга хэллээ. Ерөнхийлөгчийн зүгээс 2019 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарлахаар төлөвлөж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Хүүхдийн асуудлыг хариуцаж байгаа төлөөллүүд салбар хоорондын уялдааг хангаж, эрэмбэлж харах зайлшгүй шаардлага байгаа. Хүүхэд эрүүл, боловсролтой, аюулгүй, ёсзүйтэй байх асуудлыг эрэмбэлж байна. Хий хоосон хайр яриад асуудал шийдэгдэхгүй. Өнөөдөр гэхэд би БСШУСЯ-ны сайдын зөвлөлийн хурлаа хийгээд, ЕБС-иудын эрсдлийн үнэлгээг хийлгэсэн. Асуудал гарахаар араас нь хөөж ажилладаг байж болохгүй. Тиймээс сургуулийн гадаад орчны стандартын асуудлаар шийдвэр гаргаад Стандарт хэмжилзүйн төвд хүргүүллээ. Хүүхдийн төлөө ажилладаг механизм, бүтцээ зөв болгох хэрэгтэй. Бид хүүхдийн гэмт хэргийг ирэх жил 30 хувь бууруулна гэдэг зорилтгүйгээр ажиллах бололцоо байхгүй. Эцэг эхүчүд бидэнтэй хамтарч ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Билэгт:

-Бид хойч ирээдүйгээ ёс суртахуунтай иргэн болгон хүмүүжүүлэхэд алдсан. Монгол улс хөгжих үндэс нь хойч ирээдүйгээ ёс суртахуунтай иргэн болгож төлөвшүүлэх юм. Тиймээс бид Монгол хойч ирээдүйгээ ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө явах ёстой гэлээ.

Ингээд Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Үүнд, хүүхэд хамгаалах үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх, хүүхдийг эрсдлээс хамгаалах зорилгоор ажилтнуудыг илүү цагаар ажиллуулахгүй байх, шаардлагатай үед чөлөө олгодог байх. 2019 оныг Хүүхэд хамгааллын жил болгох, хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах төслийг 2019 онд хэрэгжүүлэх санхүүжилтийг олгох, цагдаагийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хүүхэд хамгааллын ажилд татан оролцуулах, Хүүхдийн төлөө үндэсний төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй контентийг цахим орчинд хаях зэргийг байнгнын хороо тогтоолдоо тусгасан байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *