Categories
мэдээ нийгэм

Ц.Цогзолмаа, А.Ариунзаяа нар хамтарсан тушаалд гарын үсэг зурлаа

Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах хамтарсан тушаалд Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тоон дүн шинжилгээ хийх чадварыг дунд ангиасаа сурч эхэлбэл ирээдүйд өөрийнхөө амьдралд ч дүгнэлт, дүн шинжилгээ хийх аргад суралцах болно. Үүний тулд багш нарт статистикийн мэдлэг олгох гарын авлага бэлтгэх зэргээр боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллахад таатай байна” гэв. Үндэсний статистикийн хорооноос 21 аймаг, нийслэл, дүүргийн сургуулийн ахлах ангийн сурагчдад статистикийн боловсрол олгох сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Мөн 2016 онд АНУ-ын Алабамагийн их сургууль, Йелийн их сургууль, Пенсилвани мужийн их сургуультай хамтран Монголын Их дээд сургуулийн багш нарыг оролцуулсан олон улсын бага хурал зохион байгуулсан. Энэ онд АНУ-ын Алабамагийн Их сургуульд “Инноваци, технологид суурилан статистикийн заах арга зүй болон үйлдлийн шинжилгээ” сэдэвт сургалтад Боловсролын хүрээлэнгийн ажилтнууд, Их дээд сургуулийн багш, судалгааны компанийн төлөөллүүдийг оролцуулсан. Энэ мэт статистикийн хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг боловсролын салбарт цөөнгүй явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *